А.Базаргүр: Төмөр зам намайг волейболтой холбосон

2019-06-13

Б.БАЯРЖАВХЛАН

Гар бөмбөгийн спорт бол ухаанаараа шатрын дараа, хурд хүчээрээ хөнгөн атлетикийн дараа ордог спорт гэдэг.  Энэ залууг Алтанцагийн Базаргүр гэдэг. 23 настай. “Улаанбаатар төмөр зам” компанид цас цэвэрлэгч галт тэрэгний оператораар ажилладаг. Тэрээр ажлынхаа хажуугаар гар бөмбөгийн спортын “Хасу мегастарс” клубын өндрийн довтлогчийн үүргийг гүйцэтгэдэг, спортын дэд мастер цолтой. 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч, шилдэг давуулагч юм. Хоёрхон жилийн дотор сонирхогчоос лигийн тамирчин болж чадсан тэрээр бага байхаасаа л гар бөмбөг тоглодог хүүхэд байжээ. Аав ээж нь их дургүйцдэг, “хичээл номоо хий” гээд тэмцээн уралдаанд явуулах дургүй байсан ч спортоо хаяагүй гэнэ. Энэ талаар “Хүн дуртай юмныхаа төлөө хэнд ч хоригддоггүй юм байна лээ. Сургуулиа төгсөөд ажилд ороод тоглож чадахгүй байх гэж бодож байтал эсэргээрээ төмөр зам намайг гар бөмбөгийн спорттой холбож өгсөн” гэсэн юм. Төмөр замчны ажил бол хариуцлага өндөр байхыг шаарддаг. Энэ ажлын хажуугаар спортоор идэвхтэй хичээллэж байна. А.Базаргүрээс хэрхэн волейболтой холбогдсон түүхийг нь сонирхоход  “Анх Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 25 дугаар зөрлөгийн “Чулуун Завод” гэдэг газар ажилд орж тэндээс л миний спортын гараа эхэлсэн. Тус газар тэмцээн уралдаан их зохиогддог байсан нь спортоо хаяхгүй байх шалтгаан болж өгсөн. “УБТЗ” компанийн спортын “Харх” клубын довтлон тоглогч Базарваань, Буд гээд хоёр ахтай танилцаж, тэд  намайг лигийн тамирчин болтол энэ спортод уруу татаж, их олон тэмцээнд хамт явж, бусдад өөрийгөө таниулахад тусалсан. Хэрэв би төмөр замд ажилд ороогүй байсан бол өнөөдрийн энэ амжилтуудыг гаргахгүй байлаа”  гэв. Түүний хувьд ихэвчлэн ажил ихтэй байдаг учраас спорт уу, ажил уу гэсэн асуулт тулгамддаг үе олон гэнэ. Энэ бүхнийг даван гарч бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийсээр ирсэн нь 23-хан настай энэ залууд олон амжилтыг авчирчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.13  ПҮРЭВ  №120  (6087)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ