ББСБ-ын зээлд хязгаар тогтоосноор далд эдийн засгийг хянах боломжтой

2019-06-13

Ц.БАЯР

Банкнаас  хүссэн зээлээ авч чадаагүй иргэд аргагүйн эрхэнд ломбарднаас өдрийн, долоо хоногийн, сарын өндөр хүүтэй зээл авдаг. Он гарсаар албан бус санхүүгийн байгууллага буюу ломбард, хувь хүнээс хэрэглээний зээл авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрс нэмэгджээ.Энэ нь Төвбанк арилжааны банкны хэрэглээний зээлд дээд хязгаарыг 65-70 хүртэл хувиар тогтоосонтой холбоотой. Энэ оны эхний улиралд Банк бус санхүүгийн байгууллага, хувь хүн буюу ломбарднаас зээл авагчдын тоо 65 хувиар өссөн талаар Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн. Ингэж хязгаар тогтоосноор мөнгө хүүлэлт буюу сүүдрийн эдийн засаг сэргэх магадлал байна гэж зарим эдийн засагч үзэж байна. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлд ямар нэгэн хориг саад, хязгаарлалт тавих тусам сөрөг зүйл дагуулдаг нэг илрэл энэ аж. Сүүлийн үед хотын төв, хөдөлгөөн ихтэй газраар ломбард гэсэн бичгийг хаа сайгүй харах боллоо. Хувь хүний  санхүүгийн хэрэгцээг дор нь шийдэж өгдөг ч алсдаа мөнгө хүүлэх хэлбэр улам даамжрах хандлагатай. Ингэснээр олсон орлогоо сар бүрийн зээлийн өндөр хүүнд төлж өвдөж, амрах эрхгүй амьдралынхаа төлөө зүтгэх энэ цикл зогсолтгүй үргэлжлэх дүр зураг харагдаж байна. Нөгөөтэйгүүр угаасаа 30-40 хувьтай байдаг далд эдийн засаг хүчээ авна гэдгийг зах зээлийн шинжээчид хэлж байна. Тэгвэл үүнийг хэрхэн хянаж зохицуулах тухайд эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.

МУИС-ийн багш доктор, профессор Л.Оюун “Үүнд хяналт тавих боломж байхгүй. Харин ББСБ-ын зээл олголтод хязгаар тогтоох эсвэл Монголбанк тогтоосон хязгаараа цуцлах гэсэн хоёр л зам байна” гэсэн бол эдийн засагч Р.Шинэгэрэл “Хэрэглээний зээлийн хэмжээнд хязгаар тогтооно гэдэг бол механик арга хэмжээ авч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн бус аргаар, захиргааны аргаар шийдвэрлэх гэсэн оролдлого. Иргэдийн хэрэглээний болон ЖДҮ эрхлэгч нарын зээлийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа өнөө үед зээлийн хэмжээнд хязгаар захиргааны аргаар тогтоох нь цаашид далд эдийн засгийг үргэлжлүүлэн дэмжиж байгаатай ялгаагүй. Тиймээс Монголбанк энэ хязгаараа яаралтай цуцлах хэрэгтэй. Монголбанк энэ хязгаараа цуцлахгүй энэ хэвээр байвал мөнгө хүүлэлт нэмэгдсээр байна. Учир нь сая ЖДҮХС-гаас зээл авагчдын зээлийн хэмжээ төсөвлөсөн санхүүжилтээс 10 дахин их байгааг салбарын сайд нь хэлсэн. Тэгэхээр энэ зээл хүсэгчид бусад санхүүгийн эх үүсвэр хайж л таарна. Эсвэл ББСБ-ын  хэрэглээний зээлд хязгаар тогтоож байж далд эдийн засгийг хянах, хумих боломжтой” гэлээ.

Түүнчлэн зээлийн хүүнд хүчээр, захиргааны аргаар хүү тогтоовол далд эдийн засаг хүчээ авна. Угаасаа 30-40 хувьтай байгаа далд эдийн засаг улам нэмэгдэнэ гэв. Ер нь зах зээлийн бус аргаар буюу захиргааны аргаар арга хэмжээ авснаар санхүүгийн зах зээл хөгжихгүй. Улс төр, эдийн засгийн эрсдэлийг бууруулж байж, тогтвортой төр, засагтай улс төрийн болон эдийн засгийн институтуудаа  бэхжүүлж, зах зээлийн тогтвортой байдлыг хадгалснаар энэ зах зээл хөгжинө. Ингэснээр өрхийн, иргэдийн орлого нэмэгдэж, дундаж давхарга бэхжиж, институтууд хөгжинө хэмээлээ. Нөгөөтэйгүүр Банк  бус санхүүгийн байгууллага болон ломбарднаас зээл авагчдын ихэнх нь залуучууд, дээд боловсролтой, хот суурин газрын иргэд байгааг судалгаа харуулсан. Энэ нь хязгаар тогтоосноор  эерэг дүр зугийг харуулж буйг Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа шинжилгээний газрын дарга Б.Лхагвасүрэн хэлж байсан. Энэ тухайд эдийн засагч Р.Шинэгэрэл “Сүүлийн хоёр жилд дотоодын зах зээл дээр 10 орчим компани IPO хийлээ. Мөн краудфандинг, финтек, ICO крипто гэсэн олон шинэ санхүүгийн үйлчилгээнүүдийг залуучууд сонирхож байна. Олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс үйлчилгээ авдаг залуучуудын тоо байнга нэмэгдэж байна. Энэ бол хөрөнгийн зах зээл, санхүүгийн шинэ үйлчилгээнүүд манайд хөгжих боломж их байна гэсэн үг. Иргэдийн санхүүгийн мэдлэг, хандлагыг өөрчлөх өөрөөр хэлбэл, санхүү эдийн засгийн боловсрол олгох нь чухал” гэлээ. Хууль бус далд санхүүгийн сүлжээнд хэдэн зуун тэрбумыг алдсан иргэдийг санхүүгийн боловсролоор дамжуулан зөв тийш нь чиглүүлж чадвал бидэнд их нөөц байгааг ч онцолж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.13  ПҮРЭВ  №120  (6087)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ