Осол болоод 50 хоноход эрүүгийн хэрэг үүсгээгүй

2019-06-12

Ц.БАЯР

Налайх дахь “Эрдэнийн хөгжил” компанийн уурхайд осолдож нас барсан гурван иргэний ар гэр, өмгөөлөгчийн хамт өнөөдөр /2019.06.12/ “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Хэрэг гараад 50 хоноход уг компанид эрүүгийн хэрэг үүсгээгүй. Түүнчлэн хэрэг гарсан уурхайн хэсгийг болон компанийн байрыг битүүмжлээгүй өдий хүрчээ. Энэ нь 2017 онд шинэчилсэн Эрүүгийн тухай хуульд хэргийн газрыг битүүмжлэхийг үгүйсгэсэнтэй агуулга бүхий заалт оруулсантай холбоотой. Битүүмжилж , эрүүгийн хэрэг үүсгэхгүй  удснаас хариуцагч тал хэргийн ул мөрийг баллах, буруутай этгээд хил даван алга болох, нотлох баримт устах, засварлах сөрөг нөлөөлөл үүсч байна. Эрүүгийн хэрэг үүсгэхгүй хугацаа хожих магадлал энэ мэт осолтой холбоотой хэргүүдэд илэрсээр байгаа тухай өмгөөлөгч Ц.Монгол онцолж байна.

“Болсон үйл явдалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулагдсан. Баримт, нотолгоо бүрдүүлснээр 14-21 хоногийн дараа эрүү үүсгэх эсэхэд шийдвэрээ гаргах тухай ярьж байгаа нь энэ хэрэгт хугацаа хожих гэсэн магадлал байна. Ингэж удаашруулсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр өнгөрөөх гээд байна уу гэж хардаж байна” гэж осолд өртөж нас барсан Б-гийн эхнэр Г.Болормаа ярьсан юм. Тэрээр “Энэ ослоор 27, 47, 30 гаруй насны гурван иргэн амиа алдаж, нэг нь хүнд гэмтсэн. Энэ дөрвөн хүний ар гэрт 10 гаруй өнчин хүүхэд, өрх толгойлсон эмэгтэй үлдэж байна. Өрхийн орлогын эх үүсвэрийг олж байсан тэжээгчээ алдсанаас өрхийн орлогогүй болсон. “Эрдэнийн хөгжил” компаниас ар гэрийхнийг нэг ч удаа эргэж ирээгүй. Тусламж дэмжлэг үзүүлээгүй. Миний хань уурхайд насаараа ажилласан. Тус уурхайд ороод гурван сар л ажиллаж байсан. Нийгмийн даатгалын 10 хувийг цалингаас нь суутгасан хэрнээ нэг ч удаа нийгмийн даатгалыг нь төлөөгүй байсан. Энэ компанийг сураглахаар одоогоор хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Цаашид энэ хэрэгт эрүү үүсгэн үнэн зөвөөр нь шалгаж өгөхийг хүсч байна” гэлээ. Өнөөдөр энэ осолтой холбогдуулан шалгахаар цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулсан тухай мэдээлэл авлаа. Өмгөөлөгч хэргийн талаар цагаадгийн газарт албан ёсоор хандахад хүлээж авдаггүй. Мэдээлллийг албан ёсоор өгдөггүй. Энэ нь хууль хяналтын байгууллагынхан  мөнгөтэй хүмүүст үйлчилж байгаа нь өмгөөлөл хийх үеэр ажиглагдаж байна хэмээн ярьж байлаа.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ