Д.Туяа: 400 гаруй хүний амь насыг аварсан байна

2019-06-11

Б.Насанцацрал

Монголын улаан загалмайн нийгэмлэгээс хүмүүнлэгийн үйлсийг манлайлагчдыг алдаршуулах ёслолыг өнөөдөр /06.11/ зохион байгууллаа.  Энэ үеэр  манлайлагч донор Д.Туяатай ярилцлаа.

Та хэдэн оноос хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж эхэлсэн бэ?

-Би 1984 оноос эхлэн хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн.  25 жилийн турш цусны донор хийж байна.  Энэ хугацаанд хүндэт донор, нийслэлийн хүндэт тэмдэг гээд бүхий л  шагналыг авсан даа.

-Анх яагаад цусаа хандивлах болсон юм бэ.  Энэ түүх их сонин байх л даа?

-Тухайн үед хүмүүс нэгдэж, Цусны донорын баг байгуулж байсан.  Энэ талаар  сонсоод шууд оръё гэж шийдсэн.  Хүний амь насыг аврахын  төлөө харамгүй сэтгэлээр халуун цусаа бэлэглэнэ гэдэг бол маш том үйлс юм.  Ийм л сэтгэлээр донорын үйл ажиллагаанд тууштай оролцож, бие сэтгэлээ зориулсан. Хүн 55 хүртлээ цусны донор байж болдог.  Одоо миний  нас  хэтэрсэн ч би хүмүүнлэгийн үйлсдээ үнэнч байна.

– Та олон жил  цусаа хандивласан байна.  Биед тань ямар нэгэн өөрчлөлт гардаг уу?

-Хүмүүс энэ талаар буруу ойлголттой байж мэдэх юм.  Цусаа өгснөөр миний биед ямар нэгэн сөрөг нөлөө гардаггүй. Харин ч цус төлжих нь илүү хурдан болдог.  Зөвлөмжийн дагуу шингэн зүйлээ сайн уухад болно.  Тэгээд ч хүний төлөө гэсэн сэтгэлээр хандаж байгаа болохоор сэтгэл ханамж, дүүрэн байдаг.

-Хүн нэг удаа цус өгөхөд гурван хүний амь аварч байдаг гэдэг. Тэгвэл та өдийг хүртэл нийт хэдэн удаа цусаа хандивласан бэ?

-Би өнгөрсөн хугацаанд 35 литр цус хандивласан байдаг. Өгөх бүрийдээ 400-600 грамм гэхээр ямар ч байсан 400 гаруй хүний амь насыг аварсан байх аа.

Цусны донор хүн юунд анхаарах ёстой байдаг вэ?

-Хүнд цусаа бэлэглэж байгаа учраас өөрийн эрүүл мэндийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тогтмол биеэ үзүүлж, шинжлүүлнэ.  Мөн өөрөө төлөв төвшин, бусдад үлгэр дууриалал болохуйц байх ёстой хэмээн боддог.  Хүний амь нас, хүмүүсийн элэг бүтэн амьдралын төлөөх үйлсэд хүчин зүтгэнэ гэдэг бол маш нэр хүндтэй, асар чухал зүйл. Залуучууддаа хандаж хэлэхэд энэхүү донорын хүндэт үйлсийг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, цус яаралтай хэрэгцээтэй байгаа хэн нэгний амь насыг аврах үйлс хүчин зүтгээрэй.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ