Нэг компанид мах экспортлох эрх олгож буйг эсэргүүцэв

2019-06-11

П.ДОЛГОРСҮРЭН

“Замын-Үүд” боомтоор амьд мал гаргахгүй гэх шийдвэрийг 2016 онд тухайн үеийн Шадар сайд, одоогийн Засгийн тэргүүн У.Хүрэлсүх гаргаж байсан. Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сард энэ шийдвэрээсээ буцаж малыг амьдаар нь экспортлох шийдвэр гаргасан. Шийдвэрийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр сард ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д очиж амьд мал хилээр гаргахгүй гэсэн шийдвэрийг баталгаажуулахаар хэлэлцээрт оролцсон байна. Үүний дагуу Хятадын “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” компанид 5000 тонн мах экспортлох зөвшөөрлийг олгожээ. Энэ нь үндэсний үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргээд зогсохгүй Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө хэмээн үзэж Махны холбоо, МҮХАҮТ, УИХ гишүүн Б.Пүрэвдорж, Хүнсчдийн холбооны махны салбар зөвлөлийн дарга Б.Оюунтуяа, “Монголын арьс шир үйлдвэрлэл” болон “Монголын хүнсчдийн холбоо”-ны удирдлагууд, “Тэнгэр констракшн”, “Өлөн гэдэс экспортлогчдын холбоо”-ны төлөөллүүд өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Энэ тухай Монголын махны холбоо энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж “Амьд мал экспортлохгүй байх тухай” 12 тоот албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Түүнчлэн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” гэх компаниар дамжуулан бүх экспорт хийх эрх олгосныг АТГ-т шалгуулах хүсэлт хүргүүлнэ гэж УИХ гишүүн Б.Пүрэвдорж мэдэгдсэн юм. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана гэдгээ ч онцолж байлаа. Малыг амьдаар нь нэмүү өртөг шингээх боловсруулалт хийлгүйгээр гаргах нь улс орны эдийн засагт хохиролтой. Түүнээс гадна махны үйлдвэрүүд сул зогсч, олон хүн ажилгүй болох, малчид малаа амьдаар нь гаргах сонирхол нэмэгдсэнээр махны үнэ өсч хэрэглэгчдийн амьдрал болон үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн юм. “Тэнгэр констракшн”-ы захирал М.Төмөрбаатар “Төр, засаг санхүүгийн арга бодлогоор дотоодын хэрэглээ, гадаадын экспортын блансыг тэнцвэржүүлж Монголд үйлдвэр баривал бид жилд 70 мянган тонн махыг экспортлох боломжтой” хэмээн ярьж байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ