Анхны чингэлэгт тээвэрлэлтийн автомашиныг  танилцуулав

2019-06-11

А.ЭнхАмгалантуул

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэрлэлт хийх анхны нүүрс тээвэрлэгч чингэлэгт машиныг  ЗТХ-ийн яам өнөөдөр /06.11/ танилцууллаа. Тус автомашиныг төр, хувийн хэвшлийнхэн хамтран оруулж ирсэн байна.

Тус автомашин нь  36.5 метр урттай, чингэлэг  нь 32.5 тоннын багтаамжтай юм. Чиргүүлтэй чингэлгээр нэг удаа 130 тонны ачааг тээвэрлэнэ  гэж тооцоолжээ. Даацын хувьд улсын стандарттай нийцсэн гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэлж байв.   Тухайн автомашинаар тээвэрлэлт хийхдээ хар өнгийн тусгай дугаараар оролцох юм байна.

Түүнчлэн нүүрсний чингэлэгт тээврийг “C” зөвшөөрөл авахгүйгээр цахим бүртгэлээр явуулах талаар БНХАУ-ын талтай ярилцжээ.  Ингэснээр тусгай замын зориулалт гаргаж, хоёр эгнээ замыг цахим бүртгэлд оруулан чингэлэгт тээвэрлэлтээр хийгдэж байгаа нүүрсийг эхний цэгээс эцсийн цэг хүртэл хянах боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд онцолсон.

Чингэлэгт нүүрс тээвэрлэлт хийснээр Тавантолгойн уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог сөрөг нөлөөлөл буурч, нүүрсний жингийн болон чанарын алдагдал багасч, хил нэвтрэх хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтай юм. Монголд 1000 гаруй чингэлэгт машин орж ирэхээс одоогийн байдлаар 30 гаруй нь орж иржээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ