Олон сая долларын үнэ бүхий очир эрдэнэ хулгайлсан “Алроса” компанийн ажилтан эмэгтэйг саатуулжээ

2019-06-11


Д.ЭНХЭЭ

Олон сая долларын үнэ бүхий очир эрдэнэ (алмаз) болон алмас эрдэнэ (бриллиант) хулгайлсан хэргээр “Алроса” компанийн ажилтан эмэгтэй болон түүний хоёр хамсаатныг ОХУ-ын Мөрдөх хороо болон Холбооны аюулгүй байдлын алба саатуулжээ. Энэ тухай Мөрдөх хорооны албан ёсны төлөөлөгч Светлана Петренко өчигдөр  /2019.06.10/-нд мэдээлжээ.

“Мөрдөгчдийн үзэж байгаагаар гэмт хэрэг үйлдсэн бүлэг “Алроса” компаниас хулгайлах ажлыг байнга үйлдэж, дараа нь өндөр чанарын очир эрдэнийн түүхий эдийг хууль бусаар борлуулдаг байсан” хэмээн тэрээр тодруулав.

Бүлэглэлд гурван хүн оролцож, тус тусдаа үүрэг хүлээдэг байсан, тухайлбал, “Алроса” компанийн ажилтан Елена Канунникова үнэт чулуу хулгайлах ажлыг, Владимир Табидзе зуучлагч, харин Владимир Гординский хулгайлсан зүйлийг борлуулах ажлыг хариуцдаг байжээ.

22 сая гаруй рублийн өртөг бүхий үнэт чулууг дахин шинээр хулгайлах гэсэн үйлдэл дээр нь тэднийг зургадугаар сарын 6-нд баривчлан саатуулсныг Петренко өгүүлэв.

Саатуулагдсан хүмүүсийн гэрээс бүхэл бүтэн агуулах дүүрэн үнэт чулуу илрүүлжээ.

“Хоёр мянга гаруй каратын жин бүхий боловсруулаагүй байгалийн 500 очир эрдэнэс, гурван сая гаруй долларын үнэ бүхий 11 алмас эрдэнийг хурааж авсан” хэмээн Мөрдөх хорооны төлөөлөгч тайлбарлав.

Тэндээс мөн бэлнээр хоёр сая гаруй доллар, 500 мянган евро болон дэлхийд нэртэй брендийн өндөр үнэтэй бүтээгдэхүүн, түүний дотор алмас эрдэнээр чимэглэсэн 30 гаруй цаг олджээ.

Сэжигтнүүдийг баривчилж хорьсон байна. “Хулгай”, “Байгалийн үнэт чулууг хууль бусаар борлуулах” гэсэн зүйл ангиар тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

“Алроса” бол дэлхийн 26 хувь, оросын 95 хувийг олборлодог ОХУ-ын томоохон очир эрдэнэ үйлдвэрлэгч юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ