“Рапид Архитектур Констракшн” жил дараалан осол гаргажээ

2019-06-11

Л.ХЭРЛЭН

Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг,  Хангай хотхоны хойно   “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй  Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцны барилгад ажиллаж байгаад унаж  хүнд бэртсэн иргэн Г.Хүрэлсүхийн ар гэрийнхэн  өмгөөлөгч Ц.Монголын  хамт  олон нийтэд хандлаа.

Осол  өнгөрсөн тавдугаар сарын 19-нд гарснаас хойш 20 гаруй хонож байна.  Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдэг ч өнөө хүртэл хохирогчоос болон  ар гэрийнхнээс мэдүүлэг аваагүй. Гэмтлийн зэрэг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байна. Осол, гэмт хэрэг гарсан даруй  Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс  сэрэмжлүүлэг хийдэг. Тэгвэл энэ хэрэг дээр мэдээлэл  хийгээгүй,  мөн тухайн компани нь  Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх ёстой ч үүргээ биелүүлээгүй.Үүнээс харахад   хэргийг бүрхэгдүүлж, дарагдуулж байж болзошгүй. Цаашлаад барилга дээр байнгын осол гарч хүн гэмтэж, нас барж байдаг нь ердийн  үзэгдэл болж, хариуцлага тооцох механизм үйлчлэлгүй улам  газар авч байгаад  сэтгэл зовниж олон нийтэд хандаж байгаагаа тэд хэллээ.

Барилгын тухайд захиалагч болон гүйцэтгэгч компаниуд хөдөлмөрийн эрүүл, аюулгүй байдлын орчныг бүрдүүлэх ёстой. Энэ хуулийн заалтууд зөрчигдсөнөөс барилгын ажил гүйцэтгэж байсан иргэн  Г.Хүрэлсүх өндрөөс унаж, нурууны нугалам  яс бяцарсан, нугасны хальс  гурван см задарсан, төрөлхийн өрөөсөн бөөртэй бөгөөд бөөр нь  няцарч цус хурсан, элэг өөрчлөлттэй, уушги усжсан гэсэн  оноштой хагалгаанд орж, одоо үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал хүнд, хөлийн  мэдрэл саажсан байдалтай байна.Эмчилгээ, хагалгааны зардлын 75 хувь нь  НД-аас төлөгдөж,  үлдсэн 25 хувийг буюу  багахан зардлыг  компанийн зүгээс  төлжээ. Хүү маань  хоёр нялх хүүхэдтэй, гэр бүлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй болсноор цаашид  амьдралаа авч явах баталгаагаа алдаж, урт хугацааны эмчилгээ хийлгэхэд зардал мөнгө хэрэгтэй болж байна. Гэтэл компанийн  зүгээс дэмжлэг тусламж үзүүлнэ гэж худал амлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр  гомдол, шүүмжлэл тавибал эмчилгээний зардал өгөхгүй гэх зохисгүй үйлдлүүд  гаргаж байгаад гомдолтой байгаагаа хохирогчийн  аав С.Гончигдорж, ээж Д.Долгор нар ярилаа.

Барилгын салбарт гарч буй осол ихэвчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөгдөөгүйгээс үүддэг.2018 онд барилгын салбарт нийт 53 осол гарсан. Тэгвэл  Рапид Архитектур Констракшн” компани 2018 онд ХУД-т Эрин Инвестмет ХХК-ийн захиалгатай барилга дээр “Бүтээлч трейд” ХХК-тай хамтран гүйцэтгэл хийж   байгаад мөн  нэг ажилчин нь унаж гэмтсэн мэдээлэл бүртгэгджээ. Байнга осол гаргадаг энэ  компани ямар замаар тендер авдаг, хэний эзэмшил болохыг холбогдох газрууд шалгаж тогтоох биз ээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ