Долоо хоногийн фото тойм

Л.Батдорж

2019-06-09

2019-06- 03  Даваа гариг

Намууд 76 хүн нэр дэвшүүлнэ

Эрх баригч намын бүлэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Энэ талаар  Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ. Иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлж хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болно.

Цаашид гурван өөр сонгуулийг нэг хуулиар хийх нь эрх зүйн хувьд ямар ч боломжгүй юм байна гэдэг том сургамж авсан. Үүнийхээ дагуу ажлын хэсэг ажиллаад, МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, УИХ-ын нь тусдаа хуулиар, орон нутаг, сум, дүүргийн сонгууль нь бас нэг өөр хуулиар явагдах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Тиймээс Сонгуулийн тухай өөрчлөлтүүдийг хийсэн.

Сонгуулийн хуулийг батлахдаа тухайн эрх баригч нар ашигтай байдлаар баталдаг практик байсаар ирсэн. Цаашдаа Монгол Улсын эрх ашиг, ард иргэдэд хэрэгтэй хувилбар нь юу байх вэ гэдгийг ажлын хэсэг ярьсан. Дөрвөн хувилбар гаргаж ярилцсан. Ингээд Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбарыг сонгоод байна.

2019-06-04  Мягмар гариг

Үнээ буулгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцална

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Шатахууны үнийн зөвлөл хуралдлаа. Энэ үеэр ирэх сарын 15-наас шатахууны үнэ буурна гэдгийг АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр  хэллээ.

Тэрээр “Дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурч байгаа учраас АИ-92 бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурна. Дизель түлшний дэлхийн зах зээл дээрх үнэ өсөөгүй байхад үнээ 40 төгрөгөөр нэмсэн компаниудад шаардлага хүргүүлсэн.

Тайлбараа ирүүлэх ёстой. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Брэнт төрлийн газрын тосны үнэ 70-аас 60 ам.доллар болж буурлаа. Дахин буурна гэж таамаглаж байна. Гэхдээ үнийн өөрчлөлт манай зах зээлд 20 орчим хоногийн хоцрогдолтой нөлөөлдөг” гэлээ.

2019-06-05 Лхагва гариг

Цэцийн шийдвэрийг “буцааж”, Г.Баясгаланг дэмжив

Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн  гэж үзсэн. Тэгвэл  уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.   Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

 ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

ҮХЦ-ийн  гишүүнд  Г.Баясгаланг томилохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар дэмжлээ.

 

2019-06-06  Пүрэв гариг

МАХН болон ИЗНН, МҮАН, Эх орончдын нэгдсэн намууд Оюутолгойн гэрээтэй холбогдуулан УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Намуудын байр суурийг хүргэе.

МАХН-ын дарга Н.Энхбаяр: УИХ Оюутолгойн гэрээг засаад тарах хэрэгтэй

-Оюутолгойн гэрээг байгуулахад олон хүн баярласан бол эсрэгээрээ дургүйцэж шүүмжилж байсан цөөхөн хүмүүсийн нэг би. Тэр үед Монголд ажиллаж байсан АНУ-ын Элчин сайд Минтон намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад улс руугаа  явуулсан хэд хэдэн нууц захидалдаа Оюутолгойн гэрээг Ерөнхийлөгч Н.Энхбаяр эсэргүүцэж, 51 хувиас доошгүйг монголчууд эзэмшинэ гэж тулгаад байна. Харин С.Баяр дэмжиж байна гэсэн захидлыг явуулсан байдаг. Надад ямар ч хамааралгүй энэ сайдын захидлаар миний тухайн үед илэрхийлж байсан байр суурийг мэдэж болно.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: УИХ-ын бүрэн эрхэд халдсан

Монгол Улс 14 банк санхүүгийн байгууллагаас 4.3 тэрбум ам.доллар дамжуулан зээлдүүлж авсан. Тухайн үеийн Засгийн газар өмчлөгч этгээд болох УИХ-даа мэдэгдэлгүйгээр бүрэн эрхэд нь халдаж Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж дур мэдэж найман мянга гаруй талбайг хамарсан ордыг барьцаалж дамжуулан зээлдүүлж  авсан нь ноцтой.

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Оюутолгойн гэрээнээс Монгол Улс хэзээ ч ноогдол ашиг авахгүй

– 2038 онд ч  ноогдол ашиг авахгүй. Тэрбум гаруй ам.долларын өртэй байх дүгнэлт гарсан. Бидний тооцож буйгаар Оюутолгойн гэрээнээс Монгол Улс хэзээ ч ноогдол ашиг авахгүй.

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: Үндэсний эв нэгдэлд цав суулгаж байна

-Оюутолгойн гэрээ хэрүүлийн бай болж арван жил Монголын ард түмнийг талцуулж, үндэсний эв нэгдэлд цав суулгаж байна. Үндэсний эрх ашгийг хохироосон, алдагдалтай, тэгш бус гэрээ болсон гэдэгт бүгд санал нэгдэж эхэллээ.

2019-06-07  Баасан гариг

Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна

Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг гишүүдийн олонхи дэмжлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын хооронд дараагийн маргаан дэгдэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ