“Эрүүл мэнд, амь насанд заналхийлж байна”

2019-06-06

Д.ЧИМЭГ

БНХАУ-ын иргэд Монгол хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д иргэд мэдээлэл хийлээ. Иргэн Р.Эрдэнэчимэг “2015 оны наймдугаар сарын сүүлээр аав минь ханиагаад байсан юм. Тэгээд энд нэг сайн эм зардаг хүн байна гээд нэгдүгээр хороололд байх Ү Жүн Хуа гэдэг хятад хүнд үзүүлэхэд хорт хавдар болсон байна. Энэ эмийг уулгавал хорт хавдрын тархалт зогсоно гэж хэлээд 4.4 сая төгрөгийн үнэтэй эмийг санал болгосон. Бид таван хайрцаг эм авчийг уулгасан боловч эдгэх нь битгий хэл бие бүр муудсаар байгаад нас барсан. Энэ хэрэгт бид эрүү үүсгүүлэхээр цагдаад хандсан боловч хоёр прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Тэр эмийг мэргэжлийн хяналтын байцаагч шалгаад Монгол Улсад бүртгэлгүй эм болохыг тогтоосон. Хамгийн ноцтой нь Ү Жүн Хуа гэдэг хүн одоо болтол бүртгэлгүй эмээ зарж байгаа. Үүдэнд нь олон хүмүүс дугаарлаад байж байдаг гэсэн” гэлээ. Ийнхүү манай улсад амьдарч, ажиллаж буй хятадууд үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй талаар хэвлэлийн хурлын үеэр ярьсан юм. Хэвлэлийн хурлын үеэр иргэн Б.Ганхуяг Ү Жүн Хуа гэдэг хүний талаар бас нэг ноцтой мэдээлэл өгөв. Тэрээр “Миний уурхайн лицензийг Ү Жүн Хуа залилж хохироосон. Тэр хүн уурхайд маань хөрөнгө оруулна гэсэн юм. Ингэхийн тулд уурхайн лицензээ миний эхнэрийн нэр дээр шилжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэрнийх нь дагуу би уурхайн лицензээ Ү Жүн Хуагийн эхнэр н.Соёл-Эрдэнийн нэр дээр шилжүүлээд алдаж хохирсон. Миний уурхайн лиценз Хэнтий аймгийн Дадал суманд байрлах жоншны уурхай л даа. Энэ уурхай жилд 5-6 сая ам.долларын цэвэр ашигтай төсөл” гэсэн юм. Тэр ч бүү хэл Ү Жүн Хуа гэгч иргэн Б.Ганхуягийн уурхайн лицензийг аваад зогсохгүй амь насыг нь хохироох захиалгыг 2017 онд н.Наранбаяр гэдэг хүнд өгсөн тухай ярилаа. Тэрээр хэлэхдээ “Тэр хүн нь над руу яриад хоёулаа уулзъя. Чи хятадуудтай муудалцсан юм уу. Надад чамайг ал гэж захиалга өгсөн гэж ярьж байсан. Би энэ асуудлыг шалгуулахаар цагдаад хандсан боловч огт шалгахгүй байгаа. Хятадууд хууль хяналтын байгууллагуудыг хүртэл гартаа атгачихсан байна” гэв. Түүнчлэн манай улсад даварсан дархлагдсан хятад иргэд олширсоор байгааг дуулгасан юм. Тиймээс энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцэх шаардлагатай байгааг хэвлэлийн хуралд оролцогчид онцолж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ