Ерөө суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайг шалгахыг шаардлаа

2019-06-06

Б.ДОЛЖИНЖАВ

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын гурван хүн голд живж, сураггүй алга болсон тухай мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хууль бус уурхай үйл ажиллагаа явуулж байгаа  талаар тус байгууллагын төлөөлөл мэдээлэл хийлээ.

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ нь Төв, Дархан, Сэлэнгэ аймагт иргэдийн мэдээллийн дагуу хууль зөрчсөн байж болзошгүй ААН, компанийн үйл ажиллагаанд энэ сарын 3-5-нд үзлэг хийн ажиллажээ. Энэ үеэр гурван хүн Ерөө голд живсэн аж. Энэ талаар  “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин “ Манай байгууллагын гурван хүн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө голыг гаталж байх үедээ усанд живсэн нь үнэн. Машин бүрэн далд орж бид ачаан дээр нь гарч зогсоход голын ус бүсэлхийгээр татах хэмжээний гүн байсан. Голын эрэг рүү сэлж гарах гэж оролдсон ч ус гүн, урсгал ширүүн байсан учир чадаагүй. Гэхдээ амьд гарч чадсан. Энэ үеэр хувь хүмүүс буюу нинжа нар нөхөн сэргээлт хийгээд өвс ногоо ургачихсан талбайд  нэг эккаватортой ажиллаж байгаатай таарсан. Нутгийн иргэд Бугант тосгоны байгаль орчны улсын байцаагч н.Алтанбагана гэх хүн хахууль өгсөн нинжа нарын үйл ажиллагааг явуулж, өгөөгүй хүмүүсийн тоног төхөөрөмжийг хураан авч, ажиллуулдаггүй гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Тиймээс Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар энэ хүнийг анхааралдаа авч хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж байна” гэж ярилаа.

Харин тус ТББ-ын гишүүн Г.Алтанзаяа “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоноос 13 километрийн зайд Монгол Хятадын хамтарсан уурхай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Тодруулбал, Дуламханд захиралтай тус уурхайд биднийг очиход зургаан Хятад хүн, гурван экскаватор, нэг ковш, усан буу зэрэг техниктэй ажиллаж, алт угаасан усаа Ерөө голтой нийлдэг Угтаал гол руу шууд цутгаж байсан. Иймээс Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-т өнөөдөр энэ хурлаар дамжуулан мэдээлэл өгч байна. Энэ хэргийг яаралтай шалгаж, арга хэмжээ авахыг хүсч байна” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ