“Анхан шатны эрүүл мэндийн төвөө дэмжих нь эрүүл мэндийн салбарын цөм юм”

2019-06-06

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг энэ жил “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг онцлох жил” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Энэ нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүн бүрт хэрэгцээт эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хаана байгаагаас нь үл хамааран санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр хүртэх боломжийг бий болгох явдал юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлгийн холбоо, НҮБ-ын Хүн амын сан, Төрийн бус байгууллагууд хамтран “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхан шатны эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлж байж тухайн улс эрүүл мэндийн салбарынхаа асуудлыг шийднэ гэдэг зөвлөмжийг өгсөн. Анхан шатны эрүүл мэндийн төвөө дэмжих нь эрүүл мэндийн салбарын цөм юм. Нэн тэргүүнд өрхийн эрүүл мэндийн  төвийн үйлчилгээний  нэг хүнд ногдуулах үнийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна. 2016 онд нэг хүнд ногдох үнэ 14600 байсан бол өнөөдөр 20 мянган төгрөгт хүрсэн. Ирэх онд 25 мянга болгож нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Энэ онд 10 орчим анхан шатны эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Өнөөдөр улсын хэмжээнд 218 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байгаа. Дүүрэг, хороодын эрүүл мэндийн төвийн дарга, эмч, ажилтнуудын хүрэлцээ, цалин хангамж дутмаг, эрүүл мэндийн төвийн байрны багтаамж муу байгаа талаар хэлэлцлээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XXVI хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ё.Сугарбаяр “Өрхийн эрүүл мэндийн төсөв хэнийг ч орхигдуулахгүй үйлчилгээ үзүүлэхэд хангалтгүй байна. Харин цалин хангалтгүй учраас эмч нар ажлын байрандаа тогтвортой ажилладаггүй. Шинээр төгсч ирж байгаа боловсон хүчний ур чадварыг сургалтаар сайжруулах асуудал өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж байна. Манайд 12 их эмч ажиллах ёстой байтал долоон их эмчтэй буюу дөрвөн эмч, найман сувилагчийн дутагдалтай ажиллаж байна. Нөхөн сэргээх тасгийн эмчээ эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр цалинжуулж байна” гэж ярилаа. Нэг эмчид 1500-2000 хүн ногдох ёстой. Гэтэл Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв дээр 17-24 мянган хүн байна. Ингэхээр нэг эмчид ногдох ачаалал нэмэгдэнэ. Эмнэлгүүдийн ачаалал их учир эмч нар тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаа аж. Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн төвүүд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авах боломжтой болжээ. Өнөөдрийн байдлаар 80 өрхийн эрүүл мэндийн төв магадлан итгэмжлэгдсэн байна.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийг хувийн эсвэл төрийн байгууллага гэж үзэх эсэх талаар хөндөгдлөө. Энэ талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр ”Нийслэлд 134 өрхийн эрүүл мэндийн төв найман салбартайгаар анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн төв анхан шатны тусламж, үйлчилгээг гэрээгээр үзүүлдэг байгууллага учраас бүрэн бус хариуцлагатай нөхөрлөл гэж явдаг. Энэ статусынх нь асуудлыг шийдэх хэрэгтэй. Мөн өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, үзүүлж байгаа үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, алслагдсан цэгт байгаа хүмүүсийг орхилгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байна” гэсэн юм. Нэг сайн мэдээ нь бүх нийтийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулахын тулд Мобайл технологийг ашиглаж эхэлсэн явдал байв. Энэ технологийг хэрэгжүүлснээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдэд гэрт нь очиж үйлчилж эрт үед нь оношилж, эмчлэх боломжтой болжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт бага,  боловсон хүчин дутмаг, эмч нарыг чадавхижуулж цалинг нь нэмж тогтвортой ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх шаардлага үүссэн тухай хуралд оролцогчид ярьж энэ асуудлуудыг шийдэхэд салбарын яам анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.6  пүрэв  №115  (6082)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ