Монголын театрын амьд түүх болсон найруулагч Б.Мушгиа

2019-06-05

М.БАТ-ЭРДЭНЭ

Монголын эрдэнэсийг бэлтгэдэг гэх тодотгол бүхий Соёл, урлагийн их сургуулиас Монголын соёл, урлагийн салбарын манлайлагчид төрөн гарч, одоо тэд өөрсдийн залгамж халаагаа бэлтгэж байна. СУИС-ийн Театрын урлагийн сургууль үе үеийн ахмад найруулагч, жүжигчдээ хүлээн авч уулзан тэдний туулж өнгөрүүлсэн амьдрал, алдаа онооноос суралцах боломжийг оюутнууддаа олгодог билээ. Энэ удаа Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мушгиа гуайтай хийх уулзалтыг өчигдөр сургуулийнхаа “Оюутан театр-т зохион байгууллаа. Уулзалтад ардын   жүжигчин С.Сарантуяа, ардын жүжигчин Л.Цогзолмаа, ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж, УДЭТ-ын уран сайхны удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг гэсэн Монголын театрын урлагийн амьд домог болсон хүмүүс ирсэн юм.

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн профессорын багийн тэргүүн, доктор, профессор Н.Ганхуяг “Ахмад үеийнхээ бүтээл туурвил, арга туршлагаас судлах, суралцах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нь манай сургуулийн нэг бодлого юм. Залуучууд өнгөрсөн түүхээ мэдэхгүйгээр ирээдүй рүү хандах боломжгүй. Хүн урагшаа явахын хэрээр гишгэсэн мөрөө сайн харах хэрэгтэй гэдгийг шинэ үеийн залуучууд ойлгож байх ёстой. Тиймээс энэ уулзалт маш үнэ цэнэтэй. Б.Мушгиа гуай бол социализмын хатуу үед хөрөнгөтөн орны амьдралыг харуулсан жүжиг, бүтээлүүдээсээ болоод намын шийтгэл хүртэж байсан ч бууж өгөөгүй, улам хурцлагдаж цааш явсан хүн” гэж ярилаа.

Найруулагч Б.Мушгиа 1957-1961 онд МУИС-ийн найруулагчийн ангийг төгсөөд Монголын театртай хувь заяагаа холбожээ. Тэрээр 1947 онд жүжигчнээр, 1961 онд найруулагчаар төгсөж, 1963-1965 онд УДЭТ-д ажилласан байна. Мөн Монголын хүүхэлдэйн театрыг анх байгуулагдахад даргаар нь ажиллаж байжээ. Б.Мушгиа найруулагч өөрийн уран бүтээл, ажил, амьдралын талаар сэтгэлд хоногшсон дурсамжуудаа хуваалцлаа. Тэрээр “Хориотой жүжиг” миний сэтгэлийг их гижигдсэн. Засгийн хийж байгаа ажлын шим нь ард иргэдэд биш өөр зүг рүү чиглээд байх шиг санагдсан. Тэгээд энэ асуудлыг хөндсөн жүжиг тайзан дээр гарахгүй байгаад гайхсан. Ийм л асуудал дээр театр дуугарах ёстой. Болж өгвөл хүн оролдоогүй сэдэв, нийгмийн чухал хэрэгцээтэй зүйлийг найруулагч хөндөж бүтээл туурвих ёстой гэж боддог” гэсэн юм. “Яндангийн дуу”, Ч.Лодойдамба “Хайрыг хайрла” жүжиг, “Алтан загасны үлгэр” жүжгийг шинэ хэв маягтайгаар найруулан тавьж байсан талаар СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхимийн багш Ж.Болор-Эрдэнэ найруулагч Б.Мушгиагийн уран бүтээлийн онцлог сэдвээр илтгэл тавихдаа хэлсэн юм. Мөн Б.Мушгиа гуай дэлхийд алдартай бүтээл болох А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг” жүжгийг 45 хоногт багтаан найруулсан байна. Энэ талаар тэрээр “Нэг орос хүнтэй таараад манай Монголд “Интоорын цэцэрлэг“ жүжгийг 45 хоногт найруулж тоглосон гэсэн чинь “Юу гэнээ хамгийн багадаа хагас жил найруулдаг жүжиг. Тэр чинь ямар зоригтой найруулагч вэ гэж хэлсэн” хэмээн дурсав.

Түүнтэй хамт МУИС-ийн найруулагчийн ангид суралцаж байсан ардын жүжигчин Л.Цогзолмаа “Хар нүдэн Мушгиа гэдэг байсан юм.  Манай Мушгиа сайн жүжигчин, сайн найруулагчаас гадна сайн зохион байгуулагч, удирдагч хүн. Залуу байхаасаа театрт жүжигчнээр ажилласан. Түргэн хөдөлгөөнтэй, түргэн сэтгэдэг аливаад тууштай хүн” гэлээ. Харин түүний охин ардын жүжигчин Н.Сувд “Сайхан уулзалт болж байна. Энд өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван үеийн багш, найруулагчид цугласанд би баяртай байна. Найруулагч Б.Мушгиагаас сурах зүйл, туршлага, мэдлэг, чадвар их бий. Миний мэдэхийн оюутан байхдаа ийм хөдөлгөөнтэй, идэвхтэй, шинийг сурах гэсэн эрмэлзэлтэй, хүн байсан” гэсэн юм.

Харин Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж түүний талаар “Өнөөдөр 90 настай энэ хүн бидний дунд байна гэдэг бол амьд түүх. Монголын театр XX зууны 1930-аад онд үүссэн бол Б.Мушгиа гуай 1940-өөд оны сүүл үеэс энэ театртай хувь заяагаа холбосон. Тэр үед бидний алтан үеийнхэн гэж ярьдаг Л.Ванган, С.Гэндэн, Э.Оюун нар ажиллаж байсан. Тэдний дараагийн үе болж, заасан сургасныг нь хүртэж, өөрийн амьдралыг Монголын театрын урлагт зориулсан хүн. Хот, хөдөөгүй ажиллаж, амьдарч явсан энэ хүний дурсамж, амьдралын утга учир бол бидэнд том сурах бичиг болно. Хөдөө орон нутагт соёлын үрийг тарьж явсан аймгийн соёлын ордныг театр хүртэл нь өргөжүүлсэн түүх бол гайхалтай. Дэлхийн хүн төрөлхтний оюуны соёлтой хөл нийлүүлэхийн төлөө өөрийн амьдралаа зориулсан хүн юм” гэж ярив. Энэ уулзалтаас Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мушгиа бол эзэмшсэн мэргэжилдээ хайртай, энэ мэргэжлийнхээ төлөө бүх амьдралаа зориулсан. Нийгмийн хүнд хэцүү цаг үед ч хэний ч хөндөөгүй сэдвийг зоригтойгоор хөндөж бүтээлээ туурвиж Монголын түүхэнд тодоор бичигдэх ёстой найруулагч хэмээн бодогдсон юм. Найруулагч хүн хэн нэгнийг дуурайхгүй, хуулахгүй өөрийн үзэл бодолтой, тэр үзэл бодолдоо үнэнч байх ёстой гэдгийг ойлгуулсан үр дүнтэй уулзалт боллоо.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ