Монголын кино урлаг дэлхийд гарах үүд нээгдлээ

2019-06-02

Б.ДОЛЖИНЖАВ

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн хэмжээний томоохон кино төслүүдийг татаж, Монголд кино зураг авалтыг нь хийлгэх алсын хараатай Монголын үндэсний кино хорооны албан ёсны нээлт өнгөрсөн сарын 31-нд Шангрила зочид буудалд боллоо. Байгуулагдаад хоёр жил болж буй уг хорооны нээлтэд кино урлагийн салбарт ажилладаг, энэ салбарыг дэмждэг, хайрладаг монгол болон гадаадын олон зочид ирж салбарынхаа алдаа оноог хэлэлцэж, ирээдүйн чиг хандлагын талаар ярилцаж нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөсөн юм. Монголын үндэсний кино хороо нь 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр дэлхийн олон улсын 300 гаруй кино хороодыг нэгтгэсэн “Association of Film Commissioners International” /AFCI/ буюу Олон улсын кино хороодын ассоциацийн албан ёсны гишүүн болсон.Тус байгууллагад элссэнээр Холливудын тэргүүлэх кино компаниудтай шууд харилцаж, тэдэнд Монголд кино зураг авалт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжлийн баг, жүжигчдийн талаарх мэдээллийг хүргэх боломжтой болжээ. Тухайлбал Холливудын тэргүүлэх Холливуд Репортер /Hollywood Reporter/ болон Вэрайэти /Variety/ сонин, сэтгүүлтэй шууд харилцаа холбоо тогтоосны үндсэн дээр Монголын кино урлагийн салбарын мэдээллийг байнга өгч, дэлхий дахинд хүргэх боломжтой болсон байна.

 

М.Оргил: Кино компани, хэвлэлийн байгууллагуудтай холбоо тогтоосон

-Монголын үндэсний кино хорооны тэргүүн М.Оргил “Олон улсын кино хороодын ассоциацийн албан ёсны гишүүн болж кино компани, хэвлэлийн байгууллагуудтай холбоо тогтоочихсон учраас албан ёсоор нээлтээ хийлээ . Олон улсын томоохон кино төсөл, хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж, дэлхийн кино урлагийн салбараас дотоодын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэх нь манай хорооны гол зорилго.  Мөн кино урлагаар дамжуулан Монголынхоо өв соёл, ёс заншил, түүхийг дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлал, эдийн засаг, гадаад харилцааны салбарыг хөгжүүлэх, кино урлагийн салбарын хууль эрх  зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, олон улсын жишиг кино үйлдвэр байгуулах гэх мэт олон зорилгыг тавин ажиллаж байна” гэж ярьсан юм.

 

М.П.Сингх: Дэлхийд гайхагдсан кино сонирхогчдын зураг авдаг газар болох байх

 

-Нээлтэд гадаадын олон хүн ирсэн байлаа. Тэдгээрээс  Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх  манай улсын кино урлагийн салбарын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр “Монгол бол  эртний сайхан түүх, давтагдашгүй соёл, хаана ч байхгүй өвөрмөц тогтоцтой байгаль, үзэсгэлэнт газруудтай орон. Монголын үндэсний кино хороо байгуулагдсанаар киногоор дамжуулаад Монгол Улсыг сурталчлах боломж нээгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Дэлхийд гайхагдсан кино сонирхогчдын ирж зураг авдаг газар болох байх гэдэгт итгэж байна” гэж ярилаа. Энэтхэгт жилд 1600 гаруй кино хийдэг аж.

Нээлтийн үйл ажиллагааны  урлагийн үзүүлбэрүүд ч эх орныхоо давтагдашгүй язгуур урлагийг сурталчилах өнгө аястай байсан нь сайшаалтай. Уртын дуу, морин хуурын тоглолт, “Хөсөгтөн” хамтлагийнхан ирж уран бүтээлийн дээжээсээ хүргэсэн нь тэнд ирсэн гадаад, дотоодын зочдын сэтгэлийг догдлуулж, Монголчуудаар бахархах сэтгэлийг төрүүлсэн биз. Завсарлагааны цагаар зочид кино урлагийн салбарынхаа талаар хоорондоо хэлэлцэж цагийг үр дүнтэй сайхан өнгөрөөв. Бид  жүжигчин, продюсер Г.Ундармаагийн үүсгэн байгуулсан “U film” продакшны менежер н.Цолмон, “Чингис хаан” анимейшн” кино багийн гишүүн н.Янжмаа нартай нэг ширээнд сууж хэсэг ярилцлаа. “U film” продакшны хувьд “Single ladies” киноныхоо IV ангийг хийх гэж байгаа гэсэн шинэ , сонирхолтой мэдээг дуулгав. Тэд киноныхоо шинэ ангийг эртний түүхээс сэдэвлэж хийж буй учир судалгаа их шаардагдаж байгаа талаар ч  Цолмон ярьж байлаа. Монголчууд анх удаа Их эзэн Чингис хааныхаа тухай бүтэн хэмжээний анимейшн киног дэлхийн стандартад нийцүүлэн бүтээсэн.  Бүтээлийнхээ талаар тус багийн гишүүн н. Янжмаа “Монголын нууц товчооноос” сэдэвлэсэн энэ бүтээлд гадаад дотоодын олон анимейшний мэргэжилтэн хамтран ажилласан. Хоёр жилийн судалгаа шинжилгээний дүнд байгалийн бүрэн зураглалыг гаргаж дэлхийд алдартай “Walt Disney” компанийн формат чанарт бүрэн нийцсэн анимэйшн юм. Бид одоо арай өөр шинэлэг хэв маягтай анимейшн хийхээр ажиллаж байгаа” гэж  ярьсан юм. Энэ мэт хүмүүс хэд хэдээрээ цуглан кино урлагийн салбарынхаа талаар мэдээлэл солилцож, Монголын кино урлаг дэлхийн тавцанд гарах цаг нь болсон гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрснөөр нээлтийн үйл ажиллагаа дууссан юм.

Монголын үндэсний кино хороо олон ажил хийхээр төлөвлөжээ.Тухайлбал, УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан Киноны урлагийг дэмжих тухай хуульд Монгол болон Монголын оролцоотой үйлдвэрлэсэн кино, Монголын кино уран бүтээлчдийг дэмжих зорилгоор олгох татаас, гаднаас кино төсөл, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор татварын хөнгөлөлтийн зохицуулалтыг тусгуулахаар зорин ажиллаж байгаа аж. Кино, кино уран бүтээлчид, кино продакшн, кино зураг авалт хийх байршил, тоног төхөөрөмж зэрэг кино үйлдвэрлэлийн дэд бүтцэд хамаарах улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сан үүсгэхээр ажиллаж байгаа тухайгаа дуулгаж уг ажилд кино салбарынхантайгаа нээлттэй, хамтран ажиллана гэдгээ нээлтийн үеэр тэргүүн М.Оргил хэлсэн. Мөн Олон улсын жишигт нийцсэн Монголын хамгийн анхны кино үйлдвэрийн төслийг боловсруулж дууссан бөгөөд Монголын болон олон улстай хамтарсан уран сайхны, баримтат кино, контентийн төслүүдийг эхлүүлээд ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ