“Урт наслахад нь хүнд өөх тос хэрэгтэй”

2019-05-31

-Эйнштейний коллежийн эрдэмтэн Нир Барзилай хөгшрөлтийг хэрхэн ялан дийлэх талаар өгүүлэв-

“Комсомольская правда” сонины сурвалжлагч АННА ДОБРЮХА хөгшрөлтийн эсрэг эмийг дэлхийд анх удаа клиник туршилтад хэрэглэх зөвшөөрөл авсан судлаачтай уулзжээ.
Альберт Эйнштейний анагаах ухааны коллежийн хөгшрөлт судлах хүрээлэнгийн захирал, доктор Нир Барзилай (Нью-Йорк). Тэрээр мөн анагаах ухаан, генетикийн салбарын профессор, дотоод шүүрлийн эмч. Өөрөөр хэлбэл, нэг талаас, бидний бие организмын бүтэц, зохион байгуулалтыг маш нэвтэрхий сайн мэдэж, эмийн үйлчилгээний нарийн учир шалтгааныг ойлгодог хүн гэсэн үг. Нөгөө талаас, профессор Барзилай бол эрдэмтэн, судлаач, амьдралыг уртасгах асуудлыг судалдаг дэлхийн хэмжээний сонгодогуудын нэгэн. Хөгшрөлт, урт наслалтын генетикийн асуудлаар 2014 онд Сочид болсон олон улсын бага хурлын үеэр бид анх нүүр тулж уулзсан. Харин одоо, яг таван жилийн дараа, Берлинд болж байгаа “Undoing Aging” (хөгшрөлтийг өөрчлөх-отменить старение, англ.) сэдэвт томоохон бага хурлын үеэр бас дахин учирлаа. Дэлхийн бүхий л газар орноос 500 гаруй хүн оролцож байгаа энэ конгрессийг хөгшрөлттэй тэмцэх судалгааг дэмжих олон улсын сангууд  /Research Foundation,  Forever Healthy Foundation/ зохион байгуулсан юм.

-Шинжлэх ухааны хувьд таван жил гэдэг бол, магадгүй, урт хугацаа биш байх, гэхдээ амьдралыг уртасгах салбарт эдгээр он жилүүдэд ямар өөрчлөлт гарсан бол?

-Өөрчлөлт гарсан, тэгэхдээ ямар өөрчлөлт гэж санана. Би урьд нь хөгшрөлтийн талаар зөвхөн нухацтай судалгаанууд л бий болно, тэгээд хэзээ нэгэн цагт практикт хэрэглэх оролдлогууд эхэлнэ дээ гэж итгэж найддаг байсан. Харин одоо бол шинжлэх ухааны нээлтүүдийг амьдралд нэвтрүүлэх тухай яриа нэгэнт болж өрнөж байна. Бид клиникийн бүрэн дүүрэн туршилт явуулахаар бэлтгэж байна. Гэхдээ гол асуудал шийдвэрлэгдэлгүй хадгалагдаж үлдсэн хэвээрээ байгаад миний болон бусад олон эрдэмтний урам хугарч байна. Урьдын адил, хөгшрөлтөөс сэргийлэх асуудлыг одоо хүртэл төрийн төвшинд онилох ёстой бай гэж хүлээн зөвшөөрөхгүй л байна.

-Үнэн хэрэгтээ хөгшрөлтийг удаашруулж, сэргийлж болно, түүний дотор тусгай эм бэлдмэлийн тусламжтайгаар гэдгийг та нотлохыг хүсч байгаа юм уу?

-Тийм ээ. Одоо хөгшрөлт бол хорд хавдар, чихрийн шижин, зүрх-судас, Альцгеймер, Паркинсоны өвчин зэрэг харьцангуй аюултай өвчний хувьд эрсдлийн гол хүчин зүйл болж байгаа нь хангалттай хэмжээгээр нэгэнт тодорхой болсон. Нас ахих тусам эдгээр өвчин хүнийг бөөндөө дарамтлах болж байна. Өөрөөр хэлбэл, хөгшрөлт тэдгээр өвчнийг эхлүүлж, цаашид даамжрах дэвсгэр суурь нь болж байна. Хэрвээ бид хөгшрөлтийг удаашруулбал зөвхөн хорт хавдар, эсвэл зөнөх өвчнийг биш бүх л насны өвчлөлийг эмчлэх талаар дэвшилд хүрнэ.

Доктор Нир Барзилай – Альберт Эйнштейний анагаах ухааны коллежийн хөгшрөлт судлах хүрээлэнгийн захирал. Гэрэл зургийг: Елена Милова

 

FDA-ИЙН ДЭМЖЛЭГИЙГ ХЭРХЭН АВАХ ВЭ

 

-Хөгшрөлтийн эсрэг эмийн клиникийн судалгааг дэлхийд анх удаа та эхлүүлж байгаа тухай гадаадын олон нийтийн мэдээллийн олон хэрэгсэл бичиж байна. Үүний тулд дэлхийн хамгийн хатуу чанд хяналт шалгалтын байгууллага – FDA (Food and drug administration, Управление по санитарному надзору за качеством пищевых продуктов и медикаментов, – Эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүний чанарт эрүүл ахуйн хяналт тавих газар, АНУ) – ийн дэмжлэгийг авсан гэж байна.
-Судалгааны зорилго, арга зүйг бид FDA – тэй зөвшилцсөн. Судалгаа амжилттай болж дуусвал, үр дүн нь албан ёсоор батлагдана.
-Хөгшрөлт бол сэргийлэх үйл ажиллагааны онилох ёстой гол бай гэдгийг албан ёсоор хараахан хүлээн зөвшөөрөөгүй юм бол та туршилтын зорилгоо хэрхэн томьёолсон юм бэ?
-Наснаас шалтгаалдаг тодорхой өвчнийг устгах явдал бол бидний зорилт юмаа гэдгийг бид FDA-д өргөн мэдүүлсэн. Тодорхой эм бэлдмэлийг хэрэглэснээр зүрх-судасны өвчин, танин мэдэхүйн саатал, Альцгеймерийн өвчин, хорт хавдар, чихрийн шижин, нас баралт энэ бүхэн бүхэлдээ мэдэгдэхүйц буурдаг гэдгийг клиник судалгаа нотлох ёстой. Гэхдээ FDA бидэнд жагсаалтад чихрийн шижин өвчнийг яагаад ч юм бэ оруулсны хэрэггүй гэсэн (бусдыг нь бүгдийг оруулсан). Миний хувьд хачирхалтай л санагдсан. Чихрийн шижнээр өвдсөн хүмүүсийн ойролцоогоор 40 орчим хувь нь 10 жилийн дотор хүндэрч байна. Түүнээс сэргийлэх явдал бодит байдал дээр маш чухал.
Клиник судалгаанд 65 – 80 насны 3 мянган хүн оролцоно. Эрүүл мэндийн 14 төвд тэд ажиглалтанд байна. Судалгаа 6 жил үргэлжилнэ гэж эхэндээ бид төлөвлөж байсан. Хэрвээ мэдэгдэхүйц үр дүн хурдан гарвал үүнээс бага хугацаа зарцуулж ч магадгүй.
-Гараа хэзээ эхлэх вэ?
-Энэ бол санхүүжилтээс хамаарна. Ийм төрлийн бүрэн дүүрэн судалгаа хийхэд 40-50 сая доллар шаардлагатай. Одоо бидэнд зөвхөн нэг жилийн хөрөнгө мөнгө л байна. Яваандаа туршилт зогсож магадгүй учраас одоогоор бид үйлчлүүлэгчдээ элсүүлж аваагүй байна. Одоохондоо бид санхүүжилтээ зохицуулахаар ажиллаж байна.

 

ЭНГИЙН СОНГОЛТ

 

-Клиникийн туршилтдаа чухам ямар эмийг та сонгосон бэ гэдэг нь хөгшрөлт, амьдралыг уртасгах эрдэм шинжилгээний судалгаатай танилцаж амжаагүй олон хүнийг гайхшийг төрүүлэх байх. Энэ бол ямар нэгэн шинэ зүйл биш, харин чихрийн шинжнээр өвдсөн хүмүүсийг эмчилдэг нийтээр сайн мэдэх хямд эм шүү дээ.
-Тийм ээ, энэ бол метформин (ОХУ- жороор олгодог. зохиогч). Туршилтын амьтад дээр энэ эм маш сайн үр дүн харуулсан. Тэдгээр амьтан эрүүл, бас урт хугацааны турш амьдарсан. Амьдралын үргэлжлэх хугацаа долоон хувиар дээшилсэн бол амьдралын эрүүл байх хугацаа 30-50 хувь өссөн. Өөрөөр хэлбэл бид үйлчлүүлэгчдийнхээ чухам эрүүл байх хугацааг нь уртасгахыг хүсч байгаа юм. Хүнийг тамир тэнхээгүй биш, өвчилдөггүй байлгахын тулд. Өвчлөлийг бууруулснаар гарах хавсарга үр дүн нь буюу бонус нь амьдралыг уртасгах явдал.
Метформин хэрэглэж байгаа чихрийн шижинтэй өвчтөний нас баралт одоо чихрийн шижингүй хүмүүсийг бодвол дунджаар 17 хувь байна. Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн нэлээд нь илүүдэл жинтэй боловч, гэхдээ нас баралт мэдэгдэхүйц бага байдгийг онцолж тэмдэглэе. Энэ бүхэн бидэнд хэрвээ тэр хүмүүс чихрийн шижингүй, өөрөөр хэлбэл, бид эрүүл хүмүүст метформин өгвөл нас баралт 17 хувиар багасч болох юм гэсэн санаа бидэнд төрүүлсэн юм.
Мөн түүнчлэн метформин хэрэглэдэг үйлчлүүлэгчид хорт хавдраар өвчлөх тохиолдол бага байдаг тухай судалгаа бий. Үүнийг бид дараах байдлаар тайлбарладаг юм. Хорт хавдрын төрөл бүхэнд нийтлэг шинж байдаг нь тэдгээрийн ихэнх нь нас ахих тусам илүү хурдан өсч үрждэг. Чухамдаа хөгшрөлтийг арилгахад чиглэдэгээрээ метформин төрөл бүрийн хорт хавраас сэргийлэх хэрэгсэл болдог.

 

РЕДАКЦИЙН САНАМЖ

 

Эмгэг үзүүлэлтгүй (чихрийн шижнээр өвчилсэнтэй адил) эрүүл хүмүүст метформин ашиг тустай гэдэг нь нотлогдоогүй, холбогдох судалгааны үр дүн одоогоор байхгүй. Тийм учраас профессор Барзилай болон бусад эмч нар хөгшрөхөөс сэргийлэх нэрийдлээр өөрийгөө эрсдэлд оруулж энэ эмийг дур мэдэн хэрэглэхийн эсрэг хатуу байр суурь баримталж байгаа билээ.

 

ӨНДӨР НАСЛАГЧИД ЯАГААД АРХИ УУЖ, ЧИХЭРЛЭГ АМТТАН ИДДЭГ ЮМ БОЛ

 

Профессор Нир Барзилай өөрийн багийн хамт өндөр наслагчдын генетик болон бусад онцлогийг судлах эрдэм шинжилгээний судалгааг саяхан дуусгажээ.

-Генетик бол хөгшрөлт, амьдралыг уртасгахад тийм ч их том үүрэг гүйцэтгэдэггүй, дээд тал нь 25 – 30 хувь гэдгийг эрдэмтэд байнга ярьдаг. Жирийн хүмүүсийг ажиглаж байхад ээж нь наснаасаа залуу харагддаг бол охид нь ч бас мөн л тийм байдаг. Та өндөр насалсан олон үеийнхэн болон гэр бүлийг судалсан хүн, таны бодлоор генетик ямар ач холбогдолтой юм бол?
-Үнэндээ тоолоход маш хэцүү. Энгийн жишээ дурдая. Миний өвөө, дашрамд дурдахад орос хүн байсан, 68 насандаа шигдээс болсон. Тэр нас барсан. Миний аав мөн л 68- тайдаа шигдээс болсон, тэгэхдээ мэс засал хийсэн. Аав маань 84 насандаа өөд болсон. Өөрөөр хэлбэл хавьгүй урт насалсан гэсэн үг. Генетикийн хувьд адил төстэй зүйл олон байсан. Амьдралын үргэлжлэх хугацаанд генетикийн гүйцэтгэх үүргийн тухай ярихад гол төлөв эцэг эх, үр хүүхдийн амьдралын хугацааг харьцуулдаг. Гэхдээ амьдрал дээр өөр маш олон хүчин зүйл байдаг болохоор ийм харьцуулалт ихэвчлэн олигтой үр дүнд хүргэдэггүй. Тэдгээр хүчин зүйлийн нэг нь анагаах ухааны хөгжил.
Генетик бол хүрээлэн буй орчин, хүний амьдралын хэв маягтай харилцан үйлчилдэг. Удамшил дунджаар 20 хувийн хувь нэмэр оруулдаг гэж хэлж болох байх. Гэхдээ! 90, түүнээс дээш насалдаг жинхэнэ өндөр наслагчдын тухай ярихаар бол генетик харин тэргүүн байранд үүрэг гүйцэтгэдэг нь нотлогдсон. Үе дамжсан өндөр наслагчдын хувьд урт наслалтын 80 хувийг генетик, амьдралын хэв маяг, анагаах ухааны ололт зэргийг оруулаад хүрээлэн буй орчин 20 хувь гүйцэтгэдэг гэж би хэлнэ.
-Чухам ийм учраас өндөр насалдаг хүмүүс чихэрлэг амттан идэж, бор дарс хэрэглэж, түүгээр ч барахгүй зарим нь тамхи татдаг ч гэсэн ямар ч хүнд өвчин тусалгүйгээр 90 насны босгыг давдаг тухай бид олонтоо сонсдог байх нь ээ?
-Яг тийм л болж таарах байх. Тэднийг генетик хамгаалж байгаа юм. Харин бусад хүмүүс 60 насандаа шигдээсээр нас барж, чихрийн шижнээр хөгжлийн бэрхшээлтэй болохгүйн тулд амьдралын эрүүл хэв маягийг сахиж мөрдөх хэрэгтэй.

 

ГЭНЭТИЙН ЭРГЭЛТ

 

Өндөр наслагчдын бие организмаас гений “тааламжгүй” хувилбарыг илрүүлсэн явдал судлаачдын хувьд гэнэтийн бэлэг (сюрприз) болжээ. Өөрөөр хэлбэл, аюулт өвчинд амархан өртөмтгий байдлыг хариуцсан генүүд. Гэхдээ … яагаад ч юм бэ тийм байдал нь амьдралд хэрэгждэггүй юм байна. Тэгэхээр, өндөр наслагчид “муу” ген байхгүйгээрээ бусад хүмүүсээс ялгардаггүй. Харин “хортой” генүүдийг маш сайн саармагжуулдаг “хамгаалалтын гений” онцгой хувилбартай учраас гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийж байна.

-Бид мянган хүнийг ажиглаж, тэдний бие организм дахь 5 мянган уургийг харсан. 55 – аас 95 насны хооронд нас ахих тусам ямар уургийн ажиллах чадвар дээшилж, эсвэл буурч байгааг мөшгиж ажигласан. Олон зуун уураг маш сүрхий өөрчлөгдөж байгааг илрүүлж тодруулсан. Эдгээр өөрчлөлтийн зарим нь насжилтаас үүдэлтэй байж болох юм. Зарим нь биомаркер болдог (өөрөөр хэлбэл хөгшрөх үзүүлэлт). Зарим тодорхой уурагт нөлөөлөх замаар хөгшрөлтийг сааруулж, түүгээр ч барахгүй бие организмыг илүү залуу төлөв байдалд буцаан оруулж болох юм. Энэ бол цаашдын судалгааны зорилт.

 

ДОКТОР БАРЗИЛАЙН ЗӨВЛӨГӨӨ

 

Биеийн тамирын дасгал хийж, арьсан доор өөх тос (булчингийн болон махан тарга) хуримтлуул
-Хөгшрөлтийг удаашруулахын тулд ямар ч насанд хүмүүсийн хийж болох хамгийн чухал зүйл юу вэ гэж надаас хэрэв асуувал би биеийн тамирын дасгал гэж хариулна. Энэ бол нэгдүгээрт. Дасгал хөдөлгөөн маш их үр дүн өгнө. Тэдгээр дасгал хөдөлгөөн бидний эсүүдэд хамгаалалтын механизм үүсгэж, дасгалжуулдаг. Хэрвээ та өдөр бүр, эсвэл өдөр алгасаад биеийн тамирын дасгал хийдэг бол тэдгээр дасгал янз бүрийн стрессийг сөрж гарах таны чадварыг дээшлүүлнэ.
Хоёр дахь элемент-хоол хүнс. Нас ахисан үед яльгүй “илүүдэл” жинтэй хүмүүсийн дунд нас баралт бага, эрүүл мэнд нь сайн байдгийг энд анхаарах нь чухал. Яагаад? Хэргийн учир нь сайн, муу өөх тос гэж байдаг. Муу нь хэвлийд (гүзээ) байдаг. Харин арьсан доорх өөх тос (булчин, махан тарга) бол танд хэрэгтэй, сайн нь. Учир нь энэ бол дархлааны тогтолцооны хэсэг нь болдог. Чухам яг ийм өөх тосонд дархлааны тогтолцооны эсийн зарим төрөл агуулагддаг. Мөн адипонектин мэтийн зарим даавар чухам ийм өөх тосноос ялгардаг. Энэ даавар глюкозын төвшнийг зохицуулж, тосны хүчлийг задалж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Цусан дахь адипонектиний төвшин хэдийчинээ өндөр байх тусам чихрийн шижин даамжрах эрсдэл буурдаг. Үүнээс гадна энэ даавар артерийн хананд өөх тос хуримтлагдахын эсрэг үйлчилгээ үзүүлж, тромб үүсэх боломжийг багасгадаг. Тийм болохоор булчингийн тарга (арьсан доорх өөх тос) чухал, бас ашигтай.

 KP.RU-гээс орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ