Квентин Тарантино: “Би хэзээ ч гэрлэхгүй, 60 нас хүрэхээсээ өмнө хүүхэдтэй болно” гэж хэлэхгүй

2019-05-28

Х.ОЮУНБОЛД

Намтар-эхний жилүүд

 

Квентин Тарантино нь АНУ-ын кино найруулагч, жүжигчин, зохиолч юм. Тэрээр 1963 оны гуравдугаар сарын 27-нд Теннеси мужийн Ноксвилл хотод жүжигчин, хөгжмийн хорхойтны гэр бүлд төржээ. Аав нь итали гаралтай, ээж нь англи, ирланд гаралтай. Тарантино эхийн талаас индианы хольцтой гэдэг авч энэ нь батлагдаагүй ажээ. Түүний нэрийг нэрт жүжигчин Бёрт Рейнольдсийн бүтээсэн телевизийн цуврал киноны баатар, төмрийн дархан Квентийн нэрнээс санаа авч өгчээ. Харин түүнийг төрөхөөс өмнө эцэг эх нь салсан учраас ээж нь Тарантиног өсгөсөн байна. Түүнийг хоёр настай байхад тэд Лос-Анжелесаас өмнө зүгт байдаг Торранс хот руу нүүжээ. Дараа нь Харбор сити хотын дүүрэг рүү нүүснээр Тарантино тэнд Ломита хотын Флеминг Жуниор хэмээх ахлах сургуульд сурсан байна.  Тэнд тэрээр театрын хичээл заалгасан ажээ. Түүний амьдардаг байсан дүүрэгт олон үндэстэн ястны хүмүүс амьдардаг байсан нь кино уран бүтээлд тусгалаа олоход нь нөлөөлсөн байдаг. Тухайлбал, тулааны урлагийг харуулсан киног харуудын хороололд үзүүлдэг байжээ. Тэрээр Харбор сити дэх Нарбон хотын ахлах сургуульд 15 настайдаа Жеймс Бестийн театрт жүжигчний мэргэжлээр сурахад бүх цаг хугацаагаа зарцуулах болсноор сургуулиа бүрмөсөн орхисон байна. Ингэснээр Тарантино бусад кино урлаг сонирхогчдын хамт Манхаттен бич хотод видео клуб ажиллуулж эхэлжээ. Тухайлбал, Рожер Аваритай кино болон үйлчлүүлэгчиддээ өгөх зөвлөгөөний талаар маргалддаг байв. Тэрээр хүмүүсийн түрээсэлж үзэх дуртай төрлийн киног их анхаардаг байснаа хожим нь найруулагчаар ажиллахад туршлага болж өгөх хүсэл эрмэлзлийнх нь эх сурвалж болж өгсөн гэж хэлсэн байдаг. Энэ талаараа Тарантино хэлэхдээ “Хүмүүс надаас кино урлагийн сургуульд сурсан уу” гэж асуудаг. Би үгүй ээ, яваагүй гэдэг байжээ

 

Киноны карьераа эхлүүлсэн нь

Тэрээр Авари болон бусад найзынхаа хамт түүнийг  найруулагчийн нэр хүндийг авчрах хоёр кино зохиолыг бичсэн бүтэлгүйхэн олон жилийг өнгөрүүлсэн байна. Харин 1991 онд “Галзуу ноход” хэмээх кинонд өөрөө болон видео клубынх нь найзууд тоглож 16 мм-ийн хальсанд буулгаж хамгийн хямд зардлаар бүтээжээ. Гэвч азаар кино найруулагч Лоренс Бендер энэ киноны зохиолыг уншсан нь сэтгэгдэл төрүүлсэн учраас Тарантиногоос “Галзуу ноход”-ыг жинхэнэ кино болгоход сарын хугацаа өгөхийг хүссэн байна. Ингэснээр Лоренс Бендер кино зохиолыг жүжигчин Харвей Кейтелд хүргүүлсэн аж. Түүнд таалагдсанаар олон сайн жүжигчинг тоглуулахаар болж, төсвийг нь олсон байна. Киноны зураг авалтыг сар хүрэхгүй хугацаанд Харвей Кейтель, Майкл Мэдсен, Тим Рот, Крис Пенн болон Тарантинотой  хатуу гэрээ хийн тоглуулж Лос-Анжелест хийжээ. “Галзуу ноход” хэмээх энэ кино эхлээд Сэнданс кино наадамд амжилтад хүрч дараа нь бусад наадамд амжилттай оролцсон байна. Улмаар Тарантино алдаршиж, “Галзуу ноход” кино зохиолоос “Жинхэнэ романс”, ”Төрөлхийн алуурчид” болон өмнө нь бичиж байсан хоёр кино зохиол зарагджээ. Мөн түүнд зарим төслийг санал болгосон ч Жон Траволта, Ума Турман нар тоглосон “Pulp Fiction” киноны зохиолыг бичихийн тулд татгалзсан байна. Энэ кино нь түүнд дахин амжилт авчирснаар барахгүй Каннын кино наадмаас Далдуу модны навч, Оскар, Алтан бөмбөрцөгт амжилттай оролцож, Их Британийн кино академи, телевизийн урлагийн наадмаас шилдэг кино зохиолын шагналыг хүртжээ.

Харин сүүлийн жилүүдэд тэрээр Холливуд дахь нөлөөгөө ашиглаж жижиг болон гадаад киног бүтээж, бусдын анхаарлыг өөр аргаар татах гэж үзэж байна. Түүний энэ кинонууд ихэвчлэн КвентинТарантино танилцуулж байна гэсэн тэмдэгтэй ажээ. Анхны энэ төрлийн гар тулааны тухай “Төмөр сармагчин” киногоо 2001 онд Хонгконгт хийсэн. Энэ кино нь АНУ-д 14 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь бүтээхэд зарцуулсан төсвөөсөө долоо дахин их гэсэн үг юм. Мөн 2014 онд Хятадын гар тулааны урлагийн тухай “Баатар” хэмээх киногоо гаргасан. Ингэснээр 53 тэрбум ам.долларын ашиг олсноор шилдэг киноны жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин 2008 онд “Hell Ride” хэмээх киногоо хийсэн байна. Түүнээс гадна 2012 онд гарсан “Төмөр нударгатай хүн” кинонд удирдагчаар ажиллажээ. Тэрээр 1995 онд “Роллинг Тундер Пикчерс” кино компанийг Мирамакстай хамтарч бие даасан болон гадаад киног дахин гаргадаг кино компанийг байгуулсан байна. Гэвч 1997 онд бүтээсэн кино нь хүмүүсийн анхаарлыг татахгүй байсан учраас хаажээ.

 

Хувийн амьдрал

Харин хувийн амьдралын хувьд АНУ-ын жүжигчин Мира Сорвино, жүжигчин Жюли Дрейфус, хошин шогийн жүжигчин Кэти Гриффин, Маргарет Чо нартай нэр холбогдож байжээ. Мөн Австралийн жүжигчин Дидем Эролтой дөрвөн жил харилцаатай байсан. Түүнээс гадна Ума Турмантай холбоотой гэдэг цуурхал тарж байсан гэдэг. Гэвч энэ харилцаа нь ямар ч сонирхолгүй гэж мэдэгдэж байжээ. Мөн Квентин Тарантино “Би хэзээ ч гэрлэхгүй, 60 нас хүрэхээсээ өмнө хүүхэдтэй болно гэж хэлэхгүй. Гэхдээ шийдвэрээ гаргасан. Одоогоор энэ замаар ганцаараа явна. Энэ бол миний кино бүтээхэд зориулах цаг” гэж хэлсэн байна. Түүнчлэн кино урлагийн ертөнцийг 60 нас хүрээд орхиж, тууж, кино зохиол бичихээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Харин дижитал технологи, ухаалаг төхөөрөмж ашиглан кино бүтээдэг кино үйлдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж “Кино театрт 35 мм-ийн хальстай кино үзэж чадахаа болих өдөр ирэхэд буюу бүгд дижитал болоход би 60 нас ч хүрэхгүй” гэж хэлж байсан байна. Улмаар 2010 оны хоёрдугаар сарын 18-нд “Нью Беверли Синема” хэмээх хуучин кино театрыг худалдаж авчээ. Тэрээр одоогийн эздэд нь театрыг авч явахыг зөвшөөрсөн ч заримдаа хөтөлбөрт нь зөвлөгөө өгч байна гэж хэлсэн байна. Тарантино “Намайг амьд, баян байхад энэ кино театр тэнд байж 35 мм-ийн хальстай кино хийсээр байх болно” гэжээ. Харин 2017 онд тэрээр Израйлийн дуучин Даниэлла Пиктэй сүй тавьсан байна. Тэд нэрт найруулагчийг 2009 онд “Адгийн новшнууд” киног бүтээхээр ажиллаж байхдаа танилцжээ. Улмаар өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 28-нд еврей ёс заншлаар хуримаа хийсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ