Ж.Бат-Эрдэнэ: Гишүүд тойргийн сэтгэлгээтэй тогтолцоогоо өөрчилье

2019-05-26

С.САРУУЛ

Улс төр, шуурхай мэдээллийн www.polit.mn  сайт “Сошиалын сонин ” буландаа энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн жиргээг онцоллоо. Тэрээр нүүр номондоо “Харах өнцгөө өөрчилье” хэмээжээ.  

-УИХ-ын гишүүд бид иргэдээсээ сонгогдсон тэдний хүсэл зорилгыг амьдралд хэрэгжүүлэх хууль болгон баталгаажуулах үүрэгтэй элч төлөөлөгчид юм. Бид түүнийгээ мэдэхгүй ч биш мэдэж байгаа л даа. Гэхдээ хийж хэрэгжүүлэхдээ арай л өөрөөр хийгээд байна. Бидний санаа зовж явдаг зүйл бол мэдээж улс орны хөгжил. Энэ улс орныг бид 76 гишүүн өөрсдөө хөгжүүлчих юм шиг бодож гүйцгээгээд байна. Төсвийн таван төгрөгөө далан зургаа хувааж хэдэн барилга байшин болгочих, гудамж талбай засчих л гээд яваад байна. Үүнийгээ бид улс орондоо хийж буй бүтээн байгуулалт гэж харж байна. Тийм биш ээ. Хэдүүлээ харах өнцгөө, тойргийн сэтгэлгээтэй тогтолцоогоо өөрчилье. Энэ улс орныг бид биш улс орныг ард иргэд аж ахуйн нэгж хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөгжүүлдэг юм. Бид тэдэнд бололцоог олгох биш харин ч өмнүүр нь орж тэдэнд эсрэгээр ШАВАР болж байна. Бид бол хөгжүүлдэг хийдэг хүмүүс нь биш харин хийж бүтээх боломжийг нь олгож ажиллах амьдрах нөхцлийг нь бий болгох түүнийг нь чиглүүлэх хуульчлах, гаргасан хууль дүрэм хэрэгжиж байгаад нь хяналт тавих л үүрэгтэй хүмүүс юм. Иргэддээ зах зээлийн зарчимд нь ажиллах бүтээх боломжийг нь олгох ёстой юм. Бид чөлөөт зах зээл нэрээр гуч гаран жил бизнесийг сул хаясан. Одоо бид бодлоготой зохицуулалттай зах зээлд орох хэрэгтэй байна. Ингэхийн тулд хамгийн бага өрхийн үйлдвэрлэлээсээ эхлээд том мига төсөл хүртлээ иргэд аж ахуйн нэгжүүдээ дэмжмээр байна. Хэн байх нь хамаа алга. Хэн нэг нь хийж бүтээж л байвал тэр болгоныг дэмжье. Ийм л төрийн бодлоготой болъё. Урт хугацаанд улс орноо бүсчилсэн байдлаар харсан үйлдвэрлэл үйлчилгээ худалдааг дэмжсэн бодлогын том тогоотой болъё. Харин өөрсдөө энэ тогооноос хүртдэггүй л байя.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ