АТГ: Найман хүнийг яллагдагчаар татахаа саналаа хүргүүлсэн

2019-05-24

Т.САЙХАН

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өнөөдөр /05.24/ оны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.  Түүний мэдээллээс онцлон хүргэе.

Шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн талаар

– Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэг. Нийслэлийн хот төлөвлөлт Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийг, Баянзүрх дүүргийн харьяа  болон харьяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж бусдаас хахууль авсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг, Төрийн банканд ажиллаж байсан удирдах албан тушаалтнууд 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа 98.000 ам.доллар хахуульд авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ.

Авлига авсан гэх сайдын хэргийн талаар

-Арван сая ам.долларын авлигын хэргийг шалгах ажил АТГ-т  явагдаагүй. Үндсэн хуульд хүнийг шүүхээр гэм буруутайг нь тогтоох хүртэл гэм буруутайд тооцож болохгүй гэдэг зарчмын дагуу хүний нэр цохож мэдээлэл өгөх боломжгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэг нь хаагдсан МХЕГ-ын байцаагч нарын тухай

-Тус хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Яагаад энэ албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдох болов гэдгийг судалж үзсэн. Өөрөөр хэлбэл, МХЕГ-ын албан тушаалтнуудын үйл ажиллагааг нарийн журамлаагүй байсан нь авлига авах нөхцөл байдлыг бий болгосон байсан. Иймд журамтай болгож авлига авах нөхцлийг хаах ажлыг  МХЕГ-аас  хийж байна. АТГ-т шалгагдаж байгаа хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэлгүй болдог.

ЖДҮХС-гийн шинэ журмын талаар

-АТГ-ын тавьсан шаардлагад 100  хувь нийцсэн гэвэл үгүй. Гэхдээ өмнөх зохицуулж байсан журмаас ахиц  гарсан  журам  болсон. Өөрөөр хэлбэл, тухайн зээлийг ямар үндэслэлээр сонгон шалгаруулах талаар тусгаж өгсөн. Өмнөх журамд тухайн зээлийг сонгон шалгаруулах эрх бүхий бүлэг хүмүүс асуудалд өөрсдийн үзэмжээр хандах нөхцөл бүрдсэн байсан.  Харин шинэ журмаар  олон асуудлыг тодорхой гаргаж өгсөн.  Мөн улс төрийн болон улс төрд нөлөө  бүхий этгээдүүд тухайн сангаас зээл авах эрхийг хязгаарласан гэх мэт авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн заалтууд орсон. Хэтэрхий  нарийн заалтаар зохицуулчихвал дээрх асуудал эрсдэл гарах боломжтой. Зарим талаараа эргээд зээл авах гэж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагын  эрхийг  хязгаарласан заалтууд орох боломж бүрдүүлнэ .

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ