Полит-Анализ: В.Путины үл үзэгдэх тэрбумуудыг АНУ-д бас дахин тоолов

2019-05-23

 

© РИА Новости / Сергей Гунеев

Иван Данилов

ЗСБНХУ-тай, дараа нь ОХУ-тай бүр хүйтэн дайны үеэс сөргөлдсөн явдал АНУ-д Зөвлөлтийн, дараа нь Оросын улс төрийн болон эдийн засгийн тогтолцооны эмзэг сул талыг судлах ажил эрхэлдэг шинжээчдийн үй түмэн төвүүдийг үүсгэж бий болгосон. Хүйтэн дайнд АНУ ялалт байгуулахад тэртээ нэгэн цагт жинтэй хувь нэмэр оруулсан оюуны эдгээр төвийг нэг талаас хүндэлж үзэхгүй (нааштай хүлээж авахгүй) байхын аргагүй. Гэхдээ, нөгөө талаас, жинхэнэ өндөр боловсролтой, гадаад бодлогын асуудлаар оюун ухаан сорьсон нарийн төвөгтэй асуудлыг нухацтай гүнзгий авч үзэхэд бэлэн америк шинжээчдийн зарим нь эдүгээ тэтгэвэрт, зарим нь одож, үе солигдсоныг анзаарахгүй байж бас болохгүй. Тэдний байранд яггүй овжин ухаантай хүмүүс сууж байна. Гэхдээ тэдний аналитик бүтээл, нийтлэлүүдийг судлах, тэгэхдээ бүр маш анхааралтай судлах шаардлагатай байна, учир нь орчин үеийн америкийн шинжээчдийн нийгэмлэг Орос улсыг хэрхэн ойлгож, ялахыг эрмэлзэж байгаа талаар тэдгээр бүтээл, нийтлэл олон зүйлийг өгүүлнэ. Нэгэн цагт Уинстон Черчиллийн бичиж байсан “Оросын оньсого”-ыг, бас үүний хамт Оросын Ерөнхийлөгчийн хувийн хөрөнгийг тоолж чадсан тухай оросыг үзэн ядагч мэргэжлийн зартай хүмүүс (русофобы) мэдэгдэл хийж байгаа нөхцөл байдалд хоёр дахин илүү анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Ер нь “Владимир Путины тэрбумууд” гэх асуудал барууны шинжээчдийн нийгэмлэгийн ихээхэн хэсгийн сэтгэл санааг аль эртнээс хөдөлгөж байгаа бөгөөд хэрвээ барууны нэг ч тусгай алба олж чадаагүй тоо баримтуудыг нэр цуутай шинжилгээний төвийн тэргүүлэх шинжээч дэлгэн цацаж байгаа бол эдгээр тоо баримтыг чухам ямар арга замаар олж авсныг анхаарч үзэх хэрэгтэй юм.

Өнөөг хүртэл яагаад ч юм бэ “эдийн засагч“ хэмээн олон нийтэд танилцуулдаг оросыг үзэн ядагч нэгэн “Путины Оросын худал хуурмаг” хэмээх өгүүлэл бичжээ. Энэ материал нөлөө бүхий “Атлантын зөвлөл”-ийн (Atlantic Council) сайтад нийтлэгдсэн.

Мегаанализын болон үнэлгээний төвшинг үнэлцгээе.

Гадаад дахь оросын хувийн нийт капитал 800 тэрбум доллараар хэмжигдэнэ. Миний үнэлгээгээр 2006 онд путины тойрон хүрээлэгчид бүрэн хэмжээний хулгай дээрэм зохион байгуулснаас хойш жил бүр 15-25 тэрбум доллар олж байсан бөгөөд 195-325 тэрбум долларт буюу офшор дахь оросын хувийн капиталын ихээхэн хэсэг болгосон. Энэ бүх баялгийн тэн хагас нь Путиных байж болох юм гэж үзвэл цэвэр түүний хөрөнгийг 100-60 тэрбум хэмээн үнэлж болох юм. Мэдээж, Путин, түүний хамсаатнууд өөрсдийн баялгаар цэнгэж чадахгүй. Бүх зүйл эрх мэдэлд байгаа юм. Хэрвээ тэд хамгийн баян биш юм бол, эрх мэдлээ алдахаас тэд айж байна.”

“Аналитик” бичих ийм чиг хандлага Донбасст “буриадын морьтон танкчидтай” өнөөг хүртэл тулалдсаар байгаа Оростой хөрш орны нэрээ нуусан тролль – копирайторын гүйцэтгэсэн ажил байсан бол ойлгомжтой, байдаг л нэг хэвшил болсон зүйл байх байсан. Харин үүнийг зөвлөлтийн дараах эдийн засаг, зах зээлийн шинэтгэлийн асуудлаар тэргүүлэх мэргэжилтэн хэмээн Баруунд тооцогддог, америкийн маш нөлөө бүхий оюуны төвийн шинжээч, Bloomberg, Forbes, The Wall Street Journal зэрэг хэвлэлийн нэр хүндтэй том байгууллагууд эш татдаг, дипломын боловсролтой Андерс Аслунд бичиж байгаа нь биднийг өөдрөг үзэлтэй байхын жинхэнэ шалтаг болж байна.

Тэгэхээр иймэрхүү төвшний шүүмжлэгч шинжээчидтэй бол харин “хүйтэн дайн 2.0” манай талд ашигтайгаар дуусах байх. Ноён Аслунд болон түүний хамтрагчид бодитой дүн шинжилгээ (аналитик) хийхийн оронд сэтгэл зүйн тусгалд суурилсан, өөрөөр хэлбэл, өөрсдийн хүсэл зоригийг оросын бодит байдал руу буулгасан суртал ухуулга л хийж байна.

“Атлантын зөвлөл” – ийн шинжээч өөрийнхөө логик зохиомжийг бүтээхдээ өөрөө хэрэв эрх мэдэлд хүрсэн бол: улс орноо тонон дээрэмдэж, тэр бүгдийгээ офшорт гаргаж, өөртөө хагасы нь үлдээж, хураасан хөрөнгө мөнгөө ашиглаж чадахгүй ч гэсэн өөрийгөө бусдаас илүү хүч чадалтайгаар мэдрэх байсан гэдгийг иш үндэс болгожээ.

Гэхдээ ийм “аналитик” – ийн төлөө шинжээчид мөнгө төлж байгаа хүмүүст хэд хэдэн гол асуудал ичгэвтэр санагдахгүй байгаа нь тун хачирхалтай. Хий хоосон ч гэсэн “Путины тэрбумууд” Баруунд байх ёстой гэдэгт Аслунд (түүний хамтрагчид) бат бэх итгэлтэй байдаг хэдий ч АНУ, Их Британи, Европын холбооны санхүүгийн бүх трансакцид болон барууны ертөнцийн офшорын хууль эрх зүйд бүрэн нэвтрэх боломжтой америкийн (дан ганц америкийн ч бас биш) тусгай албад юу ч олж чадаагүй билээ. Нэгэн цагт нэр хүндтэй байсан (ядахдаа шүүмжлэгчийн хувиар ч гэсэн) “Атлантын зөвлөл”-ийн өгүүлэл зурамны тухай “Путины тэрбумуудыг чи харж байна уу?  -Үгүй. – Би ч бас адилхан. Гэхдээ л байгаа даа.” хэмээх нийтэд танил болсон киноны хэсгийг тун болхи давтан өгүүлж байгаа шиг харагдаж байна.

Ингэхэд манай улс орны тухай иймэрхүү төсөөлөл Аслундад хаанаас бий болсныг төсөөлж болох юм. Тэрээр ОХУ-д 1991-1994 оны хооронд “эдийн засгийн зөвлөх”-өөр ажилласан бөгөөд улс орон түүний идэвх зүтгэл гарган ажиллаж зорьж тэмүүлж байсныг нь тэсэн давж гарч чадаагүй, гэхдээ харин геополитикийн болон эдийн засгийн хуучин боломжуудаа сэргээж эхэлсэнд тэрээр одоо хүртэл гоморхож явдаг байж болох юм.

Баруунд байж болзошгүй баялгийг Оросын улс төрийн элит хэсэг “ашиглаж чадахгүй” хэмээн зохиогч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа нь өгүүллийн эхийг бичиж байхдаа тэрээр сэтгэл зүйн тусгалыг л гол нь барьж ажилласан байх гэдэг таамгийг баталж байна. Энэ дүгнэлт өөрийнх нь зохиомжийг хэдэн хэсэг болгон тарааж бутаргана гэдгийг ойлгосон тэрээр эдгээр баялаг (ашиглах боломжгүй) эрх мэдлийг тогтоон барьж байхын тулд л хэрэгтэй хэмээн мэдэгдэж, нөхцөл байдлаас гарах гарцыг тэр даруй олсон байна. Энэ бүхэн “Оросыг судалдаг барууны олон шинжээчдийн” гайхшийг маш ихээр төрүүлэх байх, гэхдээ оросын улс төрийн бодит нөхцөл байдал евро-америкийн колоничлолыг ялсан улс орнуудынхаас ялгаатай нь офшор банкны дансан дахь ямар нэгэн хөрөнгө мөнгө бол хүч чадлын, эсвэл эрх мэдлийн шинж тэмдэг огт болдоггүйд оршдог. Энэ бол харин эдгээр хөрөнгө мөнгийг эзэмшигч тун удахгүй Орос орноос зугтан гарч явах, дараа нь эрүүгийн хэрэг (гол төлөв эдийн засгийн болон авилгын гэмт хэргийн бүрэлдэхүүн) бол “улс төрийн мөрдлөг” гэсэн тайлбартайгаар Лондонгоос улс төрийн орогнол хүсэхийн шинж тэмдэг юм.

Хамгийн хөгтэй нь гэвэл барууны офшорт нуусан их хэмжээний хөрөнгөтэй улс төрийн лидерүүд байхгүй, улмаар тэдгээр активыг царцаах, эсвэл өөрсдийг нь баривчилж өвдөг сөгдүүлэх улс төрийн лидерүүд байхгүй гэдэгт барууны шинжээчид яагаад ч юм бэ зуун хувь итгэлтэй байдагт оршиж байгаа явдал юм. Ийм итгэл үнэмшил барууны шинжээчдийн нийгэмлэгт өөрт нь зөвхөн ОХУ-ын тохиолдол гэлтгүй, нэг бус удаа хор уршиг тарьсан билээ. Венесуэлын лидер Николас Мадурогийн офшорын капиталыг олон жилийн турш ямар ч үр дүнгүй эрж хайсаар байна. “Асадын офшор дансыг барьж авч өөрийг нь өвтгөх” оролдлого ямар ч үр ашиггүй дууссан. Панамын баримтууд нийтлэгдсэнээс хойш хятадын удирдлагыг шантаажлах боломж олдоно гэх найдвар америкчуудад бий болсон. Гэхдээ Ши дарга болон түүний шууд тойрон хүрээлэгчдийн офшорын хөрөнгийн эрэл хайгуул хятадыг дайсагнагч америкийн мэргэжлийн үзэн ядагчдын өөдрөгөөр төсөөлж байснаас хавьгүй хол зөрсөн. Унгарын Ерөнхий сайд Орбаны (“эдийн засгаа үндэсний” болгосны төлөө болон “Росатом”-ын тусламжтайгаар Унгарт цөмийн цахилгаан станц барих болсны төлөө түүнээс өшөө авахыг хичээж байна) “офшорын хөрөнгө” – ийг эрж олох оролдлогыг аль эртнээс хийж байгаа боловч олигтой үр дүнд хүрээгүй л байна.

Илэрхий тодорхой баримт сэлт болон хувийн сөрөг туршлага зэрэг нь бодит байдлыг хүлээж авахад яагаад ч нөлөөлж чадахгүй болсон нөхцөл байдлыг оюуны доройтол хэмээн нэрлэдэг. Америкчууд, Вашингтоны эрх баригчдын сод ухаантнуудыг оролцуулан тэдний холбоотнууд дараах гурван аргаар 30 жилийн туршид геополитикийн өрсөлдөгчдөө ялан дийлж хэвшсэн. Тухайлбал: улс төрийн элит хэсгийн офшор дансыг хурааж авах (эсвэл хурааж авахаар айлган сүрдүүлэх), “хүмүүнлэг бөмбөгдөлт”, грантын мөнгөөр амьдрагч орон нутгийн бүлгүүд нийгмийн сүлжээгээр дамжуулан амар хялбар зохион байгуулдаг “өнгөт хувьсгал”. Харин бөмбөгдөж болохгүй, “өнгөт хувьсгал” зохион байгуулахад бүтэмжгүй, барууны санхүүгийн тогтолцооны тусламжтайгаар элит хэсгийг нь шахаж дарамтлах боломжгүй тийм улс оронтой Вашингтон тулгармагц америкийн шинжээчид шинээр юу ч бодож олж чадахгүй гэдэг нь илэрхий болж байна.

Тэд харин эсрэгээрээ, аль эрт ажилладаггүй болох нь ойлгомжтой болсон схемийг дахин дахин давтах нь зөв зүйтэй хэмээн төсөөлдөг ажээ. Өөр үр дүн гаргаж авах гээд нэг л үйлдлийг байн байн давтахыг солиорол гэж ярьцгаадаг. Манай барууны түншүүдийн гадаад бодлогын шинжилгээний төвшинг ажиглаваас энэ бол цорын ганц зөв үнэлгээ юм даа гэсэн мэдрэмж төрж байна.

Polit.mn сайтад зориулан орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ