Х.Тэмүүжин: Өндрөөс унаж, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан

2019-05-20

Т.САЙХАН

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар  УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү баасан гаригт зуурдаар нас барсантай холбоотой мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: -Тавдугаар сарын 17-нд 19:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан цочирдом хэрэг боллоо. Гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болзошгүй байна.. АН-ын дэд дарга хүн ажлаа хийж явахдаа учир битүүлгээр амь насаа алдсанд Ардчилсан нам үйл явдлын жинхэнэ учрыг олохын төлөө хүлээлтийн байдалтай байна. Цагдаагийн байгууллагаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн амь насаа алдсантай холбоотойгоор үнэн мөнийг нэн даруй олно гэдэгт итгэж байна. Сүүлийн үед талийгаачтай холбоотой буруу ташаа мэдээлэл сошиалаар тараах, гүтгэх зэрэг монгол хүнд баймааргүй зүйлсийг тарааж байгаад харамсч байна.

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин: –Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна.   Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний хариу эхнээсээ урьдчилсан байдлаар гарч, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй гэлээ.

Түүнчлэн тухайн өдөр болсон үйл явдалтай холбоотой тайлбар өглөө. 

Талийгаач 18:20 орчим цагт авто раллигийн хуралдаан тарсны дараа хуралдааны танхимаас гарсан байна.  18:30 цагийн орчимд АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа утсаар ярьсан байжээ.  УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан дүрс үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57-д цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч эхний байдлаар МАН-ын нэг гишүүний өрөөнд уулзаад гарсан гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоогоод байгаа гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ