Сагсан бөмбөгт дуртай “Starbucks”-ийн эзэн

2019-05-21

Х.ОЮУНБОЛД

Бизнесийн гараа

 

Дэлхийн олон оронд салбартай “Starbucks” корпорацийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Харин энэ корпорацийн захирал Ховард Шульц Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт 1953 оны долдугаар сарын 19-нд еврей гэр бүлд мэндэлжээ. Тэрээр Элайн Ледерман болон АНУ-ын зэвсэгт хүчний цэрэг байсан жолооч Фред Шульцын том хүү аж. Дороо хоёр дүүтэй. Түүний гэр бүл ядуу байсан учраас тэрээр спорт тухайлбал, бейсбол, хөлбөмбөг, сагсан бөмбөгийг ядуурлаас ангижрах арга гэж үзжээ. Мөн Канарсийн ахлах сургуульд суралцаж 1971 онд төгссөн байна. Улмаар Хойд Мичиганы их сургуульд суралцсанаар гэр бүлээсээ их сургуульд сурч төгссөн анхны хүн болжээ. Ингэснээр 1975 онд “Тау Каппа Эпсилон” их сургуулийг хэл яриа ба харилцааны мэргэжлээр төгссөн байна. Сургуулиа төгссөнийхөө дараа “Xerox” компанийн худалдааны хэлтэст мэргэжлээрээ ажиллажээ. Дараа нь хожим нь дэд захирал нь болсон “Hammarsplast” хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанид ажилласан аж. Харин 1981 онд компанийнхаа нэгэн үйлчлүүлэгчийнхээ “Starbucks” кофед очжээ. Түүнээс жилийн дараа  “Starbucks” компанид хамтран ажиллах саналыг тавснаар маркетингийн захирал нь болсон Ховард Шульц Италийн Милан хотод “Starbucks” корпорацийн ажлаар очихдоо гудамж болгонд нь кофе шоп ажиллаж байгааг ажиглажээ.  Мөн кофегоор үйлчлэхээс гадна хурал эсвэл олон нийтийн ажиллагаа зохион байгуулах үйлчилгээ үзүүлж байгааг анзаарсан байна.

 

Шинэ санаа

Ховард Шульц Италиас буцаж ирснийхээ дараа корпорацийнхаа эздэд харснаа итгүүлэхийг оролджээ. Гэвч тэд уламжлалт кофе шопыг амжилттай ажиллуулж эхэлсний дараа үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс татгалзжээ. Сэтгэлээр унасан тэрээр 1985 онд ажлаасаа гарахаар шийдсэн байна. Гэвч түүнд анхны дэлгүүрээ нээхэд 400 мянган ам.доллар хэрэгтэй байв. Түүнээс гадна эхнэр нь бие давхар анхны хүүхдээ тээж байжээ. Харин “Starbucks”-ийг үүсгэн байгуулагч Жерри Бальдвин, Гордон Бовкер нар түүнд тусална гэж амласан байна. Мөн түүний эрч хүч нь сэтгэгдэл төрүүлсэн учраас наймаанд нь итгэсэн нэг эмчээс 100 мянган ам.доллар  хүлээн авчээ. Ингэснээр 1986 онд анхны кофе шопыг нээхэд хангалттай мөнгөтэй болсноор “II Giornale” хэмээх нэртэй кофе шопоо нээсэн байна. Шинээр нээгдсэн цөөхөн суудалтай кофе шоп кофеноос гадна зайрмагаар үйлчилдэг байжээ. Харин үүнээс хоёр жилийн дараа “Starbucks”-ийг үүсгэн байгуулагчид цай, кофегоор үйлчилдэг өөр салбарт анхаарлаа хандуулахаар шийдвэрлэснээр “II Giornale” салбараа Ховард Шульцэд 3.8  сая ам.доллараар худалджээ.

 

Салбараа өргөжүүлсэн нь

Говард Шульц кофе шопыг худалдаж авсан даруйдаа хуучин нэрийг нь “Starbucks” болгон өөрчилсөн байна. Түүний ухаан, хөрөнгө, наймаандаа тууштай үнэнч байдал компанийг нь өргөжин тэлэхэд нөлөөлсөн аж. Тухайлбал, гадаад дахь анхны салбараа 1996 онд Токиод нээсэн байна. Улмаар энэ нь өргөжиж 2007 он гэхэд 140 мянга гаруй  ажилтантай 10 мянга гаруй салбар нь бусад оронд нээгджээ. Ингэснээр түүний хөрөнгийн эргэлт 9400 тэрбум ам.доллараас давсан байна. Харин олон оронд амжилттай нээгдэн ажиллаж байсан түүний кофе шоп бүтэлгүйтсэн тохиолдол БНХАУ-д гарчээ. Бээжинд 1999 онд анхны салбараа нээсэн Ховард Шульц 2000 онд Хориотой хотод өөр салбараа нээсэн байна. Гэвч энэ нь тус улсын олон байгууллага Хятадын өв соёлыг харуулсан ариун газарт АНУ-ын дүр төрхийг илтгэсэн газар байрлаж ажиллахыг эсэргүүцжээ. Тиймээс  энэ дарамтыг тэсвэрлэж чадаагүй учраас 2007 онд энэ салбараа хаасан байна.

 

Албан тушаалаа орхисноо мэдэгдэв

 

Ховард Шульц 2000 оны зургадугаар сарын 1-нд  корпорацийнхаа захирлаар ажиллахаас татгалзжээ. Гэхдээ олон улсын хэмжээнд компаниа өргөжихөд нь туслахын тулд олон нийтийн стратеги хариуцсан дарга гэсэн шинэ албан тушаалтай болсон байна. Гэвч найман жилийн дараа хуучин албан тушаалаа хаших болжээ. Учир нь компани нь өргөжиж байсан ч энэ нь шинэ салбар нээхээс хамаарч байсан аж. Харин нээсэн салбаруудынх нь борлуулалт буурч байв. Тиймээс  олон ажилтнаа халж, ашиггүй ажиллаж байсан 100 гаруй салбараа хаажээ. Мөн АНУ дахь бүх салбараа түр хугацаагаар шинээр ажилчид сургаж авахын тулд хаасан байна. Эцэст нь компанийн ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулагчиддаа ашигаа өгч эхэлжээ. Тиймээс Ховард Шульц 2016 оны арванхоёрдугаар сард захирлын албан тушаалаасаа дахин огцорсон байна. Улмаар өнгөрсөн жилийн зургадугаар сарын 4-нд корпорацид эзэлдэг бүх албан тушаалаа орхино гэж мэдэгджээ.

​Гэхдээ тэрээр зөвхөн наймаагаа өргөжүүлэхийг зорьж байсангүй. Ховард Шульц нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байв. Тэрээр кофе нийлүүлэгчдийн амьдралыг сайжруулахад хувь нэмрээ оруулах, тариалангийн талбай, байгаль орчныг хамгаалах  чухал санаачлагыг толгойлон оролцож байжээ. “Форбес” сэтгүүлээс энэ корпорацийг найман удаа хамгийн шилдэг 100 компанийн нэгээр тодруулж байсан байна. Зургаан тэрбумын хөрөнгөтэй Говард Шульц 1978 оноос хамтран ажиллаж эхэлсэн интерьер дизайнер Шери Керштэй гэрлэжээ. Хэдийгээр олон гэртэй  ч Сиатл дахь гэртээ амьдардаг байна. Ховард Шульц сагсан бөмбөг тоглох дуртай. Тиймээс “Сиатл Суперсоникс” багийн ззэн байжээ. 2001 онд өөрийнхөө “Зүрх сэтгэлээ түүнд зориул” гэсэн намтар номоо хэвлүүлж байсан аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ