А.Бямбадорж: Байгууллага бүр дотооддоо мэргэжлийн хяналттай байх ёстой

2019-05-20

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор МХЕГ-ын Эрчим хүч, хэмжилзүйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадоржийг урьж ярилцлаа.

 

ШАЛГАЛТ ЗӨВХӨН ХЯНАЛТЫН ХУУДСАНД ТУСГАГДСАН АСУУДЛААР ХЯЗГААРЛАГДДАГ НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ

 

-Хяналт шалгалтын тогтолцоо  тухайн улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн байдал, техник технологийн хүчин чадлаас хамаараад янз бүр байдаг. Өнөөдөр манай улсад төлөвлөгөөт буюу урьдчилан мэдэгдчихээд шалгадаг хувилбар хэрэгжиж байна.

Хүмүүсийн  ухамсар, соёлын түвшин болон технологи өндөр хөгжсөн ёс зүйт нийгэмтэй, өндөр хөгжилтэй орнуудад хяналт шалгалтыг эрсдэлд суурилан төлөвлөж хэрэгжүүлдэг. Харин манайх шиг хөгжиж буй орны хувьд эрсдэлд суурилсан болоод гэнэтийн хяналт шалгалтын аль алиныг хийх нь зохимжтой.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар мэргэжлийн хяналтын байцаагч шалгалт хийх газартаа таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, зөвхөн удирдамжийн дагуу  хяналтын хуудсанд тусгагдсан асуудлын хүрээнд шалгана. Өөрөөр хэлбэл, өмнө нь байсан гэнэтийн шалгалт гэдэг зүйл байхгүй болсон. Мэдээлэл, гомдол ирэхэд ч юм уу, төлөвлөгөөний дагуу гэнэт очих нь зөрчлийг бодитоор илрүүлж арилгуулах үр дүнтэй хэлбэр байсан гэж би хувьдаа боддог. “Очиж шалгана шүү” гэж хэлчихээд үр дүнтэй шалгалт хийж, зөрчлийг бодитоор илрүүлэх боломжгүй. Тав хоногийн дотор ямар ч томоохон зөрчилтэй аж ахуйн нэгж байсан өнгөлөн далдлалт хийх юм уу, “асуудлаа” ямар нэг аргаар шийдвэрлэнэ. Нөгөөтэйгүүр зөрчил дутагдлыг нь лавшруулж шалгая гэхээр мэргэжлийн хяналтын байгууллага зөвхөн хяналтын хуудсанд тусгагдсан асуудлын хүрээнд л шалгах эрхтэй. Муухайгаар хэлэхэд зөрчилтэй байж мэдэх, аюулгүй байдал алдагдсан байх эрсдэл ажиглагдвал ухаж, төнхөж, лавшруулж шалгах боломж бага юм. Бусдыг хохироож, хордуулж, гэмтээж болзошгүй, хүрээлэн буй орчныг бохирдуулах нөхцөл байдал илэрвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагааг зогсоох ажил хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, зөвлөмж, шаардлага хүргүүлснээр шийдэгдэхгүй асуудал их байна л даа. Маш их зөрчилтэй мөртлөө зогсоох гэхээр “Танайх зөвлөн туслах үүрэгтэй биз дээ” гэсэн хүсэлт тавьдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийхээс гадна зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Гэсэн ч шалгалтын удирдамж бариад очсон байцаагч зөвлөн туслах үйлчилгээ хийх ёсгүй. Бусад улс орнуудын хувьд зөвлөн туслах үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагууд нь хийж мэдэхгүй, чадахгүйг нь хэлж зөвлөдөг. Манай улсын хувьд энэ байдал дутмаг харагддаг.

 

“ШАЛГАНА ШҮҮ ГЭЖ ХЭЛЧИХЭЭД ЗӨРЧЛИЙГ БОДИТООР ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

БЛИЦ

Мэргэжил:
Газрын тосны инженер

Боловсрол:
2000 он: ТИС-ийг Газрын тос, хийн хадгалалт, тээвэрлэлтийн инженер

2008 он: ШУТИС-ийг Нефтийн инженерийн магистр

2011 он: Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер
Ажил эрхлэлт:

2003 оноос: Улсын мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч

2007 оноос: Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга

-Иргэдийн дунд нэг өрөөсгөл ойлголт байдаг.  Мэргэжлийн хяналт л бүх зөрчил дутагдлыг арилгуулж, хяналтыг бүрэн хэмжээнд тавих ёстой гэж. Үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг 160 мянган аж ахуйн нэгжийг системийн хэмжээний цөөхөн тооны хүн хянаж, аюулгүй байдлыг бүрэн хангуулна гэвэл учир дутагдалтай, үргэлж хянах боломжгүй. Тийм учраас Засгийн газраас “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг баталсан нь олон улсын жишгийг нэвтрүүлж байгаа гэсэн үг. Олон улсад эрсдэлд суурилж хяналт тавьдаг. Бид ч гэсэн 2011 оноос эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлсэн. Хяналт шалгалт хийх объектуудаа өмнөх жил нь эрсдэлийн үзүүлэлтээр нь үнэлж, их, дунд эрсдэлтэй буюу “Аюултай” газруудаа шалгахаар олон нийтэд зарладаг. Өөрөөр хэлбэл, нэг аж ахуйн нэгж дээр давхардал хийдэлгүй эсвэл байцаагчийн үзэмжээр хяналт шалгалт хийхгүй байх нь гол зарчим. Харамсалтай нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг үл ойшоох, ажил хэрэг болгохгүй байх зэрэг үйл ажиллагаа эрхлэгчдийн өөрсдийнх нь нийгмийн хариуцлагаас хамаараад аюулгүй байдал бүрэн хангагдахгүй байна. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмаар аж ахуйн нэгж бүр хяналтын алба, ажилтантай байх ёстой. Энэ баг, хэлтэс нийтлэг журам болон салбарынхаа онцлогт тохируулсан дүрэм журмыг боловсруулж хөдөлмөрийн болон техник ашиглалт, аюулгүй байдал хангагдаж байна уу, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байна уу гэдэгтээ байнга хяналт тавьж, зөрчил дутагдлаа илрүүлж ажлаа сайжруулах ёстой. Шаардлагатай бол эрх хэмжээнийхээ хүрээнд дотооддоо хариуцлага тооцоод явах ёстой. Ингэж чадвал  ажил үйлчилгээ нь сайжирч хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Нэг үгээр хэлбэл, байгууллага бүр дотооддоо “Мэргэжлийн хяналт”-тай байх ёстой юм.  Гэтэл ихэнх байгууллагууд дотоодын хяналтгүй, түүнийгээ ойлгодоггүй. Зарим нь бүр эсрэгээрээ хяналт шалгалт бол зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг гэж ойлгодог. Мэргэжлийн хяналт л хэлэхгүй бол аюулгүй байдлаа хангах, хууль журмаа хэрэгжүүлэх үүргээ ухамсарладаггүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох акт өгсөн, торгууль шийтгэлийг тавьсаар байтал дур мэдэн бизнесийн ашиг сонирхлоор үйл ажиллагаа явуулдгаас болоод том хэмжээний осол, зөрчил дутагдал гарч байна. Тухайлбал, саяхан Улаанбаатар хотод их хэмжээний шингэрүүлсэн шатдаг хий алдсан тохиолдол гарлаа. Барилгын ажлын зөвшөөрөлгүй, зураг төсөл нь батлагдаагүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн жил үйл ажиллагааг нь зогсоосон байтал дур мэдэн ажиллаж байгаад ийм эрсдэлийг бий болгож байна.

 

УЛСЫН КОМИСС УХАЖ ГАРГАЖ ҮЗЭХ ЭРХТЭЙ

 

-Мэргэжлийн хяналтын байгууллага 2003 онд нэгдсэн тогтолцоонд шилжиж хяналт шалгалтын давхардлыг арилган барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалтын үйл явцад иж бүрэн хяналт, шалгалт хийж эхэлсэн. Мөн барилга байгууламжийн угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, угсралтын ажлын явцад хяналт тавих, эцэст нь улсын комиссоор хүлээж авах зэргээр үе шат бүрт хяналтыг тавьж, илэрсэн зөрчлийг шат шатанд нь арилгуулах арга хэмжээг авч байсан. Гэтэл 2013 оноос хойш барилгын ажил эхлэх зөвшөөрөл, улсын комиссоор хүлээн авах ажлууд өөр бусад байгууллагад шилжсэнээр шинээр хаана ямар барилга, объект баригдахаар зөвшөөрөл авсан болон ашиглалтад орсон эсэх талаар мэдээлэл дутмаг байгаагаас хяналт шалгалтыг оновчтой хэрэгжүүлэхэд хүндрэл гарах болсон. Хаана ямар шатахуун хадгалах агуулах, түгээх станц баригдав, шинээр ашиглалтад оров зэрэг нэгдсэн мэдээлэл хангалтгүйгээс алдаа дутагдал гарах тохиолдол цөөнгүй. Гэхдээ бид нөөц бололцоо, мэдээлэлдээ тулгуурлаад тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хяналт тавин ажиллаж байна. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, угсралтын ажил эхлэх зөвшөөрөл олгох, улсын комиссоор хүлээж авдаг үйл явцыг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын уялдаа холбоо ч хангалтгүй байна. Тухайлбал, газын станц дээр галын аюулгүйн зай хэмжээ гэж байдаг. Автомашины хийгээр цэнэглэх станц дангаараа байх тохиолдолд айл өрх, барилга байгууламжаас ил савтай бол 80-150 метр, далд байвал 40-75 метр зайтай байх ёстой. Энэ норм дүрмийн дагуу боловсруулсан зураг төслийг онцгой байдлын байгууллага хянана. Дахиад улсын экспертизийн хяналт буюу магадлалын байгууллага давхар хянадаг. Ингэж бүх зүйл зөвшөөрлийн дагуу явагдаж, угсралтын ажлын явцыг байгууллага дотоод хяналтаараа өдөр тутам хянах үүрэгтэй. Энэ бүх ажил цогцоороо зөв явсны дараа улсын комисс дахин эхнээс нь хянаж шалгасны  үндсэн дээр ашиглалтад хүлээж авдаг. Далдлагдсан ажил актаар нотлогдохгүй бол ухаж гаргаж ирж үзэх эрхтэй. Энэ бүгд цогцоороо мэргэжлийн түвшинд хийгдэж чадвал баталгаатай болж иргэд ч чанартай үйлчилгээ авах үндэс бүрдэнэ. Өмнө нь үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага цогцоор нь хэрэгжүүлж байсан учраас харьцангуй сайн хяналт тавьж, мэдээллийн нэгдсэн сантай болж байсан. 2013-2018 онд мэргэжлийн хяналтын байгууллага энэ бүгдэд оролцохоо больсноос хойш нэг байгууллага зураг төсөл боловсруулж, нөгөө нь зөвшөөрөл олгодог, явцын хяналт сайн хийж чаддаггүй. Дээрээс нь зөрчилтэй байхад улсын комисс хүлээгээд авчихдаг дүр зурагтай болсон.  Зөрчлийн тоо нэмэгдсэн, иргэдийн гомдол их болсноос хяналтын байгууллагын ачаалал нэмэгдсэн. Нэгэнт баригдсан зөрчилтэй барилгуудын араас мэргэжлийн хяналтын байгууллага хөөж ажиллах үнэхээр хүндрэлтэй. Автомашиныг хийгээр цэнэглэх станцаар жишээ татъя. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод 58, орон нутагтай нийлүүлбэл 100 гаруй автомашиныг хийгээр цэнэглэх станц  үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд шатахуун түгээх станц дангаараа 1300 орчим бий. Автомашиныг хийгээр цэнэглэх станц, газын хэрэглээ ахуй, орон сууц, хоол үйлдвэрлэл, автозам, барилга  гээд бүхий л салбарт нэвтэрчихлээ.  Үүний цаана аюулгүй байдал л хамгийн чухал. Аюулгүй байдлыг хангаж байж л ажил үйлчилгээнийхээ үр шимийг зөв хүртдэг. Аюулгүй байдалтай холбоотой дүрэм, журам хангалттай батлагдсан. Тухайлбал, шингэрүүлсэн шатдаг хий буюу газны аюулгүй ажиллагаа, техник ашиглалт, автомашиныг хийгээр цэнэглэх эсвэл ахуйд хэрэглэх, барилга байгууламж төлөвлөх, зураг төсөл боловсруулах, галын аюулгүйн зай хэмжээг тогтоох зэргийг зохицуулсан дүрэм журам 2001 оноос батлагдан мөрдөгдөж байна. Одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

Газын объект зориулалтын газарт баригдах ёстой. Иргэн, аж ахуй, гэр бүлийн зориулалттай газарт автомашины хийгээр цэнэглэх станцыг барьж болохгүй. Аюулгүйн зайн хэмжээг хангасан газар талбай олгогдох ёстой. Гэтэл зай хэмжээ зөрчсөн, гэр бүлийн зориулалттай газар дээр онцгой объект барьдаг. Аюулгүй байдал алдагдаад байгаа шалтгаан нь зураг  төслийн байгууллагууд норм, дүрмийг буруу хэрэглэдэг. “Зөрчилтэй” зураг төсөлд нь зөвшөөрөл өгч, угсралт хийдэг. Тэгээд улсын комисс ашиглалтад авдаг. Ингэж анхаасаа буруу эхэлснээс аюулгүй байдал алдагдаж байна. Тухайн чиглэлийн байгууллагууд мэдээллээ шуурхай харилцан солилцдог байх хэрэгтэй. Тухайлбал, ийм байршилд барилга баригдаж, угсралтын ажил хийж байгаа компаниудын мэдээлэл манайд ирж байх ёстой. Тэгж байж улсын комисст хүлээлгэж өгөхөөс өмнө зөрчлийг арилгуулна. Норм дүрмийн уялдаа холбоонд ч  дутмаг зүйл бий.

Зураг төсөл боловсруулж байгаа байгууллагын чадамж, мэргэжлийн байдлаас хамаараад норм дүрэм зөрчигддөг. Гэр хороолол дунд галын аюулгүйн зай хэмжээг зөрчин тэсэрч дэлбэрэх объект барьсан тохиолдол цөөнгүй. Төрийн байгууллагын уялдаа, мэдээлэл хангалтгүйгээс мэргэжлийн хяналтын байгууллага хаана, ямар байгууллага шинээр баригдаж байгааг мэдэх боломж дутмаг. Технологи хурдацтай хөгжиж богино хугацаанд барилга барьдаг болсон энэ үед мэдээллийн уялдаагүйгээс болж баригдсан хойно нь мэдэх тохиолдол ч гарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.20  даваа  103  (6070)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 3 сар

    байгууллага бүр дотроо МХ-тай байх юм бол МХ-ын байгууллага гэж тусдаа байх шаардлага ямар хэрэггүй, ер нь үтэр түргэн тараасан нь дээр шүү

  • 3 сар

    МХ-ыхан комисс ахлахаа больсон чинь гоморхоод байсан уу, яасан нэг хэсэг орохгүй гэдэг болсон до.

Холбоотой мэдээ