Полит-Тойм: Зеленскийн баг Дональд Трампын эсрэг үймээн дэгдээв

2019-05-18

 

АНУ – ын ерөнхийлөгч Дональд Трамп. Архивын гэрэл зураг

Иван Данилов

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хувийн өмгөөлөгч Руди Жулиани Украины ерөнхийлөгч Зеленскийн шууд тойрон хүрээллээс “АНУ-ын дайснуудыг” олж илрүүлсэн бөгөөд түүгээр ч барахгүй энэ шалтгаанаар Киев рүү хийх айлчлалаа цуцалжээ. Жулианигийн уур хилэнг ойлгож болно. Тэрээр дараа жил болох сонгуульд Дональд Трампын гол өрсөлдөгч байх магадлалтай АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байдены Украин дахь авилгын холбоо харилцааг мөрдөх ажиллагааг зохион байгуулахаар Киев рүү явахаар зэхэж байжээ.

Гэтэл Жулианийг Украины шинэ лидертэй уулзуулахаас татгалзсан байна. АНУ – ын ерөнхийлөгчийн ойрын зөвлөх, хувийн өмгөөлөгч украины засаг захиргааны (үндсэндээ бараг колони орны) зүгээс байж боломгүй хачин жигтэй эсэргүүцэлтэй тулгарснаар Зеленскийн хүрээлэлд “ерөнхийлөгчийн (Трампын), зарим тохиолдолд Америкийн Нэгдсэн улсын дайснууд болсон” хүмүүс байгаа талаар мэдэгдэл хийхээр америкийн телевизийн гол сувгуудын нэг болох Fox News-ийг тэр оройдоо зорьжээ.

 

Трампын хуульчийн телевизээр хэлсэн үг Вашингтон, Киев дэх ерөнхийлөгчийн засаг захиргаанууд хоорондын харилцаа цаашдаа хэр зэрэг асуудалтай учрахыг маш сайн харуулж байна. Жулиани хэлэхдээ “Шинэ ерөнхийлөгчийг (Украины) ерөнхийлөгчийн (АНУ – ын) дайснууд, үүнд хутгалдаж орооцолдсон (АНУ-д болсон ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон украины засаглалын), бусад шуурхай ардчилагчидтай холбоо тогтоосон хүмүүс тойрон хүрээлж болзошгүй талаар ихээхэн болгоомжлол байсан. <…> Өнөө орой би ерөнхийлөгч (шинээр сонгогдсон Украины тэргүүн Владимир Зеленский) манай ерөнхийлөгчийн (Трампын) дайснуудаар, мөн нэг тохиолдолд наад зах нь авлига авч, энэхүү схемд татагдаж орсон хүмүүсээр хүрээлэгдсэн тухай маш итгэлтэй хоёр хүнээс сонссон бөгөөд үүнд би итгэлтэй байна” гэжээ.

 

Схем гэж Жулиани яриандаа нэрлэсэн зүйл бол Украинд ажиллаж байсан Трампын улстөрийн технологич, Пол Манафортын нэр хүндийг гутаах замаар 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь Хиллари Клинтонд туслах гэсэн Украины эрх баригчдын оролдлоготой холбоотой дуулиан буюу “украингейт”-тэй шууд холбоотой. АНУ-ын Ардчилсан намын дээд албан тушаалтнууд дам орооцолдсон энэхүү “Украины дуулиан”-ыг ийнхүү хүч оруулж онцлох нь ирэх онд Трампын сонгуулийн кампанит ажлын нэг гол бүрдэл хэсэг болох ёстой ажээ. Трампын улс төрийн технологичдын хувьд уг дуулианыг чухамхүү Украины эрүүгийн хэргийн мөрдлөгийн үр дүн болгож харагдуулах хэрэгтэй болохоор үүний тулд украины хүчний байгууллагуудын болон улс төрийн удирдлагын тодорхой дэмжлэг тэдэнд шаардагдаж байгаа нь ойлгомжтой.

Шинэ ерөнхийлөгч Зеленскийн засаг захиргааны гараар энэ хачин жигтэй үйлдэл хийгдэнэ хэмээн Киевт хэн нэгэн найдаж байгаа бол энэ нь ноцтой алдаа. Америкийн лидерийн сэтгэл зүйд мартах (мөн түүнчлэн тэвчих, уучлах чадвар) гэдэг асуудал ор тас байдаггүй гэдэг нэг л зүйл дээр Трампын талынхан болон түүний шүүмжлэгчид санаа бодол нийлдэг юм.

 

Үүнийг ялихгүй жижиг зүйл гэж үзэх хэрэггүй. Америкийн мэдээллийн дайны нуувчаас (окопноос) “украингейт” рүү өнгийж харах аваас энэ бүхэн яггүй том асуудал гэдэг нь харагдана. Fox News-ийн сэтгүүлч Дэн Бонгиногийн бичсэнээр “Худалдагдсан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн хариу үйлдлээс ургуулан авч үзвэл Ардчилсан нам руу хийж байгаа мэдээллийн сүйрүүлэх нөлөөг та бүхэн байнга үнэлж болох юм. Үнэн илчлэгдэж дэлгэгдэх тэр цагт Жо Байден үгсэн хуйвалдсан тухай Украины хэрэг явдлын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа сандрал үймээн энэ түүх түүнд өөрт нь учруулах хор хохиролтой шууд пропорционал хамааралтай байх болно. Үүнд харин найдаж болно” гэжээ.

Жулиани Киев рүү Байдены эсрэг явуулж байгаа мөрдлөгийг зохицуулахаар явах гэж байсан бөгөөд Трампын нууц даалгавартай элчийн (эмиссарын) төлөвлөгөөг тасалдуулахад хүргэсэн Зеленскийн тойрон хүрээлэгчдийн үйлдлийг учир зүйн хувьд зөвхөн ганцхан зүйлээр буюу 2020 оны Америкийн сонгуульд Дональд Трамп албан тушаалаа хадгалж чадахгүй гэсэн дэндүү ил задгай байр суурийг албан ёсны Киев бүр одооноос баримталж байгаагаар тайлбарлаж болно. Тэгээд ч Зеленскийн засаг захиргаа ирээдүйн ерөнхийлөгч Байдены өмнө иймэрхүү байдлаар зусардахаар найдаж байна.

Ийм хандлагад хоёр чухал асуудал бий: нэгдүгээрт, 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгууль хүртэл албан ёсны Киев оршин тогтнох хэрэгтэй болно. Харин хоёрдугаарт, засгийн эрхэнд дахин үлдэж чадсан тохиолдолд Трамп чухам юу хийж болохыг төсөөлөхөд бага зэрэг айдас хүрмээр.

Хэдийгээр украины чиглэл дэх Орос улсын үйлдлүүд “аргагүйн эрхэнд өөрийгөө хамгаалах” ангиллаар явагдаж байгаа хэдий ч “том гүрний зүгээс украины эсрэг явуулж байгаа түрэмгийлэл”-ийн сэдвийг албан ёсны киевийн суртал ухуулга сүүлийн жилүүдэд улиг болтол явуулсан. Гэвч америкийн мэргэшсэн мастеруудын гүйцэтгэх жинхэнэ түрэмгийллийг бүрэн дүүрэн мэдрэх боломж албан ёсны Киевт олдож болох юм. Европын холбоог дуугаа хураасанд нь хилэгнэсэн Трамп Брекзитийг (өөрөөр хэлбэл, АНУ – ын гол холбоотон болсон Европын холбоонд ноцтой хохирол учруулсан үйл явц) зүгээр нэг дэмжээд зогсохгүй Европын холбооны улс орнууд дахь улс төрийн скептик (үл итгэх үзлийг баримтлагч) намууд руу (өөрийн улс төрийн гол технологич Стивен Бенноноор дамжуулан дэмжлэг үзүүлж ч байх магадлалтай) хангалттай хэмжээгээр элэгсэгээр харж байна. Трампын засаг захиргаа хэрвээ геополитикийн гол холбоотнууддаа (тийм ч сулхан биш) ийм хэмжээний түрэмгий зан авир гаргаж чадаж байгаа болохоор Цагаан ордны уурыг хүргэсэн Украин дахь улс төрийн нөхцөл байдлыг ганхуулахад тийм ч их хөдөлмөр зарцуулахгүй биз ээ.

Хэрвээ Зеленскийн засаг захиргаа Трампын ойрын хүрээллийг (санхүүгийн секторын төлөөлөл давамгайлж байгаа) өөрөөсөө нэг мөсөн зайлуулж чадах аваас ОУВС – ийн шугамаар Украиныг санхүүжүүлэхийг зогсоох нөлөөллийн арга хэмжээ авах байх, тэр тусмаа украины эрх баригчдын зан авираас иймэрхүү шийтгэлийн арга хэмжээ авах шалтаг олоход амархан. Зеленскийд онцгой увайгүй хувилбар болгож “ацан” санал тавих байх, өөрөөр хэлбэл, ээлжит түгээмэл биш арга хэмжээ (жишээлбэл, байгалийн хийн болон орон сууц нийтийн аж ахуйн бусад үйлчилгээний үнийг шинээр нэмэгдүүлэхээс эхлээд) авах, түүний нэр хүндийн чансааг (рейтингийг) унагах, магадгүй нийгмийн бухимдал бий болгоход чиглүүлэн олон улсын санхүүжилтийг зогсоож болох юм.

Гэхдээ Цагаан ордны нууц элчүүд эрс хатуу арга хэрэглэхээсээ өмнө өөр чиг хандлага эрж хайх оролдлого хийх магадлал бүрэн бий. Харин “Байденд итгэж найдсан” украины улс төрчид, бүр яг онож хэлбэл, тэдний олигарх – санхүүгийн секторын хүүхэлдэй дэглэгч эрүүл саруул ухааны дуу хоолойг биш юм гэхэд ядахдаа амиа хоохойлох зөн совингоо сонсохыг зөвшөөрөх магадлал тун бага юм.

Ямар ч тохиолдолд ерөнхийлөгч Трампад одоо Кремльтэй яриа өрнүүлэх сонирхолтой сэдэв бий болно. Америкийн лидер, магадгүй, “украингейт” – ын асуудлаар оросын тэргүүнд гомдол мэдүүлж ч болох юм, гэхдээ тэр ойшоож үзсэн хариу хүлээх нь юу л бол. Төрийн департаментын болон “гүний засаглалд хамааралтай” оросын эсрэг үзэлт бусад бүтцийн “харцага”-уудад украины чиглэлийг барьцаанд шилжүүлж өгсөн өөрийнхөө шийдвэрийн үр шимийг Трампын баг одоо амсаж байна.

Гэхдээ нөхцөл байдлыг өөрчлөх боломж бүрэн байгаа гэдгийг бас онцлох хэрэгтэй.

 

 Polit.mn сайтад зориулан орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ