Х.Баделхан: Банкуудын хөрөнгө оруулалтыг ипотекийн зээл рүү татна

2019-05-16

С.САРУУЛ

2013 оноос эхлэн иргэдэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлснээр жилд дунджаар 750.0 гаруй тэрбум төгрөгийн зээлийг 10 мянга гаруй иргэнд олгож байсан ч ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар тус зээлийг хязгаарлах шаардлагатай болсон юм.  Ипотекийн зээлийн хүртээмж 2017 оноос эрс багассан нь иргэдийн орон сууцны эрэлтийг бүрэн хангаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул БХБЯ-наас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Засгийн газрын тогтоолоор батлуулж, анх удаагаа ипотекийн зээлийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүллээ. Барилга, хот байгуулалтын  сайд Х.Баделхан “Ипотекийн зээлийг гурван эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Улсын төсийн хөрөнгө оруулалтаар 115 тэрбум төгрөг, Монголбанкны эргэн төлөлтөөр 100 тэрбум төгрөг, арилжааны банкуудын зээлийн эх үүсвэрээр 300 тэрбум төгрөгийг гаргаснаар ипотекийн зээлийн эх үүсвэрийг анх удаагаа хоёр дахин нэмэгдүүллээ. Журмын дагуу нийт зээлийн 25 хувийг орон нутагт олгоно” гэлээ.

Өмнө нь жилд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн хүрээнд 5000-6000 иргэн ипотекийн зээлд хамрагддаг байсан бол ийнхүү эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлж 500 тэрбум төгрөгт хүргэснээр 12 мянган өрхийг зээлд хамруулан, орон сууцтай болгох боломж бүрдэж байгаа юм.  Мөн иргэд инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад 60 хүртэлх сая төгрөгийн ипотекийн зээл авах боломжтой.  Үүний үр дүнд 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 1639 зээлдэгчид 114 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг жилийн 8 хувийн хүүтэйгээр олгосон нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.3 дахин нэмэгдсэн байна. Цаашид сар бүр 36-40 тэрбум төгрөгийг сар бүр олгохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ