Зургийг чихмэл болгодог “Хүсэл” тоглоомын үйлдвэр

2019-05-16

Б.ДОЛЖИНЖАВ

Хүүхэд бүр өөрийн төсөөлөл дэх ертөнцийг зургаар илэрхийлдэг. Тэдний оюун бодол дахь ертөнц том хүнийхээс эрс ялгаатай юунд ч үл хязгаарлагдах хамгийн гэгээн, үл давтагдашгүй байдаг. Тиймдээ ч тэд орчлон дээр байх боломжгүй содон амьтан, эд зүйлс зурах нь олонтаа. Энэ удаа бид хүүхдүүдийн уран сэтгэмжээр дүүрэн зургийг чихмэл тоглоом болгон урладаг “Хүсэл” хүүхдийн тоглоомын үйлдвэрийг танилцуулж байна.

Хүүхдүүдийн зурсан зургийг чихмэл тоглоом болгон урлах гайхалтай санааг анх АНУ-ын Флорида хот дахь “Budsies” хүүхдийн тоглоомын компанийг үндэслэгч Alex Furmansky бодож олсон байна. Түүний 13 настай охин дүүгийнх нь зурсан зургууд хайрцганд овоорч, эцэст нь хогийн сав руу шидэгдэж байгааг анзаарч энэ санаагаа олсон. Мөн хүүхэд насны хачирхалтай бүтээлүүдийн мөнх амьдрах боломж нь чихмэл тоглоом юм гэж ярьжээ.

Энэ гайхалтай боломжийг Монгол хүүхдүүддээ олгохоор “Хүсэл”-ийн хамт олон өнгөрсөн оны есдүгээр сараас хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсанаасаа хойш 200 орчим тоглоомыг гараар урлаж бяцхан багачуудын хүслийг биелүүлжээ. Тэд хүүхдийн зурсан зургийг чихмэл болгохоос гадна бас нэг шинэлэг санаа сэдсэн нь хүүхдийн тань багын хувцас, өлгийг бамбарууш, заан, туулайн чихмэл болгон хувиргах юм. Хүүхдийн тань зурсан зургийн бодит биелэл болсон давтагдашгүй өвөрмөц чихмэл эсвэл бага байхдаа өмсөж байсан хувцасных нь материалаар хийсэн чихмэл таны гэрийг чимэх боломжтойг дуулгая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.16  Пүрэв  101  (6068)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ