Нийслэлчүүд өнөөдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхгүй

2019-05-15

Ч.ЗОТОЛ

Засгийн газрын  62 дугаар тогтоолоор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байх журмыг мөрдөж эхэллээ. Гэвч энэ  ажил  иргэдийн ухамсартай тулж ажиллахгүйгээр амрархан хэвшихгүй. Иймд ЭМЯ  “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг”-ийг төв талбайд зохион байгуулав. Өдөрлөгт Эрүүл мэндийн яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НМХГ, ДЭМБ-ын төлөөлөл  оролцсон юм.

Энэ үеэр түүхий нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар  дотоод, гадаадын  эрдэмтэн, судлаачдын  илтгэлийг танилцуулсан. Мөн  иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж,  сайжруулсан шахмал түлш хэрэглэх, зуухны төрөл, сонголт, хэрэглээний тухай  мэдээлэл өгөв.

Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор   Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  сайжруулсан түлшийг иргэдэд түгээх, борлуулах, зориулалтын агуулах барих мөн борлуулах цэгийг барих ажлыг эхлүүлжээ. Нийслэлийн зургаан дүүрэгт 1000 тонноос дээш агуулах барьж  байгаа. “Тавантолгой түлш” компанитай хамтран   Улаанбаатар хотын 107 байршилд борлуулалтын цэг байгуулна. Нийслэлд түүхий нүүрс борлуулж байсан 533 цэг буюу иргэд, аж ахуй нэгжүүд бий Тэдэнд бэлэн байгаа агуулах савыг нь ашиглаад, сайжруулсан шахмал түлшээ хадгалах зэргээр байгаа бүх боломжийг  дайчлан, хамтарч ажиллана гэдгийг холбогдох албаныхан хэллээ.

Ингэснээр агаарын бохирдлын түвшин эрс багасаж, хүн амын дундах өвчлөл ч буурдаг учраас түүхий нүүрсийг хориглох нь зөв шийдэл. Түүхий нүүрсний шаталтаас үүссэн химийн хорт бодисын нэгдлээс амьсгалын замын өвчлөлүүд үүсдэг гэдгийг судалгаагаар тогтоосон. Эрүүл мэндийн салбарын хамт олон дуу хоолойгоо нэгтгэж түүхий нүүрсний хэрэглээг хориглох, үүнээс гарах сөрөг үр дагаврын талаар өнөөдөр ард иргэдэд мэдээлэл өгч, нүүрснээс татгалзахыг уриалж байгааг ЭМЯ-ныхан онцлон тэмдэглэж байна.

Тавантолгой түлш” ХХК-ийн хувьд  нийслэлийн 10 цэгт сайжруулсан түлшийг борлуулахаар бэлтгэлээ  хангажээ. Энэ хүрээнд тэд түүхий нүүрсийг орлуулахуйц илчлэг сайтай, шаталт удаан, агаарын бохирдлыг 50 хүртэл бууруулах шахмал түлшийг үйлдвэрлэсэн.  Өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган тонн түлш нөөцөлсөн.  Үйлдвэрлэл 24 цагийн тасралтгүй явагдаж байгаа. Ирэх намраас үйлдвэрлэлээс нөөцлөхгүйгээр шууд зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгаа гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ