Разак Багиндагийн гараар бичсэн зурвасыг илрүүлжээ

2019-05-15

Ж.ЦОГЗОЛМАА

2006 онд Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн захиалагчийг илрүүлэх шүүх хурал өнгөрсөн мягмар гаригт тус улсад болжээ. Энэ үеэр гэрч нараас мэдүүлэг авсан байна. Шүүх хурлын зарим мэдээллийг Малайзийн мэдээллийн “thestar.com”-д нийтэлсэн байлаа. Мэдээллээс тоймлон хүргэж байна.

Улс төрийн шинжээч Абдул Разак Абдулла Багиндагийн нарийн бичгийн дарга Дээд шүүхэд өгсөн мэдээлэлдээ дарга нь гэртээ харихыг хүссэн гэжээ. Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх энэхүү шүүх хуралд гэрчээр оролцсон 36 настай Сити Айсях Мохд Азлан “Абдул Разак нь Азиллад “Амина” (Ш.Алтантуяаг тэгж дууддаг байсан бололтой)-г хөнөөх захиалга өгөөгүй” гэж мэдэгджээ.

Энэхүү гэрч нь 2006 оны арваннэгдүгээр сард Куала Лампурын захын хорооллын Жалан Ампан зам дахь Total Nexus компанид ажилладаг байсан юм. Хэрэг гарах үед Абдул Разак түүнд “Ямар нэг муу юм болчихлоо” гэж хэлсэн аж.

Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгч Сангийт Каур Део “Ямар нэгэн муу зүйл гэж юу хэлээд байгааг тайлбарлаж өгөхгүй юу” гэсэн хүсэлтэд Сити Айсях “Абдул Разак “Амина” үхчихсэн байна” гэж хэлсэн хэмээн тайбарласан байна.

Шүүх хурлын үеэр гэрч Ш.Алтантуяагийн зургийг заан “Энэ бол Амина” гэж мэдүүлжээ.

Энэхүү хэрэгт цагдаагийн дарга асан Азилла мөн өмнө нь цагдаа байсан Сиру Азхар Ухар болон улстөрч Абдул Разак нарын гурван хүн буруутгагдаад байгаа юм.

Тэгвэл Разак Багинда гараар бичсэн зурвасаа цагдаа нарт өгсөн талаар шүүхээс мэдээлсэн байна. Энэ талаар Малайзийн мэдээллийн “thestar.com” сайтад өнгөрсөн мягмар гаригт мэдээлснээр “Абдул Разак Багинда нь гараар бичсэн зурвасаа 2006 оны арваннгэдүгээр сарын 14 болон 15-нд өгсөн” гэж мэдэгдлээ.

Малайзын эзэн хааны цагдаагийн газарт ажиллаж байсан, өдгөө 47 настай Ахмад Абу Бакар энэхүү шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгчээ. Тэрээр Абдул Разак дараалсан хоёр өдрийн огноо (2006 оны арваннэгдүгээр сарын 14-15)-той гар бичмэл бүхий зурвасыг олж илрүүлсэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгджээ. Энэхүү гар бичмэлийг факсаар ирэх үед тэрээр олж илрүүлсэн байна. Зурваст зочид буудлын нэр болон “Амина” гэсэн нэр бисэн байсан хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ