Хуульч Д.Мөнх-Эрдэнийн онцлох эшлэлүүд

2019-05-15

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор хуульч Д.Мөнх-Эрдэнийг урьж, ярилцсан билээ.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг  хүргэж байна. 

-Сүүлийн үед улс төрд хуулийн салбарын реформ  нэртэй олон үйл явдал өрнөж байна.Шинэчлэл гэдэг нь засч сайжруулж, боловсронгуй болгох ойлголт юм. Гэтэл одоо улстөрчдийн шинэчлэл улам л дордуулж, энэ салбарыг хүчгүйдүүлж эхэллээ.

-Албан тушаал, авлигын хэрэгт холбогдоод, хууль зөрчөөд байгаа нь олонхи биш. Энэ хүмүүст хариуцлага тооцох хууль, эрх зүйн орчин ч бий. Гэтэл ганц хоёр хүнийг авч хаях гэдгээр далимдуулан салбарынх нь эрхзүйн орчныг дордуулна гэдэг байж боломгүй зүйл  юм.

-ҮАБЗ-өөс гаргадаг зөвлөмжийн дагуу шүүгч нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг, АТГ, прокурорын удирдлагыг чөлөөлдөг, огцруулдаг болчихлоо. ҮАБЗ-д улс төрийн намын нөлөө бүхий гурван улстөрчид л сууж байгаа шүү дээ. Улстөрчид улсын хэмжээнд хуулийн салбарыг хөдөлгөдөг боллоо.

-Бид бие даасан, хараат бус байдал болон улс төр, бизнесийн нөлөөнд орсон гэсэн хоёр туйлын хоёр дахь руу нь буюу улстөрчдөд үйлчилдэг, эзэн нь солигдохоор эргээд хуулийн байгууллага руу дайрдаг энэ тогтолцоог улам л бэхжүүлээд байна. Ийм завхарсан байдлыг нэн яаралтай халж засах шаардлагатай болжээ.

– Гэтэл өнөөдөр хуулийн салбарыг 20 гаруй жил удирдсан хүмүүс гэнэт нүд нь нээгдсэн юм шиг л болж байна. Салбарынхаа талаар гэнэт яриад эхэлсэн. Тэгээд ужиг өвчний шалтгааныг нь олж тэмцэх ёстой байтал мэдээ алдуулах гэх мэтээр түр зуур аргалах алхмуудыг ярьж хэрэгжүүлж байна.

-Хуулийн салбарт улстөрчдийн гар хөлийг авчираад тавьчихсан. Тэд томилсон хүнийхээ нөлөөнд орох нь угаасаа л тодорхой.

– Цаашид бид хууль, эрх зүйн салбараа шинэчилж, улстөрчдийн гар хөл, оролцооноос аварч байж, гадны хөрөнгө оруулалт, эдийн засгийн шударга байдал, тэгш өрсөлдөөн, бизнесийн сайн орчинг бүрдүүлж чадна. Ингэж байж Монгол Улс хөгжинө.

-Үнэхээр индэр дээр чангаар ярьж байгаа шиг шударга төр, нам, удирдлага байгаа бол эдгээр хүмүүст ёс зүйн болон улс төрийн хариуцлага, эрүүгийн хариуцлага хүлээлгээд явж байх ёстой. ЖДҮ-чдээсээ эхлээд хариуцлага ярь.

-Сая нэг хүн дур зоргоороо аашлаад л УИХ-аас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихлаа.  Цаад агуулга нь өмч хувьчлал, ашигт малтмал, байгаль орчинтой холбоотой УИХ-аас гаргасан хууль, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулсан Засгийн газрын шийдвэрүүд өөрөө бүхэлдээ Захиргааны шүүхийн хэргийн харъяаллаас гарч байна.

-Ёс суртахууны доголдолтой, уналтад орсон парламентад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярих эрх бий юу. Ийм хүмүүс Монголын хамгийн чухал, ард түмний хувь заяатай холбоотой хуульд өөрчлөлт оруулж болох уу. Би дахиад хэлье л дээ. Бид хараат  бус, бие даасан хуулийн байгууллагатай болж чадахгүй, эрх нь хумигдсаар, улс төрийн нөлөөнд орсоор байх юм бол хөгжил дэвшлийн талаар яриад ч нэмэргүй л болж таарлаа.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ