“Ромео, Жульетта”-г балет хэлбэрээр тоглоно

2019-05-14

Б.ДОЛЖИНЖАВ

“Ял, өршөөл хоёр хүн хүндээ ногдох боловч Ромео, Жульетта хоёрынх шиг ийм эмгэнэлт тууж орчлон дэлхийд хаа ч үгүй билээ” гэж Уилъям Шекспир тэртээ 1595 онд  бичснээс хойш энэ зохиол өнөө үед ч хүн төрөлхтөнд хэзээ ч үл унтрах жинхэнэ хайрын мөн чанарыг мэдрүүлсээр байгаа билээ. Манай улсад 1966 онд найруулагч С.Гэндэн Уилъям Шекспирийн “Ромео, Жульетта” драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. Үүнээс хойш балетмейстер Х.Гансүрэн 2001 онд УДБЭТ-ын тайзнаа бүжгэн жүжиг хэлбэрээр найруулан хүргэж байжээ. Тэгвэл энэ том бүтээлийг “Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид Монголдоо 18 жилийн дараа бүрэн хэмжээний бүжгэн жүжиг хэлбэрээр УДБЭТ-ийн тайзнаа энэ сарын 17, 18-нд тоглохоор болжээ. Дэлхий дахинаа алдаршсан зохиолыг монгол үзэгчид бүжгэн жүжиг хэлбэрээр үзэх боломж бүрдэж байна.  “Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид энэ боломжийг үзэгчдэд олгосон юм.

Балетын нэг онцлог нь XV зууны Итали орныг санагдуулахын тулд тухайн үед италичууд юу өмсч, эдэлж хэрэглэж байсан тухай түүхэн нарийн судалгааг  хийж ямар ч илүү дутуу гоёл чимэглэлгүй, яг тэр үеийн донж маягаар хувцсаа урласан аж. Мөн тухайн үед Верон хотод томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд иргэд нь худалдаа наймаа эрхэлдэг байсныг ч үзүүлэхээр бэлдэж байгаа юм байна. Ийн XV зууны Итали орноор нэг өдөр аялж, мөхөшгүй хайрын түүхийг мэдрэх боломжийг “Их эзэн хааны театр”-ын хамт олон олгожээ. Ромеод УДБЭТ-ын балетын гоцлооч А.Эрдэнэболд, Жульеттад УДБЭТ-ын балетын гоцлооч, гавьяат жүжигчин О.Анужин нар тоглох аж.

Энэ балетын талаар найруулагч Д.Дашлхагва хэлэхдээ “Бид хорвоод хэрхэн ирсэн, хэзээ буцахаа мэдэхгүйгээс хойш бие биеэ хайрлаж амьдрах ёстой. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн энэ балетын тайзнаас Шекспир сонсогдож, С.Прокофьев дуугараасай гэж хүсч байна. Сайхан хайрын түүхийг чадлынхаа хэрээр бүжгэн жүжгээр дамжуулан амилуулж, нийгэмд хайр түгээхийг зорилоо” гэсэн юм. Хүмүүст хайрыг бэлэглэх уг балетын удирдаачаар Т.Гэрэлцэцэг, туслах найруулагчаар гавьяат жүжигчин, балетмейстр Х.Гэрэлчимэг, зөвлөхөөр Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва, гавьяат жүжигчин Б.Туул, Азийн утга зохиолын шагналт, зохиолч Д.Урианхай, Ардын жүжигчин П.Хаянхярваа нар ажиллажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.14  мягмар  №99  (6066)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ