НАТО-гийн батлан хамгаалах чадварыг сэргээхэд ямар төсөв шаардагдах вэ?

2019-05-14

Х.ОЮУНБОЛД

Олон улсын зэвсэгт хүчний стратеги судалгааг хийдэг хүрээлэнгийн мэргэжилтнүүд АНУ- НАТО-гоос гарсан тохиолдолд бусад гишүүн орнууд батлан хамгаалах чадвараа сэргээхэд хэдэн тэрбум ам.доллар шаардлагатай болохыг тооцоолсон байна. Германы “Франкфуртер алгемайне цайтунг” сонинд тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд боломжтой зардлыг тооцоолохын тулд хоёр хувилбарыг судалсан талаар бичжээ.  Эхний хувилбараар  НАТО-гийн гишүүн орнууд олон улсын далайн усан замыг хамгаалахын тулд АНУ-ын тоног төхөөрөмж, бусад хэрэгслийг солих шаардлагатай болно. Ялангуяа, Европын орнууд усан онгоц, нисэх онгоцыг 94 тэрбумаас 110 тэрбум ам.доллар зарцуулж олох шаардлагатай. Мөн байлдааны харуулын хөлөг онгоцнуудыг худалдаж авахад  20-31 тэрбум ам.доллар зарцуулна гэж үзэж байгаа юм. Харин Европын орнууд байлдааны хурдан усан онгоц худалдаж авахад 19-21тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцоолжээ. Түүнээс гадна хуурай газарт дайн гарсан тохиолдолд Европ их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болно.  Олон улсын зэвсэгт хүчний стратегийг судалдаг хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ тохиолдолд Европын орнуудын зүгээс гаргах зардал 288 тэрбум болон 357 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж мэдэгдсэн байна. Үүн дээр агаарын дайралтаас эсэргүүцэх “Патриот пуужингийн 90 цэнэг хураагуурыг худалдаж авахад шаардлагатай 78 тэрбум ам. доллар энэ жагсаалтад нэмэгдэнэ. Мөн НАТО-гийн гишүүн оронд танк хэрэгтэй болно гэсэн байна.  Өнгөрсөн жилийн долдугаар сард Брюссельд болсон чуулган эхлэхийн өмнө ерөнхийлөгч Доналд Трамп энэ байгууллага байх шалтгааныг асууж байсан байна. Тэрээр энэ байгууллагыг Вашингтонд үүрүүлсэн том ачаа гэж үзсэн аж.  Мөн өнгөрсөн жил Доналд Трамп төрийн албан хаагчиддаа энэ байгууллагаас гарахыг хүсч буйгаа илэрхийлж байсныг “Нью Иорк таймс” сонин бичиж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.14  мягмар  №99  (6066)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ