Малайзын төрийн сангийн луйвар Б.Обамагийн “хэтэвч”-тэй холбогдов уу?

2019-05-13

Ж.ЦОГЗОЛМАА

Малайзын төрийн сангийн мөнгийг завшсан хэрэгт сэжиглэгдээд буй Жо Лоугийн эсрэг АНУ-ын хууль хяналтын байгууллагаас шинэ ял тохоохоор зэхэж байна. Тодруулбал, түүнийг 2012 онд Барак Обама Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх кампанит ажилд саад болох үйл ажиллагааг санхүүжүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Өнгөрсөн баасан гаригт Вашингтонд мэдээлсэн тайланд дурдсанаар Лоу нь кино продюсер, хөгжимчин Прас Мичел рүү 21.6 сая ам.доллар шилжүүлсэн байлаа. Харин хөгжимчин эр 20 орчим хүнтэй ойролцоогоор 865 мянган ам.доллар бүхий мөнгөн шилжүүлэг хийсэн байжээ. Түүнчлэн Мичел сонгуулийн хараат бус хороо руу нэг саяас илүүтэй ам.доллар шилжүүлсэн тухай хууль хяналтынхан хэлж байна.

Энэ хоёр хүний эсрэг АНУ-ын сонгуульд нөлөөлсөн гэх ял бас яригдаж байгаа юм. Лоу болон Мичел нар өнгөрсөн жил ямар нэг ял шийтгэл аваагүй. Гэхдээ Малайзын төрийн сантай холбоотой маргаан эхэлснээс хойш АНУ-ын Хууль зүйн яамны явуулсан мөрдөн байцаалтын дүнд энэ хоёр этгээд нь Трампын засаг захиргаанд нөлөөлөхөөр оролдсон хамсаатнууд хэмээн танигдсан байдаг.

Харин одоо Трампын засаг захиргаанаас Лоу нь өмнөх засаг захиргаатай холбоотой хэмээн мэдээлж байна. Вашингтонд Обамагийн дахин сонгуулийн кампанийн үеэр Мичел болон Лоугийн аав нар хандив цуглуулахад оролцсон хэмээн ялын баримтад онцолсон байлаа.

 

Нэр дэвшигч А

 

Ялын төлөвлөгөөнд Обамагийн нэр байгаагүй бөгөөд харин Нэр дэвшигч А гэж дурдсан байлаа. Мөн хандив цуглуулагчдын нэрс ч байгаагүй юм. Обамагийн төлөөлөгч тайлбар хийхээс татгалзсан байна. Хамгийн сүүлийн ялын төлөвлөгөө нь АНУ-ын Хууль зүйн яамнаас илрүүлсэн тус сан дахь авлига, луйвартай холбоотойгоор үүсээд байгаа юм. АНУ-ын хууль хяналтын байгууллагынхан болон дэлхий дахины нөлөө бүхий байгууллагуудын мэдээлж буйгаар Малайзын эдийн засгийн хөгжлийг батжуулах энэ сангийн хөрөнгийн дийлэнх нь Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөх Лоугаар дамжин янз бүрийн кампанит ажлыг санхүүжүүлэхэд зарцуулсан байна.

Лоу нь өмнө АНУ-д гадны албан тушаалтнуудад авлига өгөхөөр хуйвалдсан мөн мөнгө угаасан гэх хэргээр яллагдаж байсан нэгэн юм. Харин Малайзад тэрээр 2009-2011 онд төрийн сангаас нэг сая гаруй ам.доллар авсан, мөнгө угаасан хэргээр яллагдсан байдаг. Харин одоо Лоугийн хаана байгаа нь тодорхойгүй байна.

“Ноён Лоу буруугүй. Мөн тэрээр АНУ-ын хуулийн дагуу ял шийтгэл авахгүй байх магадлалтай. Бас ноён Лоу АНУ-д шууд болон шууд бусаар ямар нэгэн кампани хэзээ ч ажиллуулж байгаагүй. Түүгээр ч барахгүй тэрээр ямар нэг сэжиг бүхий ямар ч үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалздаг” гэж төлөөлөгч нь хэлсэн байна. Өнгөрсөн пүрэв гаригт “Блүүмберг”-т ирүүлсэн цахим мэдээлэлдээ Мичелийн хууль Барри Поллак “Ноён Мичел гэм буруугүй” гэж мэдэгдсэн байв.

 

Сэжиг таамаг эхэлсэн түүх

 

Ялласан баримт эхэлсэн түүх Жо Лоугийн ятгалгаар Мичел 2012 оны сонгуульд Обамагийн дахин өрсөлдөхөд хандив цуглуулах ёслолын хоёр томоохон тасалбарыг авснаас эхэлжээ. Эхнийх нь Маиамид хамгиийн багадаа 40 мянган ам.доллар цуглуулах ёслол зургадугаар сард болсон байна. Тайланд дурдсанаар Мичел энэ ёслолд оролцохоос татгалзжээ. Үүнээс гурван сарын дараа Мичел, Лоу болон түүний аавыг Вашингтонд болсон Обамагийн ёслолын ажиллагаанд оролцохыг ятгажээ. Ялын төлөвлөгөөнд дурдсанаар аав нь үүнийг зөвшөөрч, хандив цуглуулах үеэр Мичелтэй “Нэр дэвшигч А”-гийн хажууд суусан гэсэн байв. Энэ ёслолд оролцох тасалбар ямар үнэтэй байсан нь тодорхойгүй байна.

Мөн ялын төлөвлөгөөнд бичснээр тэдний зургийг авсан байсан бөгөөд тэд Обаматай хамт авахуулсан зураг хүртэл байгаа аж.

Энэ хэрэгтэй холбоотойгоор шүүхээс гаргасан баримтад дурдсанаар Мичел нь өнөөгийн банкны луйврын хуйвалдааны хэргүүдийн төвийн тоглогч байсан гэдгийг 2012 оноос хойш сөхөгдсөн мэдээллүүд харуулж байгаа аж. Энэ хэрэгт АНУ-ын Хууль зүйн яамны албаны хүн болох Жорж Хиггинботам холбогдсон гэсэн мэдээлэл ч байгаа юм.

 

Малайзын дуулиан дэлхийн санхүүгийн ертөнцийг доргиов

 

Энэ загвараар бол Хиггинботам нь Малайзын төрийн сангаас хулгайд алдагдсан мөнгөний хэргийг мөрдөн байцаах АНУ-ын үйл ажиллагаанд нууцаар нөлөөлөхөөр оролдсон гэдгээ өөрөө хүлээсэн байна. Ингэхдээ тэрээр АНУ-д суусан “Хуйвалдагч А” руу Азиас “Хуйвалдагч В” мөнгө шилжүүлэн төвлөрүүлэх банкны дансыг нээхдээ 2017 онд бичиг цаасны ажлыг хуурамчаар үйлдсэн хэмээн өөрөө хүлээн зөвшөөрчээ. Энэ дүрслэлээр хамтран хуйвалдагчдын огтлолцол Лоу болон Мичел дээр давхцаж байгаа юм.

Хиггинботамын шүүхэд өгсөн өргөдлийн дагуу тэрээр Мичелийн зааврын дагуу бичиг баримтыг хуурамчаар бэлтгэсэн байна. Хиггинботам Мичел болон Лоу нар хуурамч компанийг үүсгэн байгуулах шаардлагатай болсныг ойлгожээ. Учир нь АНУ-ын ямар ч банк 2016 онд Малайзын төрийн сангаас алдагдсан мөнгөний луйврын хэрэгт холбоотой хэмээн АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлэлд тэмдэглэгдсэн Лоугаас ямар ч хөрөнгө хүлээн авахгүй байлаа.

46 настай Мичел нь хөгжимчин, жүжигчин, продюсер юм. Тэрээр 1990-ээд оны урлаг соёлын ертөнцөөс товойн гарсан уран бүтээлч юм. Лос Анжелос дахь орон гэргүй хүмүүсийн амьдралыг харуулсан баримтат кино зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлийг тэр продюсерлсэн юм.

Лоу болон Мичел нарын эсрэг ялын төлөвлөгөө нь Малайзын төрийн сантай холбоотой зарга, мөрдөн байцаах үйл ажиллагаанд АНУ-ын ерөнхий прокурор Уиллиам Баррыг оролцуулахаас татгалзсан шийдвэр гарснаас хэдхэн долоо хоногийн дараа ийн гарч ирсэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин

2019.5.13  даваа  98  (6065)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ