Б.Марал: “Хунт нуур”-ын хар, цагаан хунд тоглох юмсан гэж боддог

2019-05-13

Зүүн гар талаас О.Даваадорж, Б.Марал, Х.Галтулга.

 

Р.ОЮУН

УДБЭТ-ын залуу балетчид уран бүтээлийн олз арвинтай байна. Учир нь саяхан болсон Орос, Япон, Евро Азийн балетын анхдугаар тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Энэ тэмцээнд 156 орны балетын жүжигчид оролцсон бөгөөд Монголоос 12 балетчин ур чадвараа сорьсноос тав нь медаль хүртсэн аж. Шагналын эзэдтэй  уулзахаар УДБЭТ-ыг зорьж очиход уран бүтээлчид маань бэлтгэл хийгээд завгүй байсан ч театрын балетмейстр, гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгт ирсэн зорилгоо хэлэхэд О.Даваадорж, Б.Марал, Х.Галтулга нарыг зааж өгсөн юм.

Тэднээс олон улсын анхдугаар тэмцээнд хэрхэн оролцсон талаар сонирхлоо. Б.Марал “Энэ тэмцээн анхдугаар гэдгээрээ их онцлог болсон. Өөр уралдаанд оролцохын өмнө бичлэгээ өгөөд тэнцсэн бол дараагийнхаа шатанд ордог байсан. Харин энэ удаагийнх хуучны арга барилаар буюу I-III шат хүртэл заавал өөрөө байж бүжиглэдэг. Би сонгодог балетын дунд буюу 16-18 насны ангилалд эхний шатандаа “Нойрссон гүнж”-ийн гуравдугаар үзэгдлийн бүжгээс мөн “Кармен сюит” бүжгэн жүжгийн хэсгээс бүжиглэж алтан медаль хүртсэн. Өнгөрсөн хавар Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ахын нэрэмжит анхны олон улсын уралдаанаас алтан медаль, өнгөрсөн сард Токиод болсон Ази, Номхон далайн орнуудын тэмцээнээс хүрэл медаль авсан. Саяынх миний гурав дахь олон улсын тэмцээн. Энэ ч утгаараа туршлага их судаллаа. Хамгийн түрүүнд цагаа зөв ашиглах ёстой юм байна гэдгийг мэдсэн. Би цагаа буруу ашигладаг байсан байна лээ. Миний хувьд “Хунт нуур” балетын хар, цагаан хунд тоглох. Хүн байж байгаад хунгийн дүрд орж байгаа нь их таалагддаг” гэсэн юм.

Харин Х.Галтулга олон улсын тэмцээнд анх удаа оролцож медаль авсандаа ихэд баяртай байлаа. Эхэндээ жаахан айж, сандарсан ч сонгодог балет, үндэсний бүжгийн төрлөөр тус бүр мөнгөн медаль авсан нь түүнд их урам өгсөн гэв. Шагнал авна гэж бодоогүй байсан болохоор сайхан санагдсан. “Ромео, Жульетта”-гийн Ромеод тоглохыг хүсдэг ажээ.

О.Даваадоржийн хувьд энэ тэмцээнд гуравдугаар сараас эхэлж бэлдсэн болохоор хичээл зүтгэл гаргаж медаль авсандаа баяртай байгаа гэсэн. Тэрээр жил гаруй хугацаанд тэмцээнд оролцоогүй болохоор жаахан сандарсан ч 16-18 насны ангилалд оролцож алтан медалийн эзэн болжээ. Мөн 2017 онд сургуулиа төгсөөд БНСУ-д тэмцээнд финалын шат хүртэл амжилттай оролцсон. Өнгөрсөн онд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит олон улсын анхны тэмцээнээс алтан медаль авсан байна. “Дон Кихот” бүжгэн жүжгийн Базилийн дүрд тоглох юмсан гэж боддог. Энэ дүр ур чадвар их шаарддаг хэмээн гэгээн хүсэл мөрөөдлийнхөө талаар өгүүлж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин

2019.5.13  даваа  98  (6065)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ