Долоо хоногийн фото тойм

2019-05-12

2019-05-06  Даваа гариг

Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүлэв

БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит гурван удаагийн шагналт, анхны Ардын уран зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Хатагин овогт Цэндийн Дамдинсүрэнгийн 111 жилийн ойн хүрээнд 3.5 метр өндөр хүрэл хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо. Хөшөөг Соёлын тэргүүны ажилтан А.Очирболд бүтээсэн байна.

Хөшөөний нээлтэд Хотын дарга С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэрэнжав, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Д.Чулуунбаатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Д.Төрбат зэрэг эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

 

 

2019-05-07  Мягмар гариг

Бэлчээр ашиглах, хамгаалалтын асуудлыг хэлэлцлээ

УИХ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

Үндэсний хэлэлцүүлгийн зорилго нь  монгол орны бэлчээр ашиглалт, хамгаалалттай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгаа юм.

Оролцогчид үдээс өмнө  “Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал”, “Бэлчээрийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх арга замууд, үр дүн сургамж”сэдвээр илтгэл, танилцуулга сонслоо.

 

 

2019-05-08 Лхагва гариг

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиож байна

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөх ёслол боллоо.

Тэртээх 1925 оны тавдугаар сарын 8-ны өдөр Д.Нацагдорж Монгол Улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”нэртэй Пионерийн байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллага үүссэн  түүхтэй  эдүгээ 94 жилийн ойтойгоо золгож байна.

 

2019-05-09 Пүрэв гариг

“Мөнхөд дуурсагдах дайчид”-д хүндэтгэл үзүүллээ

Аугаа их эх орны дайны ялалтын 74, Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн явган жагсаалыг Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Оролцогчид Батлан хамгаалах яамны урд талбайгаас ЗХУ-ын маршал Г.К.Жуковын талбай хүртэл алхсан юм. Жагсаалд, Монгол Улсын Батлан хамгаалах болон ГХЯ-ны удирдлагууд, ЗХЖШ, ХХЕГ-ын ахмад ажилчид, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд болон үе үеийн ахмад дайчид, амь үрэгдсэн баатруудын ар гэрийнхэн, Тэмүүжин өрлөг бага сургуулийн сурагчдын төлөөлөл болох 6000 хүн оролцлоо.

 

 

2019-05-10 Баасан гариг

Д.Дамба-Очир “хэрэг”-ээ хүлээв

Парламент хэлэлцэж, шийдвэр гаргах учиртай нууцын зэрэглэлтэй баримт бичгийг гадны хөрөнгө оруулагч компанид шууд хүргүүлсэн асуудал улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулаад байна.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

-Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг “Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ