Г.Халиунаа: Дуртай зүйлээ хийх нь хүнийг тал бүрээр хөгжүүлдэг

2019-05-09

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ удаагийн “Бүнээ, Сүнээ хоёр” буландаа 12 хүртэлх насны хүүхдийн шатрын бодлого бодолтын анхдугаар тэмцээнд долоон минутад бүх бодлогоо зөв бодож, тэргүүн байрт шалгарсан “Дагшаа хүү” шатрын клубын тамирчин Г.Халиунааг урилаа. Тэрээр Нийслэлийн лаборатори I сургуулийн VI ангид сурдаг.

-Шатрын бодлого бодолтын тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Монголд анх удаа болсон шатрын бодлого бодолтын аварга шалгаруулах хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд оролцож I байр эзэлж, наймдугаар сард БНХАУ-д болох 2019 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах онгоцны билетээр шагнуулсандаа баяртай байна. Тэмцээний бодлого “64 ухаалаг дэвтэр”-ээс ирсэн. Дэвтэрийнхээ I, II цувралыг худалдаж аваад өглөөнөөс орой хүртэл сууж бүх бодлогыг нь бодчихсон байсан учраас амархан байсан.

-Хэзээнээс  шатраар хичээллэсэн бэ?

-Би таван настайдаа шатар тоглож сурсан. Анхны нүүдлийг аав маань зааж өгсөн. 2018 оноос “Дагшаа хүү” клубт хичээллэж байна. Дэлхийн шатрын холбооны FIDE дасгалжуулагч Ч.Баттүвшин багшийн шавь. Багш маань дэлхийн олон аварга төрүүлсэн. Мөн бидэнд шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй орос, англи хэлнээс орчуулж, зааж өгдөг. Тиймээс би багш шигээ гадаад хэлийг сайн эзэмшинэ гэж боддог.

-Англи хэл сурахаас гадна өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Шатарчин хүн биеийн дасгал хөдөлгөөн заавал хийх хэрэгтэй гэж аав үргэлж хэлдэг болохоор чөлөөт цагаараа бассейнд сэлж, агаарын иогоор хичээллэж тархиа амраадаг. Бага байхдаа балетаар хичээллэдэг байсан. Бас намайг сургуульд орохоос өмнө өвөө эмээ минь уншихыг зааж өгсөн болохоор ном унших дуртай. Ялангуяа, амжилттай яваа хүмүүсийн түүхийг унших сонирхолтой байдаг.

-Шатар тоглоход өдөрт  хэдэн цаг зарцуулдаг вэ?

-Дунд ангид орохоосоо өмнө шатар тоглоход олон цаг зарцуулдаг байсан. Одоо санасандаа хүртэл бэлтгэлээ хийж чадахгүй байна. Гэхдээ том тэмцээний өмнө клуб дээрээ долоо хоногийн зургаан өдөр нь өглөөнөөс орой хүртэл бэлтгэл хийдэг. Шатар тоглосноор холын бодолтой, оюуны чадамж өндөр болно. Би шатар тоглох дуртай. Дуртай зүйлээ хийх нь хүнийг тал бүрээр хөгжүүлдэг гэж боддог.

-Өмнө нь гаргаж байсан амжилтуудаасаа дурдвал?

-Өсвөрийн улсын аваргын болон өсвөрийн түргэвчилсэн тоглолтын алт, мөнгөн медальтай. 2017 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2018 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 12-т шалгарсан. Өнгөрсөн сард Шри Ланкад болсон Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрлөөр алтан цомын эзэн болсон.

-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 12 настай хүүхэд шилдэгт багтана гэдэг том амжилт. Найзууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Шатрын спортоор хичээллэдэг, хичээллэдэггүй ч бай хүүхэд бүр том, жижиг гэлтгүй зорилготой байж түүндээ хүрэхийн тулд их хөдөлмөрлөж тууштай байх ёстой гэж боддог.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо шийдсэн үү?

-Бага насандаа хоёрдогч, гуравдагч хэлийг сурчихвал том болоод цаг хэмнэхээс гадна ирээдүйн мэргэжлээ сонгоход дөхөмтэй. Тиймээс би 2017 оноос “Jet school of English” сургалтын төвд англи хэл сурч байгаа. “Jet school of English”-ийн ерөнхий захирал Ц.Чинзориг, англи хэлний багш нартаа баярлалаа. Би ирээдүйд эдийн засагч мэргэжилтэй болоод том компани байгуулна гэж мөрөөддөг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.9  ПҮРЭВ  96  (6063)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ