“Халх голын ялалт, ЗХУ ялсан өдөртэй давхцаж байна”

2019-05-07

Х.ОЮУНБОЛД

“Дуурсах он жилүүд” ТББ-аас Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд хийж  байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус байгууллагын  тэргүүн, бэлтгэл хурандаа Г.Нямдорж залуучуудын дунд ахмад үеийнхний дайчин уламжлалыг сануулсан гавьяаг сурталчилах зорилгоор Халх голын ялалтын ойтой холбогдолтой лекцийг их, дээд сургуулийн оюутнуудад уншиж байна. Мөн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг оролцуулсан Улаанбаатарт байгаа Халх голтой холбоотой дурсгал, баатруудын хөшөө, цэргийн музейг танилцуулсан тайлбартай аялал хийхээр ажиллаж байна. Түүнээс гадна Халх голын чигт бүх үеийнхэн оролцох боломжтой дайн болсон түүхэн газруудад очих таван өдөр, дөрвөн шөнийн аяллыг хийхээр маршрутаа гаргачихсан байгаа аж. Тухайлбал, Дорнод аймгийн Мэнэнгийн тал, дайчдад зориулсан хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхох юм байна. Үүгээрээ хүмүүст эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна гэв. Энэ үеэр Хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа А.Батсайхан “Халх голын ялалтын 80 жилийн ой, дэлхийн II дайнд ЗХУ ялсан өдөртэй давхцаж байгаа нь энэ ойн онцлог юм. Халх голын дайн жирийн нэг дайн байгаагүй. Бүх ард түмний дайн байсан. Энэ хоёр хоорондоо холбоотой ялалт байсан” гэв. Ойг угтаж хийсэн хуралд Халх голын дайнд оролцсон ахмад дайчин, чөлөөндөө гарсан хошууч Г.Батмөнх, “Дуурсах он жилүүд” ТББ-ын тэргүүн, бэлтгэл хурандаа Г.Нямдорж, Хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа А.Батсайхан, “Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн нэгдсэн эвлэл” ТББ-ын тэргүүн, бэлтгэл хурандаа Б.Жуваа нар оролцлоо.

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ