“Компанийн удирдлагуудыг сонгон шалгаруулалтаар томилдог болно”

2019-05-07

Ц.МЯГМАРБАЯР

Манай улсад төрийн болон төрийн өмчийн оролцоотой  90 орчим компани бий. Ихэвчлэн стратегийн чухал салбар болох уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, шуудан, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.Төсвийн 18-20 хувийг эдгээр компаниуд бүрдүүлдэг. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм шинэчлэгдсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран  “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд удирдлагуудыг чадавхыг бэхжүүлэх багц сургалтууд хийгдэж буй. Өчигдөр төрийн өмчит компаниудын захирал, удирдлагуудад зориулсан Төрийн албаны ТОП менежерийн сургалтыг зохион байгуулсан юм. Тус сургалтын нээлтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар оролцсон юм. Энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ ярихдаа “Төрийн өмчит компаниудын өмнө тулгамдсан гурван асуудал байгаа. Нэгдүгээрт,  төрийн өмчит компанийн удирдлагын томилгоо, сонгон шалгаруулалтад дутагдалтай зүйл олон. Тиймээс цаашид төрийн албан хаагчийг сонгон шалгаруулалтаар сонгодогийн адил төрийн өмчит компаниудын захирлуудыг уралдаант шалгаруулалтаар сонгож, томилдог, чөлөөлөх тогтолцоог бий болгох. Ингэснээр сонгуулийн үр дүнгээс хамааралтай удирдлагуудыг сонгож, томилдог байдал үгүй болно. Түүнчлэн Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны тайланг олон нийтэд ил тод нээлттэй болгох  шаардлага, зарчим үгүйлэгдэж байна. Мөн компанийн засаглалыг  сайжруулах чиглэлээр “OSD” буюу “Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага”-ийн зарчмыг Монголын төрийн өмчит компаниудад нутагшуулж үйл ажиллагааных нь  гол зарчим болгож ажиллах шаардлагатай.  Төрийн  худалдан авалт, хөрөнгө оруулалтад олон нийт таагүй ханддаг. Өөрөөр хэлбэл, тендерийн үйл ажиллагааг удирдлагууд эрх мэдэл албан тушаалаа ашиглан шахааны хэлбэрээр явуулдаг гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд бий. Эдгээр тулгамдсан асуудлыг хууль дүрэм, бодлого зохицуулалтаар арилгахад анхаарч ажиллана”  гэсэн юм. Сүүлийн үед төрийн өмчит  компанийн засаглалыг сайжруулахын зэрэгцээ комплаенс нэвтрүүлэхэд чиглэж буйг зохион байгуулагчид онцолж байна. Өнөөдөр төрийн өмчит компанид 46 мянган хүн ажиллаж байгаа аж. Үүний цаана тэдний ар гэр гээд олон хүний амьдрал хамааралтай. Гэхдээ төр нэгэнт бизнес явуулж байгаа учраас зардлыг бууруулах, цомхон чадварлаг багаар үр ашигтай ажиллах, шинэ технологи инноваци нэвтрүүлэх зэрэг тодорхой ажил төлөвлөж байгаа тухай ярьж байв.Түүнчлэн хиймэл оюун ухаанд тулгуурласан бүтээмжит эдийн засаг руу чиглэж байгаа энэ үед хүссэн хүсээгүй боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх шаардлага тавигдах аж. Энэ удаагийн сургалтыг Сингапурын Төрийн өмчит компанийн засаглалын жишээнд суурилж тус улсын төрийн бодлогын сургуулийн эрдэмтэн багш нарыг урьж зохион байгуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.7  МЯГМАР  94  (6061)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ