Охидын хүчирхийлэлд цэг тавихыг уриаллаа

2019-05-06

Ч.ЗОТОЛ

Монгол Улсын хэмжээнд охидын хүчирхийлэх гэмт хэрэг хэрээс хэтэрч, нийгэм даяараа айж түгших боллоо.Энэ асуудлаар гарц гаргалаа хайсан, асуудал дэвшүүлсэн, бухимдсан эцэг эхчүүд учраа олохгүй байна. Иймд нэгдсэн зохион байгуулалтад орох, нийгмийн сайн сайхны төлөө  “Охидын хүчирхийлэлд цэг тавъя” хөдөлгөөнийг  Охидын түүх ТББ, “Босоо Хөх Монгол” ТББ, Хохирогчдын нэгдсэн холбоо хамтран эхлүүллээ.

Сүүлийн таван жил олон хүүхэд  хүчирхийлэлд өртөж, зарим нь учир битүүлгээр сураггүй болсон. Тухайлбал, одоогоос хоёр жилийн өмнө Замын-Үүдээс 11 настай охин, одоогоос сарын өмнө Сэлэнгэ аймгаас есөн настай охин алга болсон. Хойд ээждээ зодуулан тарчилж нас барсан  дөрвөн настай охин, төрсөн эцэгтээ хазуулж, заазуурдуулж хүнд гэмтсэн таван настай хүү, хамгийн сүүлд л гэхэд хойд эцэгтээ 72 цагийн турш тамлуулж нэг нь  есөн удаа хэвлийн хүнд хагалгаанд орсон, нөгөө нь сэтгэл санааны дарамтад байгаа 4-6 насны хоёр хүүгийн мэдээлэл ил болоод байна. Энэ тухай Ерөнхийлөгч, Засгийн газар, төрийн болон ТББ дор бүрдээ ярьж эхэлсэн ч ямар нэг шийдэл алга. Иймд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг  Охидын түүх ТББ гурван асуудлыг уриалга, шаардлага болгож байна.

Тус ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан хэлэхдээ “Энэ асуудлыг шийдэхэд нэгдүгээрт, хуулиа чангатгах ёстой. Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдолд мөнгөн торгууль ногдуулаад өнгөрдөг байж таарахгүй. Хорих ял нь 1.6-2 жил гэж байгааг өөрчлөх ёстой. Дээр нь хохирогчдод сэтгэл санааны нөхөн төлбөр олгох ёстой. Монголд энэ асуудлыг хөнддөггүй. Хохирсон хүүхдүүдэд биед нь учирсан хохирлыг баримтуудаа цуглуулж байж  шүүхээр арай гэж шийдүүлж авдаг. Зарим нь авч чаддаггүй. Учир нь хүчирхийлэгч  шоронд орсон, төлбөрийн чадваргүй гээд эмчилгээний төлбөрөө авч чадалгйү өнгөрдөг. Гэтэл хүүхдүүдийн сэтгэл санааг нөхөх, сэргээн засах, 2-3 жилийн үе шаттай эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Гэтэл энэ асуудлыг Монголд орхигдуулдаг. Тухайлбал, “Очир төв”-ийн зочид буудалд хүчирхийлүүлж амиа алдсан охины аав сэтгэл санааны нөхөн төлбөр 50 сая төгрөг  нэхэмжлэхэд шүүх нотлох баримтгүй гэсэн. Гэтэл хүүхээ алдахаас өөр ямар нотлох баримт байх ёстой юм бэ. Нөгөө талаас, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг нийгэм даяараа сайн хийх ёстой. 2019 онд Охидын түүх ТББ загвар өмсөгч Ч-ийн ар гэрийнхэнтэй хамтран нийгэмд дуу хоолойгоо хүргэж байсан. Түүнээс хойш охид амиа алдсан, хүчирхийллийн золиос болсон, сураггүй алга болсон олон тохиолдол гарлаа. Иймд урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн зохион байгуулах ёстой. Хүүхдийн оролцоог хангаж эн:ж ажлыг явуулах нь зүйтэй” гэв.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүчирхийлэлд өртсөн охидын 64.9 хувь нь найз нөхдөдөө мэдээлэл өгсөн. 34.8 хувь нь эцэг эхдээ, 3-8 хувь нь анги удирдсан багшдаа ярьдаг гэсэн  ХЭҮК, ТББ-ын судалгаа гарчээ. Хүүхдүүд үе тэнгийнхэндээ асуудлаа ярьдаг учраас охидыг хүчирхийллээс хамгаалахад хүүхдүүдийн оролцоог хангах нь үр дүнд хүрнэ гэж ТББ-ууд үзэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ