Долоо хоногийн фото тойм

2019-05-05

2019-04-29  Даваа гариг

 

“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлалаа

“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа /2019.04.30/ товложээ.  “Эрдэнэс Тавантолгой” компани 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй юм.

Хувьцаа эзэмшигчийн хуралтай холбогдуулан тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2019 оны эхний улирлын тайлан болон цаашдын бодлогоо танилцууллаа.

Тэрээр “2019 оны нэгдүгээр улиралд 4.2 сая тонн нүүр олборлож, 2.4 сая тонныг экспортолсон. Нийт 193.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь төлөвлөгөөгөө нэгдүгээр улирлын байдлаар 25 орчим хувиар давуулан биелүүллээ.Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд төсөвлөсөн үйл ажиллагааны зардлуудаа танаснаар 700 орчим тэрбум төгрөгийг том төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах боломж бүрдсэн” гэдгийг онцоллоо.

Фото@ zms.mn

 

2019-04-30 Мягмар гариг

Төрийн үйлчилгээ иргэн “төв”-д

шилжсэн нэг өдөр

Төв талбайд ирийтэл “өрсөн” цагаан асруудад төрийн байгууллагынхан иргэдтэй нэг өдөр өнжив. Нэг ёсондоо төр иргэнийхээ өмнө үүдээ нээж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой бүх мэдээллийг нэг дор авчирсан нь энэ юм. Асрын нэг талд ахмадууд тэтгэврийн хэмжээгээ бодуулж, зээлийн хүү хэрхэн буурч байгаа мэдээллийг лавлаж байсан бол нөгөө талд ажилд бүртгүүлсэн идэр насныхантай таарлаа.

Бүтэн сар зар сонин шүүгээд бүтэлгүйтсэн иргэдийн өмнө өчигдөр 60 гаруй  томоохон аж ахуйн нэгж үүдээ нээж хэдэн зуун ажлын байр санал болголоо. Ажилтай төрөлтэй гэж алгуурлаж, олон байгууллагын үүд сахих зав чөлөөгүй явсан иргэдэд төр, хувийн хэвшлийн 120 гаруй байгууллага нэг цэгээс үйлчилж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өглөө гэж  олзуурхаж яваа нь ч цөөнгүй байна.

Фото @Зууны мэдээ сонин

 

2019-05-01 Лхагва гариг

Н.Алтанхуяг: С.Эрдэнээг зайлуулж АН-ыг цэвэрлэхэд нэгдэцгээе

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын гишүүд, дэмжигчид болон хэвлэл мэдээллийнхэн, олон нийтэд хандан гурван  асуудлаар тайлбар  хийв.  Тэрээр АН-ын дотор намын даргын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ямархуу болсон, тус намын өнөөдрийн нөхцөл байдал, цаашид хэрхэх талаар байр сууриа хэлж, мөн С.Эрдэнийн зүгээс  өөрийг нь гүтгэж байна гэж мэдэгдсэн юм.

Тэрээр АН болон өөрийн тухай “2016 оны сонгуульд АН есөн суудалтай болж, намын даргын сунгаа явуулсан. Би сунгаанд оролцсон. 2016 онд Ц.Элбэгдоржийг МАНАН  мафийн толгойлогч гэж зарласнаас хойш амар заяа үзсэнгүй. Гэхдээ шударга ёс ялна,  намаа зөв цэвэр байлгая гэж даргын сунгаанд орсон.

Фото@Үндэснмйн мэдээлэлийн төв

 

2019-05-02 Пүрэв гариг

Японы эзэн хаанд гардуулах хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

Японы Эзэн хаан Акихито, хатан Мичико нарын том хүү, угсаа залгамжлах хунтайж Нарухито Япон улсын 126 дахь сүр жавхлант Эзэн хаанаар өргөмжлөгдсөн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.  Угсаа залгамжлах ханхүүг хааны сэнтийд заларсан түүхэн үйл явдалтай холбогдуулан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хүндэтгэлийн ёслол хийлээ.

Энэхүү ёслолын үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Угсаа залгамжилсан хунтайж Монголд ирэхдээ сайхан сэтгэл өвөрлөж ирсэн нь харагдсан. Уулзаж ярилцаж, морь унаад хамт явж байлаа. Соёолон морины тоосонд хамт зогсч, Монголын ард түмний уламжлалаар үйл хэрэг бүтэн сайхан ерөөлийг нэг нэгэндээ хэлж наадам үзэж байлаа. Хунтайж хүнтэй ярихдаа заавал нүд рүү нь хардаг. Нүдээ цавчдаггүй нь гүн сэтгэгдэл төрүүлж байсан. Энэ үйлдэл нь өөртөө итгэлтэй, ярьж байгаа хүндээ хүндэтгэлтэй харагддагийн илрэл юмуу гэж ажиглагдсан. Рэйвагийн он тооллыг гайхамшигтай зохицлын эрин үе гэж би тайлж ойлгосон. Японы ард түмэн шинэ эзэн хаантайгаа хамтраад бусдад итгэж, бусдыг хүндэтгэж ирээдүйн ямар ч саад бэрхшээлийн өмнө нүд цавчихгүй зогсох шинэ цаг гэж ойлгож байна.

Абэ Ерөнхий сайд “Япон улсаар бахархдаг, ирээдүйдээ итгэлтэй, орчин цагийн тулгамдсан асуудлыг шийдэх гарцаа олж харсан эрин үе эхэллээ” гэж хэлсэн байна лээ. Шинэ эзэн хаан гайхамшигтай зохицол буюу нэг ч хүнийг орхихгүй, ард түмэнтэйгээ хамт байх болно гэж хэлсэн. Гайхамшигтай зохицол бол хаан, ард түмэн хоёр хамт байх юм гэсэн утга санааг илэрхийлж байна гэж ойлгож байна. Ард түмэн нь дэмжсэн, хаан нь ард түмэнтэйгээ хамт байсан тасралтгүй амин холбоо дундаас гайхамшигтай зохицол төрөх юм гэж рейва эрин үеийн шинэ чанарыг тодорхойлсон” гэв.

 

 

2019-05-03 Баасан гариг

“Хараат бус сэтгүүлзүй” форумаар хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн бүтээх талаар хэлэлцэж байна

Соёлын төв өргөөнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгуулж байна. Тус форумд “Хараат бус сэтгүүлзүй”, “Үндэсний сэтгүүл зүйн түүхэн замнал ба 105 жил”, “Сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдал, хандлага”, “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэд хөгжил ба ойрын 10 жилийн зорилт” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Форумд 1000 гаруй сэтгүүлч оролцсон байна.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ