Роберто Савьяно: Италид би жинхэнэ амьд үхдэл

2019-05-04

-Эрх баригчдын байнгын хамгаалалтад амьдарна гэдэг үнэндээ бол жинхэнэ амьдрал биш юм. Миний мэргэжил нэгт хэд хэдэн сэтгүүлчийн амийг хөнөөсөн, бусад сэтгүүлч нарт ч заналхийлсээр байна-

Д.ЭНХЭЭ

Каморра хэмээн нэрлэдэг неополитаны мафийн тухай “Гоморра” романыг зохиогч, Италийн зохиолч, сэтгүүлч Роберто Савьяногийн “La Paranza dei Bambini” хэмээх бестселлер зохиолынх нь дэлгэцийн бүтээл болох “Пираньи Неаполя” (“Неаполийн махчин загаснууд”) кино дөрөвдүгээр сарын 25-наас оросын кино үзвэрийн дэлгэцнээ гарч эхэлсэн.

Энэхүү киноны зохиолыг бичсэн зохиолчийг  Мафийнхан хороох шийдвэр гаргасан учир Савьяно одоо Италийн Дотоод хэргийн яамны байнгын хамгаалалтад амьдрахаас өөр аргагүй болжээ.

Энэ кино Берлиний 69 дэх кино наадмаас шилдэг кино зохиолын номинацид “Мөнгөн баавгай” шагнал хүртсэн.

Киногоо дэлгэцнээ гарахын өмнө Савьяно “Интерфакс”-ын сурвалжлагч Анна Нехаеватай ярилцаж, хажуудаа байнгын бие хамгаалагчтай амьдрахад ямар шуу байгаа, мафийнхны бүтэц, нийгмийн сүлжээтэй тэд ямар харилцаатай байдаг, мөн европын мафи болон цагаачид хэрхэн холбоо харилцаа тогтоосон талаар өгүүлжээ.

Байнга төрийн хамгаалалтад амьдардаг хүнтэй огт ярилцаж байгаагүй юм байна.

-Үнэн гэж үү? Сонирхолтой л юм. (Инээв). Гэхдээ Италид ийм хүн олон бий. Италийн 20 орчим сэтгүүлч, 60 шүүгч.

Гэхдээ та Италид харьцангуй удаан амьдарч байгаа биз дээ?

-Тйим ээ, зургаан сар, үлдсэн хугацааг Америкт. Эсвэл Германд – Ангела Меркель надад маш дотно ханддаг юм. АНУ-д надад зориулсан хуурамч нэр өгөхөд зарим хүндрэл гардаг юм.

Киноны гол дүр номонд бичигдсэнээсээ илүү турьхан, хүнлэг харагддаг. Зориуд ингэж хийсэн үү?

-Сонирхолтой санаа байна. Номондоо бид баатруудаа жижигхэн өрөөнд эцэг эхийн хамт тоглоомуудаа өвөртлөн унтаж байгаа хүүхдүүдээр харуулж бичсэн. Тэгээд тэдний өсч өндийж байгааг, бага идэр насыг, насанд хүрсэн амьдралд хэрхэн хөл тавьж байгааг харуулахыг хичээсэн. Яг үнэндээ тэд бараг хүүхэд хэвээрээ л байгаа хэрэг шүү дээ.

Киноны хувьд гол дүр Никола нууц ертөнцийн хэсэг болох уу, үгүй юү гэх сонголт хийж байгаа мөчийг зориуд онцолж авсан юм. Энэ бол цаашдын өгүүлэмж шалтгаалах, өөрчилж болохгүй түүхэн гол эгшин байгаа юм.

 

“Пираньи Неаполя” киноны хэсэг
Гэрэл зураг: “Вольга” компани

 

Никола гэмт хэргийн ертөнцийнхөнтэй нийлэхээр шийдэхэд ээж нь түүнийг хориглохгүй байгаа тэр хэсгийг гол эгшин гэж та санууллаа.

-Яагаад гэвэл олон жилийн турш тэд энэ л парадигм дээр оршин тогтнож байна. Энэ бол тэдний амьдралын өвөрмөц сургууль нь. Никола ийм маягаар олсон мөнгөө гэр бүлдээ авчирч байгааг гол баатрын эх ойлгож байгаа.

Николагийн эцгийн тухай кинонд юу ч өгүүлдэггүй нь тэр мөн л энэ “тогтолцооны” нэг хэсэг байж хөнөөгдсөн гэсэн үг үү?

-Арай ч бас тийм биш. Хэрвээ эцэг нь гэмт хэргийн ертөнцийн нэг хэсэг нь байсан бол Никола өөрийгөө танилцуулахдаа “Би тэрний хүү” гэж хэлэх байсан. Үүний хамт тэр өөрөө ч, найз нөхдөөс нь нэг нь ч ийм маягаар эцэг эхээ санаж дурсдаггүй.

Киноны баатрууд ямар нэг захиргаа засаглалгүй орчинд өсч өндийсөн гэсэн гэдгийг онцолж харуулахын тулд эцгийн дүрийн талаар юу ч ярихгүй, үзүүлж харуулахгүй гэж бид зориуд шийдсэн юм. Сургуульд сурлаа гээд сайн цалинтай ажил чамд олдох баталгаа байхгүй болохоор хичээл сургуульдаа алдаг оног л явдаг тийм л дүүрэгт тэд өсч том болцгоосон. Хэрвээ чамд аз гийвэл механик, пицца зөөгч, эсвэл бармен гэх мэтийн долоо хоногт 50, магадгүй түүнээс ч бага еврогийн цалинтай ажил олдоно.

Кинонд скутерээр гулгаж яваа хүүхдүүд цусанд хутгалдсан цогцосны дэргэдүүр явж өнгөрч байгаа хэсэг гардаг. Ийм дүр зураг бодит байдалтай хэр нийцдэг вэ?

-Амьдрал дээр яг л ийм байдаг. Найз нөхдийнхөө хамт өсч бойжсон хүүхэд насандаа бид бүхий л хот даяар үй олон үхсэн хүний цогцсыг үзэж хардаг байсан. Тэр ч бүү хэл тэднийг хэрхэн хөнөөснийг таах өвөрмөц тоглоом байсан. Нүүрэндээ буудуулсан бол уг хүн урвагч, тархиндаа буудуулсан бол амьд сэрүүн ахуйдаа нэр хүндтэй байсан, тухайн хүнийг өмнөө сөгдүүлэхийг мафийнхан хүссэн бол хөл рүү нь буудах гэх мэт.

Энэ талаар би заримдаа гаргуун байсан. Яагаад гэвэл тэнд чухам юу болж байгааг мэддэг, өөрийгөө зөв гэдэгт итгэлтэй байсан.

“Гоморро” романыг бичиж эхэлсэн мөчөөс хойш цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр Неаполийн өдөр тутмын амьдралд ямар нэг зүйл өөрчлөгдсөн болов уу?

-Яв цав нарийн ширийнийг бол мэдэхгүй. Болж байгаа зүйлд сэтгэл зовних явдал гарцаагүй нэмэгдсэн нь маш тодорхой байна. Тийм болохоор намайг үзэн яддаг байх, тэр бүү хэл Германд хүртэл шүү. Дашрамд дурдахад Германд мафи байдаг гэдэгт хүмүүс нь итгэдэггүй гэж надад ярьж байсан. Гэтэл сүүлийн сонгуулиудыг аваад үз, гарч байгаа гэмт хэрэгт эрх баригчид цагаачдыг л буруутгахыг хичээдэг. Гэтэл жинхэнэ гэмт хэргийн бүлэглэлүүд цагаачдаар халхавчлан хар бараан хэргээ үйлдсээр байна. Нөхцөл байдал неаполийнхаас ялгаатай нь мэдээж л дээ. Гэхдээ л.

Цаг хугацаа нэг байрандаа зогсоогүй, европын мафи мөн өөрчлөгдөж байгаа гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Дүрвэгсэд, цагаачдын нийгэмлэгийг бид дэмжих хэрэгтэй гэж бодож байна, эс тэгвээс тэд мафийн гэмт хэргийн бүлэглэлийнхний ажиллах хүч болж хувирна.

 

“Пираньи Неаполя” киноны хэсэг
Гэрэл зураг: “Вольга” компани

 

Таны бодлоор нийгмийн сүлжээнүүд мафийг өөрчилсөн үү, эсвэл нөлөөлсөн үү? Киноны баатрууд YouTube дэх бичлэг үзэж зэвсэг ашиглаж сурах, эсвэл нийгмийн сүлжээнд өөрсдийнхөө селфиг тавьж байгаа харуулсан.

-Хэсэг хугацааны өмнө Каморрогийн гишүүд зөвхөн өөрийнхөө нутаг усандаа л зартай хүндлэгддэг, бусад ертөнцөд тэднийг хэн ч мэддэггүй байсан. Харин одоо нийгмийн сүлжээнд байхгүй л бол чи байхгүй л гэсэн үг. Гэхдээ Каморрогийн хувьд энэ бол тэднийг цагдаа мөрдөх тодорхой эрсдэлтэй. Тийм учраас, жишээ нь, тэд Facebook – т байдаггүй.

Мөнгө, захиалагч, ганган хувцас – энэ бол кинонд тоглож байгаа хүүхдүүдийн хувьд чухал гурван зүйл. Буугаар яаж буудахыг судалж байгаа хэсэг бол бодитой шүү. Тэд видеогоор үүнийгээ хоорондоо солилцсон.

Мафийн тухай ном бичсэнээр та өөртөө их зовлон авчирсан. Хэдийгээр маш чухал сэдвийг хөндсөн ч таны өөрийн чинь хэлснээр олон хүн таныг үзэн ядаж байна.

-Огт үгүй. Энэ бүх мэдээллийг дэлхий даяар цацсанаараа би өөртөө тавьсан том зорилгынхоо (амбицийн) үнийг төлчихсөн. Ямар үнэ цэнээр гэдгийг би хожуу ойлгосон л доо. Хүмүүс намайг дуугүй байгаасай гэж хэдийчинээ их хүсэх тусам төдийчинээ би их ярих болно.

Эрх баригчдын байнгын хамгаалалтад амьдарна гэдэг үнэндээ бол жинхэнэ амьдрал биш юм. Бие хамгаалагч надтай байнга хамт байна. Гэхдээ амьд мэнд байгаадаа би баяртай л байна. Миний мэргэжил нэгт хэд хэдэн сэтгүүлчийн амийг хөнөөсөн, бусад сэтгүүлч нарт ч заналхийлсээр байна. Грект сэтгүүлчдийг баривчлах цаг үе буюу 1979 онд би төрсөн, энэ үйл явдалтай холбогдуулан тэр үед Европ даяар томоохон жагсаал цуглаан болж байсныг санаж байна. Хэсэг хугацааны өмнө Туркт сэтгүүлчдийг баривчилсан, тэднийг дэмжиж байгаа хүмүүс, эсэргүүцлийн жагсаал цуглааны тоо хэмжээ хэд дахин багассан.

-Неаполийг санаж байна уу?

-Мафиийнхан намайг хөнөөнө гэж зарласан болохоор Италид би нэг ёсны амьд үхдэл л гэсэн үг. Юуг би хамгийн их санаж үгүйлдэг вэ гэвэл магадгүй, боломжоороо гудамжаар чөлөөтэй алхах.

Нийгмийн санаа бодол гэдэг сонин зүйл. Чи үнэхээр тийм л аюултай юм бол яагаад одоо хүртэл чамайг алахгүй байгаа юм бэ гэж олон хүн боддог. Байнгын хамгаалалтад бие хамгаалагчтай иймэрхүү маягаар амьдарч байгаагийнхаа бурууг би мэдэрдэг л юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ