Алдарт  Д.Нямсүрэнг ардаа хийсэн  аатай найрагч Ц.Оюундэлгэр

2019-05-01

Ч.Үл-Олдох

Цэвэгмидийн Оюундэлгэр  хэмээх шавилхан биетэй танхил бор бүсгүй  Сүхбаатарын хэмээн нутгаараа овоглуулж, Монголын их утга зохиолын хаалгыг 1980-аад оноос эхлэн  гал цогтой  шүлгүүдээр  бөмбөрдөж, Зүүн гурван аймгийг яруу найргийн наадамд алдарт  Д.Нямсүрэнг  ардаа хийж түрүүлэн “Болор цом”-д оролцон онгод авьяасаа цалиглуулж явсан  түүхтэй. Тэр түүхийн гэрч, түүнийг  дагаад бас  хэдэн мөр  бичиж, “Шүлгээ ямар яруу гоёхон уншдаг юм бэ” гэж  шүтэн баясч явсан  фен нь би билээ. Харин хэзээ нэгэн цагт ярилцлага аваад сууж байх юм гэж тэр үед төсөөлж байсангүй. Амьдрал баян, зам салаалавч уулзах газартаа уулздаг жамаар Сүхбаатар аймагт томилолтоор ажиллахдаа МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ц.Оюундэлгэртэй  уулзаж  хөөрөлдсөнөө “Polim-ийн онцлох зочин” булангаар уншигч танаа хүргэж байна, таалан болгооно уу.

-Та  ер нь яаж яваад яруу найраг гэгч  том ертөнцийн хаалгаар орж явчихсан юм бэ?

-Би хүүхэд байхын шүлг найрагт сонирхолтой байсан юм. Тэр үед хөдөө сумд дөрвөн жилийн сургуультай байлаа. Бидний үеийнхэн дөрөвдүгээр  ангиа  төгсөөд  тавдугаар ангидаа аймгийн төвд ирж сууна. Би шүлэг зохиолд их дуртай,  Д.Сэнгээгийн “Тагтаа”, Ч.Лхамсүрэн гуайн “Хүрэн морь” найраглалыг цээжлэн сургуулийн концерт, урлагийн үзлэг, уран уншлагын тэмцээнд уншина. Жаахан томроод ирэхээрээ сумынхаа концертыг хөтөлдөг, хөтлөгч хийнгээ бас шүлгээ уншдаг болсон. Би эрт хүнтэй суусан юм. Ер нь тэр үед сургууль соёлд яваагүй хөдөөгийн охид эрт хүнтэй суудаг байлаа. Би  19 настай айлын эхнэр болж аймгийн төв орсон. Манай үеийнхэн зарим нь хүнтэй сууж  хоёр ч хүүхэдтэй болчихсон байсан. Аймагт ирчихээд  сумын концерт хөтөлж, шүлгээ уншиж байсан минь бодогдоно, үгүйлнэ.  Ядахад нэг ч  хүн танихгүй, ганцаардаж байгаа юм шиг санагдана. Ингээд  шүлгийн  мөр холбож эхэлсэн. 1975 онд нөхөртэйгээ хамт барилгад нормчин боллоо. Хамгийн анх “Барилгачин” гэдэг шүлгээ бичсэн. Цаашлаад “Ажилчны гар”, “Ногоон дээвэртэй байшин” шүлгүүдээ бичиж, “Сүхбаатарын зам” сонины газар сэтгүүлч Я.Түмэннастад аваачиж өгч байлаа.

“Нүүгэлтсэн үүлс дээгүүр чинь хөвж байна

Нүднийхээ харааг би тогтоон харж байна

Сэтгэлд хоногшин дотносох

Ногоон дээвэртэй байшин минь

Чамайг би Гандирсын цогцолбор гэж бодном

Гайхамшиг бүрдсэн харш гэж бодном оо” гэсэн мөрүүдтэй  “Ногоон дээвэртэй байшин” шүлгээрээ  би анх  олон түмэндээ танигдсан даа. Тэндээсээ хүүхдийн нэрт зохиолч Навааншаравын Доржцэрэн багш руугаа шүлгээ барьж очсон. Мөн сэтгүүлч, яруу найрагч Ишийн Батсүх, Я.Цэнд-Арслан гээд мундаг хүмүүстэй уулзаж танилцсан. Тэр үед манай аймагт төвөөс ч зохиолчид их ирнэ. Ш.Сүрэнжав, Т.Галсан, Г.Аким гээд мундгууд ирцгээнэ. Би аймгийнхаа зохиолч, уран бүтээлчдийг дагаад очно, шүлгээ уншина. Тэр цагаас өнөө хүртэл явж байна даа. Эргээд харахад 40 гаруй жил өнгөрсөн байна. Яруу найргаа орхисонгүй, найраг шүлэг маань намайг хаясангүй. Харин  хүүхэд төрүүлж барилгын ажлаасаа завсарлага авч, сүүлд ус цаг уурын албанд орж, тэндээсээ аймгийн намын хорооны жижүүр, үйлчлэгчээс эхлээд  гүйцэтгэх захиргаанд туслах ажилтнаар ажилласаар тэтгэвэртээ гарсан. Тэнд ажиллаж байхдаа боловсролыг араас нь элдэж,  “Бэрс” дээд сургууль, Соёлын сургуулийг эчнээгээр төгссөн. Ажлынхаа хажуугаар аймгийн сонинд идэвхтэн бичигч хийж ирсэн.  Анхны мэдээ маань 1979 онд “Сүхбаатарын зам” сонинд хэвлэгдсэн юм. 2009 онд сэтгүүлчийн хөдөлмөрийн 30 жилийн ойгоо тэмдэглэж, тайлангаа тавьсан.

-Зүүн гурван аймгийн найргийн наадмаас цойлж гарсан цовоо бүсгүй гээд цоллуулж явсан нь хэдэн он билээ?

-Тэр чинь 1993 он шүү дээ. Анх Хэнтий аймгийн Гүрмийн нуурт “Зүүн дөрвөн  аймгийн яруу найргийн наадам” болж байлаа. 1994 онд  манай аймгийн  Дарьганга суманд зүүн гурван аймгийн яруу найргийн Алтан-Овоо наадмыг зохион байгуулсан. Хоёр жил дараалан бүсийнхээ найргийн наадамд түрүүлж байлаа. 1993  онд аймгийнхаа “Болор цом” наадмын тэргүүн шагналыг хүртэж байсан. Том, жижиг наадамд шүлгээ уншиж  айраг, түрүү алгасахгүй, түүндээ урамшиж явж дээ, бидний үеийнхэн.

-“Алдарт Д.Нямсүрэнг ардаа хийсэн аатай найрагч” гэгдэж цом авч явсан нь хэзээ вэ?

-1993 оны зүүн бүсийн  найргийн наадмыг манай нутгийнхан анх санааг нь гаргаж, “Дэргэдийн бурхан адисгүй” гэж хэлэлцээд Хэнтий, Дорнод, Дорноговь  аймгийн уран бүтээлчидтэй хамтарч шилдэг шүлгийг шалгаруулж байхаар болж байсан юм. Тэр наадамд ганц бүсгүй очиж шүлгээ уншаад  эрчүүдийг ардаа орхиж  цом авч чиний саяын хэлдэг “Алдарт Д.Нямсүрэнг ардаа хийсэн аатай Ц.Оюундэлгэр” гэдэг яриа гарч   байсан нь тэр. Тэгэхэд Эрээнцаваас Д.Нямсүрэн маань очиж шүлгээ уншаад, хоёрдугаар байрт орж байлаа. Хэнтийн Норовлин сумаас Цэвэлмаагийн Нэргүй гэж том найрагч очиж гуравдугаар байрт орж  байсан юм. Дорноговиос ч найрагчид очсон. Түүний дараа жил 1994 онд Цэвэлмаагийн Нэргүй даагаа нэхнэ гэж Дарьгангад болсон найргийн наадамд очиж дахиад айрагдаж байсан юм. Зүүн бүсийн  найргийн наадам сайхан уламжлал тогтсон ч цөөхөн жил  болоод хийхээ больсон доо.

-1998 онд зүүн бүсийн наадам Хэнтийн Дадал суманд Гурван нуурын эрэгт болоход та яагаад яваагүй юм бэ. Би Н.Доржцэрэн багшийгаа дагаад, Ай.Төмөр-Очир ах тэргүүтэй найрагчдыг бараадан  тэр наадамд очиж байлаа?

Амжихгүй болоод л яваагүй байх. Сүүлд сургийг сонсоход чи аман хүзүүдсэн гэж дуулдсан. Ер нь Зүүн бүсийн найргийн наадмаас  манайхан  ганзага хоосон буцаж байгаагүй юм.

-Тэгэхэд Ай.төмөр-Очир ах маань өөрсдөдөө зориулж  “Худаг шиг хоёр өвгөнтэй Хутга шиг хоёр залуутай Хурга шиг ганц охинтой  Хуц шиг хар юм ирлээ”  гэж  шүлэг зохиогоод  мөн ч хөгжилтэй явж билээ. Худаг шиг ёроолгүй уудаг өвгөчүүл нь Н.Доржцэрэн багш, Я.Цэнд-Арслан гуай хоёр. Хутга шиг хоёр залуу нь С.Амартайван ах, нөгөө нь талийгаач С.Мөнхжаргал маань. Хурц шиг хар юм гэдэг нь өөрийгөө хэлж байгаа юм, тэгээд бөөн инээдэм…

-Бүсийн наадам гэдэг тухайн үедээ уран бүтээлчдийг их хурцалж байсан юм шүү дээ. Яагаад гэвэл, Хэнтийгээс тэр ирнэ, Дорнодоос тэр ирнэ. Тэр сайн  шүлэгтэй,  энэ  ийм шүлэг унших байх. Сонин дээр тийм шүлэг нь гарсан байсан, би тэрнээс давах шүлэг бичиж унших юм шүү гэж  дотроо бодож бэлтгэдэг. Тийм учраас гэр гэртээ, аймаг аймагтаа өөрсдийгөө бэлтгэж хурцалж байсан том наадам шүү дээ. Тэгж өөрсдийгөө бэлдэхээс гадна бие биеийнхээ хэр зэрэг өсч байгааг харж, “Утга зохиол сонин”-гоо идэвхтэй уншина, захиална. Тэр үед нийтээрээ яруу найргийг дээдэлдэг цаг үе бий болсон. Тухайн үед   Д.Төрбатын “Улаан жигүүр”, Б.Лхагвсүрэнгийн “Уянгын тойрог”, Д.Пүрэвдоржийн “Алган дээр буусан од”  гарч  яруу найрагчдыг ид хурцалж, давалгаа үүсгэж байлаа. Тийм сайхан найргийг уншсан хүмүүс яаж зүгээр суух вэ. Хийморь нь сэргэж, огшиж, онгодоор халгиж, өөрсдөө ч бичиж явсан.

-Миний санахад Улаанбаатарт “Болор цом” болоход та хөлөө гэмтээчихээд тайзан дээр  партизан шиг гарч ирж шүлгээ уншиж байсан даа, хэдэн оныг мартжээ?

-2005 онд аймгийнхаа шилдэг шүлэг шалгаруулах наадамд түрүүлж, Улаанбаатарт  “Болор цом”-д очсон юм. Шүлэг найрагт тэгж л дурлаж явжээ. Энгийн хүн сонсвол ёстой солио байна дээ гэмээр. Манай аймгийн найргийн наадам бол  2006 оноос хойш дахиж болоогүй. Тэгсхийгээд би ч хэсэгтээ Улаанбаатарт эмчлүүлсэн. Тэр үед замын хажуугаар явж байтал хоёр машин мөргөлдөөд нэг нь замын хажуугаар явж байсан намайг мөргөчихсөн юм. Далны яс хугарч өрөөсөн гар хөдлөхгүй, шүлэг бичих бүү хэл үсээ ч самнаж чадахгүй болчихсон доо. Эмчлүүлж ирээд гэртээ зүгээр суух хэцүү. Хүлэмж бариад ногоо тарих гэж оролдсон. Бас хүнээс ганц гахай авч тугал шиг нэмнээд тэжээсэн. Тэднийгээ тордох гэж  гар хөлөө хөдөлгөсөөр байгаад би хөл дээрээ боссон юм. Түүнээс хойш  дахиж өвдөөгүй.

-Таныг хөлөө хугалж хүнд байдлаас өөрөө өндийсөн хүчтэй эмэгтэй. Тэр хүнд үеийг яаж давсан бол гэж одоо хэрнээ бодогдоод байдаг юм?

-2003, 2005 онд хөлөө хугалж хэвтэрт хүртэл орж байлаа.

-Ингэхэд намайг том хүүгээ төрүүлж байхад таны анхны ном  “Бодлын мөнгөн хэлхээс” нэртэйгээр хэвлэгдэж над руу явуулсан байж билээ?

-Тэр чинь 1994 он шүү дээ. Тэр үед  зохиолч, сэтгүүлч Я.Түмэннаст  маань  С.Гүржав /тухайн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь ХЦ-ийн 0146-р ангийн захирагчаар ажиллаж  байсан, хошууч генерал агсан/ -ын  “Зүүдэнд ирсэн бүсгүй” анхны номыг өлгийдөж авч номын баяр тэмдэглээд удаагүй  байсан цаг. Номын баярт би очиж амжаагүй. Манай хэд бужигнаж байхад уран бүтээлчдэд элэгтэй “Ганга” компанийн захирал  Гомбосүрэн ах  маань очсон юм билээ. Тэрэн дээр “Ганга”-ын  Гомбосүрэн ах  “Би ер нь Оюундэлгэрийнхээ номыг хэвлүүлье” гэж амлаж. Маргааш  нь Я.Түмэннаст маань “Гомбосүрэн  ах чиний номыг хэвлүүлнэ гэсэн” гээд бөөн баяр болж надад дуулгасан. Тэгээд До.Цэнджав / Сүхбаатар аймаг дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагч, Сүхбаатар аймгийн Утга зохиолын нэгдлийн даргаар ажиллаж байсан. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч,сэтгүүлч, утга  зохиолын шүүмжлэгч, судлаач/   маань редакторлож, Гомбосүрэн ах ивээн тэтгэж миний анхны номыг  хэвлүүлж байлаа.

-До.Цэнджав багшийг Сүхбаатар аймагт томилолтоор ажилласан он жилүүдэд сүхбаатарчууд найман настай балчраас наян настай буурал хүртэл  яруу найргаар амьсгалж байж билээ. Сайхан дурсамж шүү, тийм ээ?  

-Ер нь бол Сүхбаатарт утга зохиол огт хаягдаагүй явсан сайхан уламжлал бий. Анх зохиолч,сэтгүүлч Ш.Бат-Өлзий, Я.Цэнд-Арслан нарын ахмадууд маань Утга зохиолын нэгдлийг авч явсан. Дараа нь зохиолч,сэтгүүлч Ишийн Батсүх гэж Дарьгангын уугуул нэртэй  том уран бүтээлч Сүхбаатар аймагтаа “Үнэн” сонины тусгай сурвалжлагчаар томилогдож ирж, Утга зохиолын нэгдлийг хэсэгтээ хөгжүүлж  авч явсан. Тэр дундаа яруу найргаар аймгийн ард түмнийг амьсгалуулж байлаа. Яруу найрагт  Дарьганга школ  гээчийг авч явсан улс бол яах аргагүй тэд. Залуу хүн гэж тоохгүй байхгүй, муу бичдэг гэж голохгүй бүх хүнийг хамруулж чаддаг байсан учраас тэр цаг үе үнэ цэнэтэй байлаа. Хотоос тухайн үед маш олон зохиолч ирдэг, уран бүтээлийн уулзалт ярилцлага болдог байлаа. Манай аймагт хамгийн олон удаа ирсэн зохиолч бол Д.Гармаа гуай байсан даа. Яруу найрагчдаас П.Пүрэвсүрэн, Л.Пүрэвдорж, М.Чимид нар их ирнэ. Хотоос ирсэн зохиолчид бүгд хүүхдийн нэрт зохиолч  Н.Доржцэрэн багшийнд маань  бууна. Тэдний номын өрөөнд бүгд цуглаад, сэтгүүлийн ширээн дээр нь ширээ засаад бужигнана. Хотоос зохиолчид ирэхэд алба юм шиг цуглаж шүлэг найргаа уншина. Муу юм уншихгүйн тулд бүгд бэлдэнэ. Заавал шинэ бүтээлтэй байх гэж хичээнэ. Тэрийгээ уншаад, дараа нь тэднээс урмын үг сонсохын тулд муу юм хийхгүйг бодно. Хэлсэн үгэнд нь хэсэгтээ урамшиж  шүлгээ  бичиж, бие биедээ  уншиж өгөөд  гүйдэг сэн. Ишийн Батсүхийг Дорнод аймаг руу шилжсэний дараагаар түүний оронд  хотоос До.Цэнджав гэж бор залуу  томилогдож ирж байлаа.  “Үнэн” сонины тусгай сурвалжлагчаар шинэ хүн  ирлээ гэсэн нь  зургийн аппарат үүрсэн намхан бор залуу байна. Хөдөөгийнхөн бүрэг даруу болохоор шууд очоод танилцаж чадахгүй. Нэлээн хожуу  танилцаж байлаа. Тэр үед манай аймгаас олон хүн, тэр дотроо  залуус, дунд сургуулийн сурагчдаас  Д.Хосбаяр /одоо аймгийн ИТХ-ын төлөөлөгч/ “Ангийн самбар”,  С.Оюунчимэг /сэтгүүлч/   “Намар”, бас чи улаан хацартай жаахан охин  “Хилчин уул”, “Айлын эгч явлаа”  гээд анхны  шүлгүүдээ  бичиж ирээд,   яруу найргийн  уулзалт, ярилцлага  ч олон болдог  байлаа.

“Жаахан шарга” хөгжимт, жүжгийн театрынхан бичсэн шүлгээ бариад ирцгээнэ. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн сүүлд дуу болсон “Тавилан” шүлэг тэр үед төрсөн. Дуучин И.Саарал маань сайн шүлэг бичиж  байлаа. До.Цэнджав маань тэр үед аймгийн уран бүтээлчдийн бүтээлээр “Дарьганга аялгуу” түүвэр хэвлүүлэн гаргасан. Ер нь бол Сүхбаатар аймагт яруу найраг ид  хөгжиж явсан цаг үе суларч, эрч нь саарах гэж  байсан үед дээш нь татсан хүн бол До.Цэнджав байгаа юм. Манай аймгийнхныг  яруу найргаар өдөөж, хөгжөөж, галыг нь өрдөж өгч байсан даа, тэр үед. “Чиний энэ их сайн шүлэг  байна. Болж байна шүү, бичээд байгаарай” гээд урам өгнө. Тиймээс манай нутгийнхан одоо болтол До.Цэнджавыг хүндэлж явдаг.

-МОНРТ-ийн радиогийн сурвалжлагч, зохиолч, сэтгүүлч  Я.Түмэннаст  эгч маань бас нөхдөө хурцалж, зоригжуулж, олныг  эвлүүлж  явсан шүү тийм ээ?

-Я.Түмэннаст маань удирдах авьяастай,  бусдадаа урам өгч, чиглүүлж байдаг гол хүний нэг байсан. Ямар сайндаа миний анхны номыг хэвлүүлэхэд  ташуур болж, өөрөө номоо хэвлүүлэх гэж байгаа юм шиг баяр хөөр болж байхав. Өөрийгөө  болохоор тэгж их ундарсан, дэвэрсэн Дарьганга школ дотроос шүлэг бичээгүй ганц хүн гэж хэлдэг юм. Түмээгийн маань  богино өгүүллэгүүд ганган шүү дээ. До.Цэнджав  их гярхай уран бүтээлч  шүү. Манай аймагт ажиллаж  байхдаа Я.Түмэннастад нэг удаа “Чи радиогийн сурвалжлагч байх  хүн дээ” гэж хэлж байсан юм, мундаг олж харсан байгаа биз. Тэр үед Түмээ радио гэдгийг ч мэдэхгүй явсан гэдэг юм. Гэтэл түүнээс хойш  Түмээ маань 22 дахь жилдээ Монголын радиогийн  Сүхбаатар аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж байна шүү дээ.

-До.Цэнджав багшийн дараа аймгийн “Утга зохиолын нэгдэл”-ийн ажил  эргээд Н.Доржцэрэн багшийн нуруун дээр бууж байсныг санаж байна?

-Багш маань хэдэн жил авч яваад биеэ муу байхад Я.Түмэннастыг дуудаад “Утга зохиолын нэгдлийг одоо чи авч яв даа” гээд тамгаа өгөхөд нь аваагүй. Манайхан алив юм руу би, би гээд   ухасхийгээд байдаггүй  зантай. Багшийг нас барсаны дараа  “Утга зохиолын нэгдэл”-ийн тамга  яруу найрагч  С.Амартайванд очсон байх.

-Их утга зохиолд “Дарьгангын Шадар гурав” гэж домог болж явсан Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо нар хэр түшигтэй байв нутгийнхаа уран бүтээлчдэд?

-Том нөмөр нөөлөг байсан. Ирэхээрээ  бүгдийг нь цуглуулна, сонин сайхан хуучилна. Шүлэг, найраг сонсч, өөрсдөө уншиж, бусдадаа  урам өгнө. 1990-ээд оны сүүлчээр  Балбарыг гараа зүсчихээд гараад зугтлаа гээд муухай гүтгэлэг гарсан даа. Тэр мэдээ мань хүнийг аймагтаа ирчихээд байхад гарсан шүү дээ, хотод. Ирсэн орой нь аймгийн “Утга зохиолын нэгдэл”-ийнхэн  Н.Доржцэрэн багшийнд цуглаж, хэдэн гэрээрээ орж бөөн хөөр болсон. Тэгээд  хамгийн сүүлд Балбарын ангийн хүүхэд Сүрэн, Чулуунжав нарынхаар орлоо. Тэндээсээ “Оюундэлгэрийгээ буулгаж өгье” гээд намайг гэрт хүргэж өгөөд  мань хүн  хол замд ядарлаа гээд дүүгийндээ очиж амрахаар явсан юм. Гэтэл   маргааш нь  тийм муухай мэдээ цацагдсан. Бид гайхаж шоконд орж байсан даа, гүтгэлэг гээч тийм л муухай юм билээ. Дарьгангын “Шадар гурав” маань намайг талаас төрсөн ганц эмэгтэй найрагч маань гэж хүндэлж явсан. Одоо тэднээс Г.Мэнд-Ооёо маань байна даа.

-Би тэр үед та хэдийг Н.Доржцэрэн багшийнд бужигнахад хөдөөнөөс ирсэн байсан шүү дээ. Бас л тэр гүтгэлгийг сонсоод шоконд орсон хүний нэг нь байлаа? 

Хэлээд юүхэв. Гараа зүссэн гээд мэдээлэл  цацсан,  гэтэл гар нь зүв зүгээр байсан шүү дээ. Харсан гэрчүүд нь манай аймгийнхан. Балбар маань өглөө нь “Та нар тэр мэдээг харсан байх. Миний гарыг хар даа” гээд аймгийн төв талбайд зогсч байсан даа.

-Монголын эмэгтэй найрагчид дотор “Сүхбаатарын Оюундэлгэр шиг шүлгээ тийм гоё уншдагнь алга” гэж хэлэлцэхийг сонсч байлаа. Би өөрөө ч таныг шүлгээ уншихыг нүдээ аниад сонсох дуртай. Уран уншина гэдэг бас авьяас шүү тийм ээ?

Одоо нас яваад мартаж байна. Уран унших гэдэг  сэтгэлээс төрсөн уран бүтээлээ өөрөө цээжээр уншихыг хэлж буй байх. Анх сумынхаа концертыг хөтөлж хөтлөгч хийж байсантай ч холбоотой  шүлгүүд маань цээжинд тогтсон юм болов уу. Бас билэг талаасаа миний шүлэг өөр. Би тархи, зүрх хоёртоо бэлэн болсныг цаасан дээр буулгадаг. Миний уран бүтээл  дотор номд орсон, ороогүй нийлээд  3000 гаруй шүлэг бий. Түүнээс 1500-г нь би цээжээр уншдаг  байлаа. Сүүлийн үед нас яваад тэр үү, шүлгүүдээ мартдаг болж.

-Таны бүтээлийг танаас өөр хүн уншихаар чихэнд огт наалдахгүй юм билээ. Жишээ нь, Дарьганга нутгаа магтсан шүлэг тань юу гэж эхэлдэг билээ дээ, сонин цацал өргөөд байгаа юм шиг мэдрэмж төрдөг, Унших нь ч гэсэн   сэтгэлд яг тэгж ирж  буудаг ?

-Харь гаригийн нарыг газар шингэхийн зуурт гал авалцуулан  уул шатааж, талаар нэг будаа шиг цацсан … гэж эхэлдэг тэр шүлгийг таны л   уншдаг аялгаар  уншихгүй бол өөрөөр уншиж чадахгүй юм байна гэж хүмүүс хэлдэг юм. Өнгөрсөн жил миний уран бүтээлийн тайлан тоглолтод аймгийн театрын уран бүтээлчид энэ шүлгийг маань уншсан. Хэцүү юм байна гэж хэлж  байна лээ.

-Таны шүлгийн мөрүүд урт, гэхдээ та уншихдаа бүгдийг нь төгс хэлж чаддаг шүү дээ?

-Сэтгэл  дотроо  нэрж, яаж  уншихаа хүртэл бодож буулгадаг  болохоор тэр байх.

-Таны аав, ээж жирийн малчин хүмүүс үү. Найрагчид бий юу танай удамд?

-Ижий, аав минь малчин хүмүүс. Манай удамд найрагч гэвэл би л юм даа. Дээхнэ үедээ Сэнгэ тайж, түүний хүү Дарам тайж гэж тухайн үедээ ном зохиол уншдаг  билэг төгөлдөр хүн  байсан гэлцдэг. Дарам тайж миний ээжийн аав юм. Хэлмэгдүүлэлтийн үед Улаанбаатар руу их хуралд авч явна гэж Дорнод руу авч гараад машин дээрээс авч шидээд алсан юм гэнэ лээ. Дээдсийн маань ухаан надад өвлөгдсөн байх. Ээж маань шүлэг бичдэггүй ч гэсэн маш сэргэлэн, ухаалаг хүн бий. Одоо нас сүүдэр 90 хүрч байна.

-Одоо таны хувийн амьдралыг сонирхоё. Та хэдэн хүүхэд  төрүүлж өсгөв?

-Манайх хоёр охин, нэг хүүтэй.  Том охиныхоо хүүхдийг үрчилж авсан. Нийтдээ дөрвөн хүүхэд өсгөлөө.

-Таныг  нутгийнхан “Манай Оюунаа ногоо тарина, нохой тэжээнэ, гахай өсгөнө, хачин шигээ сонирхолтой амьдарч байгаа хүн дээ” гэцгээж байна лээ. Одоо та аж ахуй эрхэлж байна уу?

-Эгч нь 2005 онд хөлөө гэмтээчихээд хотод  эмчлүүлж явахдаа ногоо тарих, оёдол эсгүүр хийх ажлыг сонирхон  судалж суралцаж явлаа. Хар даалимбаар платье хийж өмссөнийг аймгийн хүүхнүүд  хийлгэе гээд оёулдаг байлаа.  Тэр үеэс  “Торой баян”  хоршоо байгуулж, аж ахуйгаа даргалж, амьдралдаа нэмэр болж ирсэн. Одоо манайх ногоо тарина, хажуугаар нь хэдэн гахай, тахиа, ямаа өсгөж байна. Манайх бас мууртай. Муурын зулзгуудыг маань ч хүмүүс захиалаад авчихдаг юм. Манай аймгийн телевизийн сэтгүүлч А.Нарантунгалаг  “Ногоогоо ч тарина, номоо ч бичнэ” гэж миний тухай сайхан нэвтрүүлэг хийсэн. Я.Түмэннаст маань  “Сүхбаатарын хүүхнүүд” номондоо ч миний тухай гаргасан. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй, өөрийгөө баясгаад  түмнийхээ дунд  түвшин сайхан амьдарч  л явна.

Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Урилгыг минь хүлээж авч цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Баруун-Уртын тэнгэр дор тогтуун сайхан  байна. Та нэг сайхан шүлэг хэлээч, ярилцлагаа сайхан шүлгээр жаргааж, эргээд бас уулзахын ерөөл тавъя?

-Үзэг, сэтгэл нэгтэй дүү чамд болон, танай сонины хамт олонд уран бүтээлийн амжилт ерөөж, “Хөлстэй онгод хатирах хязгаарт” гэсэн  шүлгийнхээ дөрвөн мөрийг хэлье.

-Галавын домгийг амилуулж мянганы ертөнц рүү шумбан мэдрэхүйн чинадаар аялаад

Гангын хөвөөнөөс хөөрсөн хөх салхи аньсага илбээд агаарт замбарч ариуслын шидийг олдог

Луун хээтэй үүлсийн усан   салхинд нь нуга жингүйдэж, цэцэгс инээлдээд

Нууцын хайрцагны цүй мултарч алтан хундаганы дэлбээнд амь хувилагдан амьдрал цэцэглэдэг нь Аяа миний Дарьгангын цэнхэр хязгаар аа…

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 3 сар

    Арга ч үгүй таатай найрагч даа.Мөн ч олон жил нөхөрлөж явна.Шүлгийнх нь түүнийг яаж ийгээд гаргачихаж болдоггүй юмуу гэж Я.Түмэннастыг сурвалжлагч байх үед хөдөөгийн гар Зам сонинд хаяглаж захидал илгээж байв.Удалгүй сайн хүмүүсийн дэмжлэгээр Бодлын мөнгөн хэлхээс түүвэр нь их баярлаж билээ.Угаас номын хорхойтой болохоор өөрөө гаргачихсан юм шиг хөөрч байлаа.Эгэл мөртөө энгийн даруу үгсээр сэтгэлийн учиг нэхэх нь мөн ч урамтай агаад гайхалтай.

Холбоотой мэдээ