TV5 телевиз “Maxima”-гийн судалгаанаас татгалзлаа

2019-05-01


Б.НАМУУНТАМИР

ТV5 Телевизийн ерөнхий редактор Ө.Отгонбаатар, улс төр мэдээллийн албаны дарга Б.Болдсайхан нар “Maxima” компаниас эрхлэн гаргадаг телевиз үзэлтийн судалгаанаас татгалзаж буйгаа мэдээллээ.

“Maxima”  судалгаанаас татгалзаж буй үндэслэлээ “ Монголын нийт телевиз үзэгчдийг Улаанбаатарын есөн дүүргийн 100 өрхөөр төлөөлүүлэн судалдаг. Энэхүү 100 өрхөд зөвхөн орон сууцанд амьдардаг айл өрхүүд багтдаг. Жишээлбэл, хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн телевиз үзэгчид аль телевизийг түлхүү үзэж буй вэ гэдэг нь гурван хүний телевиз үзэлтээр нь дүгнэгдэн судалгааны үр дүн гарда. Мөн энэхүү судалгаанд аудитын хяналт, шалгалт хийгддэг эсэх нь эргэлзээтэй” гэлээ.

ТV5 Телевизийн ерөнхий редактор Ө.Отгонбаатар “Манайх өнгөрсөн Пёнчоны олимпыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулсан. Орон даяар үзэгчдэд хүрч, шуугиж байсан. Гэтэл үүнийг огт хүн үзээгүй мэт судалгааны үр дүн гарсан. Олон улсад энэ төрлийн судалгаанд төр, телевизийн удирдлагууд давхар давхар хяналт тавьж, аудитын шалгалт хийгдэж байж судалгааны үр дүн эцэслэн гаргадаг. Харин энэ компанийн хувьд нэг дүүргийн 3000 гаруй хүнийг гуравхан хүнээр төлөөлүүлэн судалж, аудитын хяналт шалгалт хийгддэг эсэх нь тодорхойгүй учир манай телевиз энэ судалгаанд дахин хамрагдахгүй гэдгээ мэдэгдэж байна. Энэ судалгааны үр дүнг үнэн эсэхэд эргэлзэж байна. Мөн дан ганц манай телевиз ч биш бусад телевизүүд ч бас энэ судалгаанаас татгалзаж буй талаар удахгүй мэдэгдэл хийнэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ