Долоо хоногийн фото тойм

2019-04-28

2019-04-15 Даваа гариг

Хэнтийн нөхөн сонгуульд оролцох МАХН-ын гурван шалтгаан

МАХН УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох болсон талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тус намын Бага чуулганы  IV хуралдаан энэ сарын 20-нд болж, Хэнтий аймаг дахь УИХ-ын  42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд тус нам оролцох эсэх талаар хэлэлцэж шийдвэрлэжээ.

Нөхөн сонгуульд намаа оролцуулах нь зүйтэй гэсэн Гүйцэтгэх товчооныхоо саналыг Бага чуулганы гишүүд дэмжин баталгаажуулсан байна. Ингэснээр МАХН  албан ёсоор СЕХ-нд хүсэлтээ хүргүүлэхээр болжээ.

Фото@Үндэсний мэдээлэллийн төв

 

2019-04-16 Мягмар гариг

Талбайн урд хэсгийн газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  Сүхбаатарын талбай болон талбайн урд хэсгийн 2.5 га газарт олгосон захирамжийг цуцална гэдгээ мэдэгдлээ. Уг газрыг 2006 онд захирамж гарган 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар доорх байгууламжтай, усан оргилуур барихаар авсан байна.

Гэвч газрын зөвшөөрлийг авснаас хойш хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй нь хууль зөрчиж байгаа гэлээ. 2017 онд 9.5 сая долларын банкны барьцаанд тавьсан байна гэдгийг ч онцолж байна. Ингээд 2016 онд автомашины зогсоол хийсэн бөгөөд 30 хувийн ашгийг Улаанбаатар хотын захиргаанд олгоно гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй гэв.

Фото@мэдээ.мн

 

2019-04-17 Лхагва гариг

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль  эхэлж нээлтэд 4000 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь нийслэлийг бүхэлд нь хамарч, 1990 оноос хойш 29 жилийн дараа анх удаа хийгдэж байгаагаараа онцлог юм.

 07:00 цагт эхэлж  нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчид  “Яаралтай цуглар” дохиогоор 116 нэгж, байгууллагын 4400 гаруй хүн цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулжээ.

Фото@ .ulaanbaatar.mn

 

2019-04-18 Пүрэв гариг

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийв

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ дахь Төрийн айлчлал эхэлсэн билээ. Түүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар угтан авчээ.

Түүнчлэн БНХАУ-ын төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан байна. Энэ үеэр  хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах мөн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар хоёр талын төлөөлөгч байр сууриа илэрхийлжээ.

2019-04-19 Баасан гариг

Хүн буудуулж нас барсан хэрэг гарчээ

Зуун айлын автобусны буудлын орчим өнөө өглөө хүн буудуулж нас барсан хэрэг гарсан байна. Өглөөний 07:00 цагийн орчим толгойдоо шархтай хүн нас барсан гэсэн дуудлага  Цагдаагийн шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа аж.

Хэргийн талаар ЦЕГ-аас 11 цагт  мэдээлэл хийлээ.Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: -Хэргийн газарт үзлэг хийгээд ажиллаж байна. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Үзлэг дууссаны дараа илүү тодорхой болно. Гэмт хэргийг үйлдсэн этгээдийг харсан гэрч байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн яаралтай мэдээлэл ирүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна.

Фото @ peak.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ