Уран зохиол: “Авиатор”-ын тэнгэр буюу Александр Солженицыны нэрэмжит шагналт Евгений Водолазкин

2019-04-26

Д.ЭНХЭЭ

Гадаад дахь оросын ордонд Александр Солженицыны нэрэмжит 2019 оны утга зохиолын шагнал гардуулах ёслол саяхан болж өнгөрчээ. Петербургийн зохиолч, хэл бичгийн мэргэжилтэн Евгений Водолазкин энэхүү шагналыг хүртсэн байна. Энэ талаар rg.ru-д бичсэнийг орчуулан хүргэж байна.

Наталия Солженицына, Виктор Москвин нар шагналыг Евгений Водолазкинд гардуулав.
 Гэрэл зургийг: Сергей Куксин /РГ

Наталия Солженицына (дарга), Валентин Непомнящий, Людмила Сараскина, Борис Любимов, Виктор Москвин, Павел Басинскийнарын бүрэлдэхүүнтэй шүүгчид шагнал олгох үндэслэлийг “Оросын оюун санааны хийгээд сэтгэл зүйн үргэлжилсэн үгийн зохиолын гүн гүнзгий уламжлалыг хэл бичгийн өндөр соёлтой хослуулан амьдруулж, уран сайхны бичлэгийн бадрангуй хэв маяг бий болгосны төлөө” хэмээн томьёолжээ.

Биологич хүн амьтан болж чадахгүй, ургамал судлаач ургамал болж чадахгүй, эрдэмтэн хүн судалж байгаа зүйлийнхээ обьект болж чадахгүйтэй нэг адил хэл бичгийн мэргэжилтэн хүн жинхэнэ зохиолч болох чадваргүй гэж үздэг олон зохиолчийн итгэл үнэмшлийг Пушкины ордны ажилтан, оросын эртний уран зохиол судлалын тэргүүлэх мэргэжилтэн, академич Дмитрий Лихачевын шавь Евгений Водолазкин долоон жилийн өмнө гялалзтал няцааж чадсан. Дундад зууны судлалыг давхар хослуулан ХХ зууны италийн хамгийн том зохиолч болж чадсан италийн медиевист Умберто Эгогийн үлгэр жишээ Орост нэг л олигтой үр дүнд хүрээгүй бөгөөд Александр Чудаковын “Ложится мгла на старые ступени…” хэмээх дурсамжийн романыг үнэхээр сайхан гэж тооцохгүй бол Орос улс дахь хэл бичгийн мэргэжилтнүүдийн зүгээс зохиолч болохын тулд өнөөг хүртэл хийсэн бүхий л оролдлого талаар болсон билээ. Магадгүй, Евгений Водолазкин энэхүү хууль цааз мэт босгыг анх түрүүн гэтлэн давж гарсан байж болох юм.

Түүний бичсэн “түүхэн бус” “Лавр” хэмээх роман 2012 онд жинхэнэ ёсоор шуугиан тарьсан. Уг роман “Большая книга” хэмээх ОХУ-ын утга зохиолын шагнал хүртэж, соёлт бүх хэлнээ орчуулагдаж, “Гардиан” сонины судалгаагаар Бурханы тухай шилдэг топ арван зохиолын нэгэнд багтаж, өнөөг хүртэл орчин үеийн уран зохиолын хамгийн их уншдаг номын нэг байсаар байна.

Дараагийн “Авиатор” болон хамгийн сүүлд бичсэн “Брисбен” романууд нь Евгений Водолазкиныг орчин үеийн хамгийн сонирхол татсан үргэлжилсэн үгийн зохиолчдын нэг гэх алдар хүндийг нь улам баталгаажуулсан.

Водолазкины гарцаагүй “хэл бичиг судлалын” өнгө аястай, уншихад харьцангуй нарийн төвөгтэй үргэлжилсэн үгийн зохиолууд чухам юугаараа өнөө цагийн орос болон гадаад уншигчийг өөртөө татдаг нь шүүмжлэгч нарын хариулах ёстой асуулт биз ээ. Үндсэн мэргэжлээсээ хөндийрөлгүй, дундад зууны уран зохиолыг судлангаа Пушкины ордны нөмөр дор “Эх бичвэр ба уламжлал” хэмээх эрдэм шинжилгээний цоморлог (альманах) эрхлэн гаргаж байгаа түүний мэргэжил нэгт филологууд ч бас хариулах байх.

Водолазкины романуудын нийтэд алдаршсаны гол шалтгаан нь зохиогч өөрөө цаг үетэйгээ хөл нийлж алхахыг огт хүсэхгүй байгаад ч байж болох юм. Үг үнэгүйдэж, эх бичвэр өөрөө үгийн хоцрогдсон соёлын хувьд нийгмийн сүлжээнд товч тэмдэглэл болтлоо агшиж, урт сунжирсан эх бичвэр үйлдэнэ гэдэг цахим хэлбэрийн хувьд ч баатарлаг үйлс, санаанд багтамгүй хүчин чармайлтад тооцогдох болсон өнөө цагт Водолазкины үргэлжилсэн үгийн зохиол уншигчдад “удаан унших” ой санамжийг эгүүлэн авчирч байна. Хуучны адилаар түүний зохиолууд баатруудтай хамт сэтгэл догдолж, тэднийг өрөвдөн хайрлаж, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулж жишихийг шаарддаг. Үүний хамт зохиолч уншигчдадаа хүндэтгэлтэй хандаж, тэдний өөрсдийнх нь соёлд итгэж, тэдэнтэй эн тэнцүү яриа хөөрөө өрнүүлдэг. Түүний зохиолуудад орчин үеийн урлагийн өдөөн хатгалт, заль мэх, бусад арга хэрэгсэл байдаггүй. Харин хамгийн гол зүйл болох: дурсамж, хүн чанар, үхэл хагацлын тухай өгүүлдэг.

Тэгээд ч энэ бүхэн өнөөг хүртэл чухал хэвээр л байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ