Гамшгийн сургуулилтад иргэд ийм үүрэгтэй оролцоно

2019-04-24

С.САРУУЛ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран анх удаа томоохон гамшгаас хамгаалах дадлага сургуулилтыг зохион байгуулах гэж байна. Нэг ёсондоо хэлж биш хийсч ирдэг гамшгийн өмнө Монголчууд хэр бэлтгэл бэлэн байдал, мэдлэг мэдээлэлтэй байгааг шалгах гэж байгаа юм. Энэ том сорилыг явуулахын тулд удаан хугацаанд бэлтгэж, басхүү ажлыг цагийг зохицуулах зэргээр өндөр хэмжээний зохион байгуулалтыг хийж өгсөн. Тэгвэл өнөөдөр /2019.04.24/ эхэлж гурван өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж ямар үүрэг хариуцлага хүлээж, ямар эрх эдэлж оролцох талаарх мэдээллийг хүргэж байна. Өөрөөр хэлбэл, ажил эхлэх цагийг 10:00 цаг болгож хойшлууллаа гээд гэртээ “хэвтэх” биш өөрийгөө болон өрөөлийг болзошгүй гамшгаас хамгаалах дадлагад суралцах ёстой юм шүү гэдгийг тодотгоё.

 

Алба хаагчид “Яаралтай цуглар” дохиогоор төв талбайд бэлэн байна

 

Өнөөдөр буюу эхний өдөр нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчид “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулах юм.

“Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүний танхимын команд штабын дадлага, сургуулиар үргэлжилнэ.

 

Пүрэв гаригт иргэд өөрт ойр аюулгүйн талбайд очино

 

Харин энэ сарын 25-ны өглөө 07:00-09:30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм. Дадлага сургуулийн үеэр иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч, газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэх юм. Энэ хугацаанд Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хаах ба 10:00 цагт ажил эхэлнэ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ