Монгол ахуйг таниулах танхимтай боллоо

2019-04-24

Х.ОЮУНБОЛД

Хүүхдийн төв номын санд монгол ахуй, ёс заншлыг харуулсан “Монгол мэдлэгийн танхим”-ыг Олон улсын хүүхдийн  номын өдрөөр нээлээ.  Энэ үеэр хүүхэд багачуудад монгол ахуй, соёлын тухай мэдлэгийг олгож таниулах зорилгоор “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номыг бичсэн сэтгүүлч Р.Оюунжаргал “Монголчууд бид цаг хугацаа өнгөрөх тусам монгол ахуйгаасаа холдож, гадаад орныг гоё юм шиг боддог үе ирж байна гэж эмзэглэж явдаг. Тиймээс сэтгүүлч хүний хувьд өөрийн мэдэх монгол ахуйг бичиж ном болгож гаргая гэж бодоод энэ номыг 2017 онд  бичиж эхлээд өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард хэвлэж худалдаанд гаргасан. Номыг уншсан хүүхдүүд эцэг эхээсээ мэдэхгүй, ойлгохгүй зүйлээ энэ юу юм бэ гэж асуусан тохиолдол гарсан. Олон хүн надад их сайхан ном болж гэж бичсэн. Тодруулбал, хүүхдүүд хазаар, ногт, чөдөр гэж мэдэхгүй байсан учраас номондоо бичсэн бүхнийг бодитоор нь авчирч үзүүлье, таниулъя гэж  бодсон” хэмээн ярьсан юм. Түүний санаачилгаар нээсэн монгол ахуйн танхимд 1970-аад онд хэрэглэж байсан модон авдар, цагаан төмөр ор, хос бугын зурагтай аравч, хос нүдний дуран, хазаар, ногт тавьжээ.

Хазаар, ногт, чөдөр.

Үхрийн ширэн цайны уут.

Тэрээр энэ танхимдаа “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номын гол дүр болох эмээгийнхээ 20-оод настайдаа хэрэглэж байсан үхрийн ширэн цайны уут, алхных нь хамт тавьснаа сонирхуулан ярьсан юм. Монгол ахуйг сурталчилж таниулах зорилгоор нээсэн танхимын хойморт сэтгүүлч өөрийн хувийн гэрэл зургийн цуглуулгаас жаазалж тавьсан гэрэл зураг болон зураач н. Хонгорзулын зурсан хуучин модон байшингийн үүдэнд хоёр хүүхэд сууж байгаагаар зурсан зураг анхаарал татаж байлаа. Уран зургийг Р. Оюунжаргал түүний хүүхэд байхдаа амьдарч байсан байшин гэв. Шинээр нээгдсэн танхимыг сонирхохоор ирсэн  131 сургуулийн номын санч М. Эрдэнэцэцэг “Номын санд монгол ахуйг харуулсан ийм танхим байгаа нь их таалагдаж байна. Гэхдээ тухайн үеийн ном хэвлэл байвал зүгээр юм болов уу.  Хөдөө манай эмээгийнд ч байдаггүй зүйлс их байна. Өнөөдөр залуучууд монгол ахуйгаасаа холдсон учраас энэ зүйлсийг таниулж сурталчилах ажлыг хийвэл зүгээр гэж бодож байна” гэлээ. Харин сэтгүүлч Р. Оюунжаргал цаашид танхимаа өргөжүүлэн баяжуулна. Мөн хамтарч ажиллах хүн байвал эд зүйлсээ авчираад тавьж болно гэв. Тэрээр “Монгол мэдлэгийн танхим”-даа долоо хоногийн бямба гаригт ирж ажиллана гэж ярьсан юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.24 85 (6052)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ