Амжилтын түүх: Дайчин бүсгүйн дүрийг амилуулагч Эмилия Кларк

2019-04-23

Х.ОЮУНБОЛД

 

Намтар, уран бүтээл

“Хаан ширээний тоглоом” хэмээх цуврал кинонд тоглосон Эмилия Изабель Ефбимия Роуз Кларк нь Лондонд 1986 оны аравдугаар сарын 23-нд төрсөн байна. Тэрээр хүүхэд насаа Бэркшир хотод эцэг эх, том ахын хамт амьдарч, өсчээ. Аав нь театрын аудио  инженер байсан аж. Эмилия Кларк тухайн үед аав нь ажиллаж байсан театрт “Show Boat” хэмээх хөгжимт бүтээлийг үзсэнийхээ дараа гурван настайгаасаа жүжигчин болохыг сонирхож эхэлсэн гэдэг. Тэрээр Оксфордод байдаг католик шашны “Rye St Antony”, “St Edward” хэмээх сургуульд суралцжээ. Дараа нь 2009 онд суралцаж төгссөн Лондон хотын хөгжим, драмын урлагийн сургуульд элссэн байна. Харин төгссөнийхөө дараа “”ВВС доктор болон АНУ-ын “Triassic attack” хэмээх телевизийн кинонд тогложээ. Мөн 2011 оноос “Мөс, галын дуу” гэдэг Жорж Мартины бичсэн зохиолоос “Хаан ширээний тоглоом” хэмээх кинонд Дейенерис Таргариенийн дүрийг бүтээсэн байна.

Энэ кинонд тоглосноор Эмилия Кларк гурван “Эмми” наадмын драмын олон ангит киноны шилдэг туслах дүрийн ангилалд өрсөлдсөн байдаг. Дараа жил нь“Spike island” кинонд Салли Харрис, Shakle кинонд Малугийн дүрийг бүтээжээ. Гэхдээ тэрээр дан ганц кинонд тоглоод байсангүй. 2013 онд Бродвей театрт тавьсан зохиолч Труман Капотегийн бичсэн “Тиффанид барьсан өглөөний цай” хэмээх театрын сонгодог бүтээлд  Холли Голайтлийгийн дүрд тоглосон байна.

Мөн “Футурума” хүүхэлдэйн киноны Марианнид дуу оруулж байжээ. Дэлгэцийн кинонд “Дом Хемингуэй” гэдэг кинонд Жүүд Лоу, Мексикийн жүжигчин Демиан Бичир нартай тоглосон юм. Энэ киног нь “Fox Searchlight Pictures” компани 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд анх дэлгэцнээ гаргаж байсан аж. 2015 онд “Терминатор Генисис” кинонд Арнольд Шварценеггертэй хамтран тоглож Сара Коннорийн дүрийг бүтээсэн байна. Түүнээс гадна  2016 онд “Чамтай учрахаас өмнө” кинонд асрагч Луйза Кларкийн дүрийг амилуулсан бол 2018 онд “Оддын дайны түүх: Хан Соло” кинонд тогложээ. Харин түүнд “Грейгийн тавин сүүдэр” кинонд  Анастисия Стилийн дүрд тоглох санал тавьсан ч татгалзсан байна. Учир нь киноны ихэнх хэсэгт нүцгэн тоглох байсан ажээ.

Хувийн амьдрал

Эмилия Кларк 2012 онд инээдмийн жүжигчин, кино зохиолч Сет Макфарлайнтай уулздаг болсон ч зургаан сарын дараа салсан байна. Гэвч найзууд хэвээр үлджээ. Харин өнгөрсөн жилийн аравдугаар сараас АНУ-ын продюссер Чарли  Макдуэллтэй харилцаатай болсноо мэдэгдсэн байна. Түүнийг 2014 “Ask Men” цахим хуудсын уншигчдын дунд явуулсан санал хураалтаар дэлхийн хамгийн хүсэмжит эмэгтэйгээр нэрлэжээ. Мөн АНУ-ын “Esquire” сэтгүүлээс 2015 онд хамгийн секси эмэгтэйгээр гэж нэрлэсэн байна. Түүнээс гадна 2017 онд олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр Эмилия Кларк “Huff Post Uk” цахим хуудаст орчин үеийн феминизм болон хүйсийн эрх тэгш байдлын талаар бичсэн нийтлэлийг нь хүмүүс сайн хүлээж авчээ. Мөн “Роллинг стоун” хэмээх дуу хөгжим, урлагийн сэтгүүлийн 2017 оны зургадугаар сарын 13-ны дугаарын нүүрэнд зураг нь тавигдаж байсан аж. Эмилия Кларк саяхан шинэ улирал нь гарсан “Хаан ширээний тоглоом” цувралын нэг ангид 500 мянган ам.доллараар тоглосон байна. Түүний орлого нь одоо 13 сая ам.доллар гэнэ. Сонирхуулахад “Time” сэтгүүл жил бүр шалгаруулдаг нөлөө бүхий 100 хүний жагсаалтад Эмилия Кларкийн нэр багтсан байна.

Жүжигчин Эмилия Кларикийн “Хаан ширээний тоглоом” кинонд тоглосон талаар  “Vos.lavoz.com.ar” цахим хуудаст өгсөн  ярилцлага.

Хаан ширээний тоглоомыг бүтээхэд оролцсон бүх хүнд  үргэлж талархаж явна.

Тэрээр “Хаан ширээний тоглоом” кинонд тоглож байх үеэр тохиолдсон явдлын талаар ярьсныг “Vos.lavoz.com.ar” цахим хуудаст бичжээ. Эмилия Кларк энэ цуврал эхлэхэд би 22 настай байсан. Гэхдээ би одоо 22 настай биш. Харин Дейенерис Таргариенийн дүрд тоглосон нь намайг жүжигчний хувьд өсөхөд тусалсан. Зураг авалтын үеэр тохиолдсон бүхэн надад их хүч өгч, дахин тоглоход хүргэж байсан. Дейенерис Таргариенийн дүр бол миний өсвөр насны хэцүү бэрх үеийг харуулдаг юм. Түүний амьдралын чухал мөч хэсэг бүрт миний амьдралын хамгийн чухал мөч байдаг гэжээ. Эмилия Кларк кино авалтын эхний өдөр би мориноосоо уначихсан. Би анх удаа морь унаж үзсэн. Тэд намайг дахин мордуулсан.

Хойд Ирландын Бельфаст хотын тэнд хулстай талбайд авч байсан. Бороо орж байлаа. Би мориноосоо унасан ч кинонд тоглохоо болиогүй. Гэхдээ байдаг чадлаараа морины жолоо цулбуураас зуураад, бичлэгээ зогсоо гэж хашгирч байснаа санадаг юм. Тэгээд өөртөө бүх юм сайхан болно гэж хэлээд буцаж очсон. Бурхан минь. Кино багийнхан бүгд тэнд байсан, би уйлж эхэлсэн. Энэ кинонд тоглосон миний эхний өдөр ийм байсан. Дараа нь ээжтэйгээ бүх юм сайн байна гэж ярьсан даа гэж бичжээ. Гэхдээ улирлаас улиралд, шинэ хэсэг гарах бүрт би сайжирсаар байсан. Тухайлбал, “Хаан ширээний тоглоом”-ын III улиралд боолчуудыг цэрэг болгохоор худалдаж авдаг хэсэг дээр анх удаа өөрийнхөөрөө тоглосон. Би их догь байсан шүү. Луун дээр мордоод цугласан хүмүүст үг хэлээд л. Галзуу солиотой хэлээр яриад л. Бүгд сорилт байсан. Гэхдээ бүгдийг цээжилж, хэлэх ёстой байлаа.

Хөтөлбөрөө дуусгана гэдэг миний хэсэг дуусна гэсэн үг. Би өөрөөсөө Петр, Наталья болон бусадтайгаа үлдэж чадах нь уу гэж асуудаг байсан. Надад Лайн Глейнтэй тоглох сайхан санагддаг байсан шүү. Учир нь киноны зураг авалтын турш миний найз байсан. Тэр л ганцаараа миний ганц найз байсан шүү. Лайн бол гайхамшигтай жүжигчин, гайхамшигтай зөвлөх байсан. Надад хүн ёсоор тусалсан. Киноны зураг авалт бол нэгнийгээ шоолж, тусалж, дэмжиж болох жинхэнэ найдвартай газар байсан. Бид жинхэнэ гэр бүл шиг байцгаасан. Бүгд ажиллаад л. Надад дахин энэ бүхэн бий болохгүй. “Хаан ширээний тоглоом” кино намайг чөлөөлж, нээж өгсөн. Бас эмэгтэй хүн гэдэг утгаар нь. Надад энэ хүчирхэг эмэгтэйн дүрд тоглох боломж гарсан. Энэ дүрийг бүтээснээр хаана очихоо сайн бодож амжаагүй байхад энэ дүрд тоглох хүчийг олох хэрэгтэй болсон. Надад ч энэ дүрийг бүтээх чадал байгааг ухаарсан. Энэ бол ямар нэг их чухал зүйл. Энэ залуучууд намайг их халамжилж байсан шүү. Би одоо юу хийхээ мэдэхгүй байна. Энэ кинонд тоглосноороо би их азтай. “Хаан ширээний тоглоом”-ыг бүтээхэд оролцсон бүх хүнд  үргэлж талархаж явна. Учир нь тэд надад ямар нэгэн онцгой зүйл өгсөн гэж ярьжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ