МАХН 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцоно

2019-04-21

Д.АРИУН

МАХН-ын Бага чуулганы дөрөвдүгээр хуралдаан энэ сарын 20-нд болж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд тус нам оролцох эсэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. МАХН-ын Гүйцэтгэх товчооноос нөхөн сонгуульд намаа оролцуулах нь зүйтэй гэдэг саналыг Бага чуулганаараа хэлэлцүүлсэн. МАХН-ын Бага чуулганы гишүүд Гүйцэтгэх товчооноос  оруулсан энэ саналыг дэмжин баталгаажууллаа.

Мөн энэ өдөр МАХН-ын мянгатын шинэ дарга нарыг  Бага чуулганы гишүүнээр батламжиллаа. МАХН-ын дүрэмд Мянгатын дарга нь Бага чуулганы гишүүн байна гэж заасан байдаг. Энэ дагуу Хөвсгөл аймгийн 37, 39, Сүхбаатар дүүргийн 60, Баянзүрх дүүргийн 50, 53 дугаар мянгатын даргаар шинээр сонгогдсон Х.Бээжин, Э.Магнайбаяр, Л.Мөнхсайхан, Т.Батзориг, Г.Золзаяа нар Бага чуулганы гишүүн болсон байна. Түүнчлэн Дархан-Уул аймгийн түмтийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Атарцэцэг, Нийслэлийн түмтийн зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Баттүшиг, Хан-Уул дүүргийн МАХН-ын гишүүн Д.Цэнгэл, О.Цэндсүрэн нарыг Бага чуулганы гишүүнээр сонгож батламжиллаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ, “МАХН Шинэ Дээд Үндсэн хуулийн төслөө ард түмнээр хэлэлцүүлэн улс орон даяар өргөн хүрээтэй ажиллаж байгаа. Энэ ажлаа улам эрчимжүүлж, идэвхтэй ажиллах шаардлагатай байгаа. Үүнд мянгатын дарга нар чухал үүрэгтэй” гэж онцоллоо.

Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан УИХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваариар бол, улс төрийн нам, эвсэл нь 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор сонгуульд оролцох хүсэлтээ гаргасан байх ёстой билээ.

Эх сурвалж: www.zms.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ