Хятадуудаар хүнсний хэрэгцээ хангуулахыг эсэргүүцэж байна

2019-04-19

Б.НАМУУНТАМИР

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурал /НИТХ/-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун , хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэхийг зогсоохыг шаардсан бичиг хүргүүллээ. Тэрээр 50 га газарт агро парк байгуулж Хятадын “Тяньжин фүүдс”  төрийн өмчийн компаниар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх төсөл эхлүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэн Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэхийг зогсоохыг шаардсан байна.
НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун “Монгол Улсын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын төрийн өмчит “Тяньжинь фүүдс” компанид олгох асуудлыг өнгөрсөн сарын 27-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн ч дэмжээгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх О.Бат-Найрамдалаар ахлуулсан ажлын хэсгээс НИТХ-д чиглэл өгсний дагуу Хотын дарга С.Амарсайхан өөрийн нэр дээр тус асуудлыг оруулж хэлэлцүүлсэн ч дэмжлэг аваагүй юм. 50 га газар нь өнөөгийн Монгол Улсын нийт хүлэмжийн 90 орчим хувьтай тэнцэх том хэмжээтэй газар юм. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, хүлэмжийн аж ахуй эрхлэгч хувийн хэвшлийнхэн дампуурах, хөрсийг химийн хорт бодис бордоогоор хордуулах аюул нүүрлэнэ. Иймд Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд нухацтай авч үзэж монголчуудынхаа эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг гаргахыг шаардаж байна. Хэрэв эх орондоо ээлтэй шийдвэр гаргахгүй бол орон даяар тэмцэл өрнүүлнэ” гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ