Прокуроруудад “пялдагадсаар” байгаад л дэмжлээ

2019-04-18

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  прокурорын орлогчид М.Чинбат,  С.Алиманцэцэг нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ.  Энэ үеэр гишүүд саналаа хэлэв.   Томилогдох нь угаас тодорхой байсан учраас олонх нь магтаж, сайн ажиллахыг л хүслээ. Өөрөөр хэлбэл прокуроруудад “пялдагадсаар” байгаад л томилсон гэхэд болно.

УИХ-ын гишүүн О.Батнасан: -Нэр дэвшигчдийн дэмжиж байна. Дэмжиж байгаагийн гол шалтгаан нь системийн хүмүүс орж ирснийх. Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь  болсон, анхаарна биз. Бид эрх зүйт төрд ажиллаж байгаа. Шүүхийн засаглалд итгэнэ. Үүнийг бий болгох гол хүмүүс нь прокурорууд.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Бид та бүхний ажилд дэм болж ажиллах ёстой. Улстөрөөс ангид ажиллах ёстой. Улстөрчдөөс ангид байж чадаагүйн улмаас хууль шүүхийн байгууллагын нэр хүнд унасан. Цаашид улстөрчидтэй та бүхний нэр холбогдоод эхлэх л юм бол унасан нэр хүндээ сэргээх боломжгүй шүү.Олны анхааралд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгч баймаар байна, хуулийнх нь хүрээнд хэргийн явцыг мэдээлдэг  байх ёстой.  Шударга ёс зүйтэй, хараат бус байдлаа хадгалж ажиллахыг хүсье.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Дэмжиж байна. Прокурорын орлогчид анх удаа цагдаагийн бус хүн томилогдох гэж байна. Эрүүгийн хэргийг үүсгэх үндэслэлүүдээ сайн хараарай. Захиалгат мэдээллээр гүтгэлгийн шинжтэй мэдээллээр, иргэний гомдлоор хэрэг үүсгэчихдэг шүү.Энэ байдлыг өөрчлөөрэй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Надад асуух зүйл алга. Амжилт хүсье. Би бүлгийн хурал дээр та хоёрын талаар шүүмжлэлтэй үг хэлсэн, бодвол та хоёрын чихэнд хүрээ байлгүй дээ. Цаашдаа харгалзан ажиллах байх гэж найдаж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Маш хариуцлагатай албан тушаалд залуу хүмүүс очиж байгаагийн хувьд зарчимч, хуульдаа захирагдаж ажиллах байх гэж харж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ