Перугийн экс Ерөнхийлөгч амиа егүүтгэжээ

2019-04-18


Алан Гарсия © REUTERS/Janine Costa

Д.АРИУН

Перу улсын Ерөнхийлөгчөөр 1985-1990, 2006-2011 онд ажиллаж байсан Алан Гарсия амиа хорлох оролдлого хийсний улмаас Лима хотын эмнэлэгт нас баржээ. Түүнийг авлига хээл хахуулын хэрэгт холбогдуулан 10 хоног баривчлан хорих шүүхийн шийдвэр гарсан байсан бөгөөд Прокурорын газраас гэрт нь очиж шийдвэрийг танилцуулах үеэр тэрээр амиа хорлосон байна. Энэ талаар лхагва гариг тус улсын TeleSUR суваг мэдээлсэн байна.
Перу улсын Дотоод хэргийн сайд Карлос Моран хэлэхдээ, шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа хууль сахиулах байгууллагын ажилтнууд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан гэсэн байна.
Шүүхийн шийдвэр зөвхөн экс Ерөнхийлөгчид ч биш, мөн Аж үйлдвэрийн сайд асан Луис Нава, Перугийн улсын өмчит нефтийн компани болох Petroperu-гийн дэд ерөнхийлөгч Мигель Атала нарт хамаатай байсан аж. Тэднийг Гарсиягийн нэгэн адил Бразилийн барилгын Odebrecht компанитай холбоотой авлигын хэрэгт буруутгаж байгаа юм.
Өнгөрөн оны арваннэгдүгээр сард шүүхээс Алан Гарсиягийн гадаадад зорчих эрхийг 18 сарын хугацаатайгаар хориглосон шийдвэр гарсан. Мөрдөн байцаагчид үзэхдээ, улстөрч нь Odebrecht компаниас 100 мянган долларын авлига авсан гэж байгаа бол Алан Гарсия үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байжээ.
2018 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэл тэрээр Уругвай улсын Элчин сайдын яаманд орогнож байсан аж.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ